Бэлэн бус төлбөрийн систем улам боловсронгуй болгоно

Хуучирсан мэдээ: 2014.06.24-нд нийтлэгдсэн

Бэлэн бус төлбөрийн систем улам боловсронгуй болгоно

Бэлэн бус төлбөрийн систем улам боловсронгуй, олон улсын түвшинд хүрэх боломж бүрдэнэ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2014.06.24/ үдээс хойш хуралдаж Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Төлбөрийн системийг шинэчлэх” төслийн зээлийн гэрээний төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр хийсэн юм.

Монгол Улсад бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх, одоогийн дэд бүтцийг өргөтгөн бодит цагийн горимд мөнгөн урсгалыг хянах замаар мөнгөний бодлогын хэрэгжилт, хяналтыг сайжруулах зорилго бүхий “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаан, Улсын Их Хурлын холбогдох байнгын хороодоор хэлэлцэн дэмжээд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгосон байна.

Төслийн зээлийн хэлэлцээрт 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Азийн хөгжлийн банкыг төлөөлж тус банкны монгол дахь төлөөлөгчийн газрын дарга нар тус тус гарын үсэг зуржээ.

Тус төсөл хэрэгжсэнээр бэлэн мөнгөний хэрэглээ багасч, бэлэн бус төлбөрийн шинэ хэрэгслүүдийг хөгжүүлж, одоогийн ашиглаж буй төлбөрийн систем улам боловсронгуй, найдвартай болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд хүрэх боломж бүрдэх юм.

Төслийг хэрэгжүүлснээр цаасан төлбөрийн хэрэгслийг халж, цахим төлбөрийн хэрэгсэл рүү шилжин өндөр нууцлалтай, уян хатан цахим төлбөрийн системтэй болж, иргэд хаана байгаасаа үл хамааран банкны үйлчилгээг авч болох юм байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ж.Энхбаяр, Сү.Батболд нар асуулт асууж, хариулт авлаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл зээлийн хэлэлцээрийг дэмжиж, олон улсын хөнгөлттэй зээл авах зэрэглэлийг ашиглах хэрэгтэй гэсэн саналыг илэрхийллээ.

Ингээд хуралдаанд оролцсон гишүүд зээлийн гэрээний төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж соёрхон батлахыг дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж