“Уран, шар нунтгийн талаар монгол эрдэмтэд” сэдэвт семинарын үеэр эрдэмтэд судлаачид ийнхүү санал бодлоо хуваалцсан юм. Газрын доороо асар их баялагтай атлаа монголчууд түүнийгээ ашиглахаас айдаг, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад таагүй ханддаг иргэдийнхээ тархийг угаахгүйгээр эдийн засгийн хөгжлийг урагшуулах боломжгүй гэдгийг ч эрдэмтэд хэлж байна. Цөмийн энергийн газар, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, ШУА-ийн Физик Технологийн хүрээлэн хамтран “Уран, шар нунтгийн талаар монгол эрдэмтэд” сэдэвт семинарыг өнөөдөр зохион байгуулсан бөгөөд энэ үеэр ураны талаарх олон санал шүүмжлэл гарсан юм.
Семинарын үеэр дэлхийн эрчим хүчний чиг хандлага хааш нь чиглэгдэж буй, мөн Монголын ураны нөөц, олборлолтын байдал, шар нутагийн боловсруулалт, эдийн засгийн тооцоо судалгааны талаар эрдэмтэлд илтгэл тавьсан. Дэлхийн олон орон хүрэн эдийн засгаас татгалзаж ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч байгаа. Ялангуяа нүүрснээс эрчим хүч гаргаж авах нь эдийн засагт болоод байгаль дэлхийд ашиггүй гэдгийг ч дэлхий нийт хүлээн зөвшөөрөх болсон. Хэдийгээр уран бол хортой гэсэн ухуулга Монголд хүчтэй өрнөдөг ч дэлхий атомаас эрчим хүч гаргаж авахыг чухалчилж буйг өндөр хөгжилтэй орнууд АЦС-ынхаа тоог нэмэгдүүлэх болсноос харж болох гэнэ.
Ураны олборлолт нь эдийн засгийн ач холбогдолтой төдийгүй Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд таниулах, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх, орон нутагт дэд бүтцийг хөгжүүлэх гээд олон талын ач холбогдолтой гэдгийг Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр онцлов.
Тоон мэдээг сөхвөл, өнөөдөр ураны хайгуулын 58 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа бөгөөд 2010 онд гэхэд тусгай зөвшөөрлийн тоо 143 байсан гэвэл бараг гурав дахин буурсан үзүүлэлт юм. Дөрвөн жилийн өмнө улсын төсөвт ураны салбараас 3.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж байсан бол өнгөрсөн жилд 1.1 тэрбум болтлоо буурчээ.
Хайгуулын тусгай зөвшөөрөл буурч, гадаад, дотоодын компаниуд энэ салбарт ажиллах сонирхолгүй байгаа нь манай эх орончдоос болсон нь ойлгомжтой. Уран бол хортой гэж ямар ч ойлголтгүй бусдын үгээр улс төр хийх явдал эдийн засагт сөргөөр нөлөөлж буйг эрдэмтэд судлаачид ярьж байна. Тиймээс төрөөс ураны талаар иргэдэд зөв ойлголт өгөх тал дээр анхаарах, олон нийтэд энэ талын зөв мэдээлэл, мэдлэг олгохгүй бол Монголд хөгжихгүй гэдгийг ч сануулж буй.
Геологич Г.Жамсрандоржийн ярьснаар Монголд ураны олборлолт эхлээгүй, зөвхөн хайгуулын төвшинд судалгааны ажил хийгдэж байгаа аж. Өнөөдөр ураныг дэлхийн улс орнууд хүн, байгальд хоргүй аргаар, газрын дор уусган баяжуулах маягаар олборлож байгаа гэнэ. Энэ нь хор хөнөөл багатайгаас гадна эдийн засагт ч хэмнэлтэй аж. Дэлхийн ураны нийт олборлолтын 45 хувийг ийм аргыг ашиглаж байгаа аж.
Эрдэмтдийн судалгаанаас харахад дэлхийн цөмийн энергийн хэрэгцээ 2030 он хүртэл тасралтгүй өсөх хандлагатай байгаа юм байна. Ураны олборлолтоороо Казакстан, Канад, Австрали, Нигер, ОХУ, АНУ зэрэг улсууд дэлхийд тэргүүлдэг байна. Харин Монгол улс батлагдсан ураны нөөцөөрөө дэлхийд 13 дугаарт жагсдаг бөгөөд ураны ордын хайгуул судалгааг эрчимжүүлж ураны нөөцөө баталгаажуулвал манай улс ураны нөөцөөрөө дэлхийд тавдугаарт жагсах хэмжээний нөөцтэй аж.
Цөмийн энергийн газрын дэд дарга Ц.Дамдинсүрэн “ Улс орны хөгжил эрчим хүчний салбарын үйлдвэрлэлээс хамаардаг. Хямдхан эрчим хүч үйлдвэрлэх нь эдийн засагт ашигтай бөгөөд дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчийг ашиглах нь нэмэгдэж байна. Тиймээс Монгол ч гэсэн газрын доорх баялгаа ашиглах ёстой. Гэтэл Монголд энэ талын мэдээ, мэдээлэл, ойлголт дутмаг байна. Олон нийтэд зөв ойлголт өгөхөд, хүн байгаүльд ураны олборлолт хэрхэн нөлөөлдгийг судлахад төр анхаарах хэрэгтэй болжээ” гэсэн юм.
Ийнхүү “номыг нь уншиж, ногоотой шөлийг нь уусан” эрдэмтэн, судлаач, мэргэжлийн хүмүүс, цөмийн физикчид уран бол хоргүй гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч, Монгол атомаа ашиглах ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн. Тэд атомаас айх хэрэггүй гэдгийг хэлж байна.
Н.ХҮСЛЭН