Английн Лондон хотноо эхлээд буй "Уимблдон"-ы эхний тойрогт Австралийн Саманта Стосур ялагдал хүлээж тэмцээнийг орхилоо.
25 сая еврогийн шагналын сантай "Уимблдон"-ы ганцаарчилсан төрлийн эхний тойргийн тоглолтууд өчигдрөөс эхэлсэн.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд шилдэг теннисчдээс Австралийн Саманта Стосур ялагдал хүлээлээ.
Тэмцээнд 17-д эрэмбэлэгдсэн Саманта Стосур Белгийн Янина Викмайерт 3:6, 4:6-ийн харьцаагаар хоёр үеийн турш хожигдсоноор тэмцээнийг орхиод байна. 2011 оны "Америкийн нээлттэй тэмцээн"-ий аварга Саманта Стосурыг буулган авсан Белгийн Викмайерийн хувьд дэлхийн чансаанд 69-д бичигдэж буй. Тэрээр гуравдугаар тойрог буюу шөвгийн 32-т шалгарах эрхийн төлөө Хорватын 17 настай залуу теннисчин Ана Конжухтэй оноолт таарчээ.
Ч.БОЛ