Тагнуулд шалгуулахаар өргөдлөө өгчээ

Хуучирсан мэдээ: 2014.06.24-нд нийтлэгдсэн

Тагнуулд шалгуулахаар өргөдлөө өгчээ

Эдийн засгийн хөгжлийн яамнаас чагнах тагнах төхөөрөмж илэрсэн талаар өмнө мэдээлж байсан. Тэгвэл уг чагнах төхөөрөмж байрлаж байсан өрөөний эзэн Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар энэ талаар хэвлэлийнхэнд дөнгөж сая мэдээлэл өглөө.

Тэрээр “Өнгөрөгч тав дахь өдөр буюу зургадугаар сарын 20-нд ажилдаа ирэхэд өрөөний маань таазнаас шохой, шороо уначихсан байдалтай байсан юм. Өмнө нь ч иймэрхүү зүйлс ажиглагдаж байхад нь анзааралгүй, үйлчлэгчээ дуудаад л цэвэрлүүлчихдэг байсан.  Харин сүүлд үүнийг ямар учиртай юм бол гэж бодоод сайддаа хэлсэн.  Н.Батбаяр сайд “Наад асуудал чинь ноцтой хэрэг. Холбогдох газраар нь шалгуул” гэж зөвлөсөн. Ингээд Тагнуулын газар руу холбоо барьж, тэд ирээд үзлэг хийсэн. Үзлэгээр чагнах төхөөрөмж болон дүрс бичдэг камер хоёр илэрсэн. Үүнийг нь би ямар учиртай төхөөрөмж гэдгийг мэдэхгүй. Би төрд насаараа ажилласаар ирсэн. Энэ хугацаанд миний хувьд ямар нэгэн асуудалд холбогдож, хэрэг үүсч байсан түүх ганц ч байхгүй. Төрийн албан хаагчийг хэн ямар зөвшөөрлөөр чагнасан юм эсвэл хувь хүн чагнасан юм уу мэдэхгүй нь. Ямартаа ч би гомдолтой байгаа учраас тагнуулын байгууллагад шалгуулах өргөдлөө өгчихсөн” гэлээ. 

Мөн түүний хэлснээр мэдээллийн дагуу ирж шалгасан Тагнуулын газрын мэргэжилтнүүд зөвхөн түүний өрөөнөөс чагнах төхөөрөмжийг илрүүлсэн бөгөөд бусад өрөөнүүдэд үзлэг хийгээгүй байгаа гэнэ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж