УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж, Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
Хуулийн төсөлд тусгаснаар үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглахад зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулах юм байна.
Мөн зөвшөөрлийг хянах, олгох үйл ажиллагааны арга, дэглэмийг тогтоох зорилгоор “Онцгой”, “Тусгай”, “Энгийн” гэсэн 3 бүлэгт ангилж зөвшөөрлийг олгоно. Тухайлбал, Онцгой зөвшөөрлийг өргөдөл, нөхцөл байдлыг магадлан шалгах ажиллагааг явуулж, ажлын хэсэг, зөвлөлөөр хэлэлцсэний үндсэн дээр Засгийн газар, Засгийн газрын гишүүн олгоно. Тусгай зөвшөөрлийг ердийн журмаар буюу өргөдлийг түүнд хавсаргасан баримт бичгийг хянаж үзэх ажиллагааг явуулсны үндсэн дээр төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эсхүл эдгээрээс эрх шилжүүлэн авсан этгээд, энгийн зөвшөөрлийг хялбаршуулсан журмаар буюу тодорхой болзол хангасан тохиолдолд төрийн захиргааны байгууллага, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга эсхүл эдгээрээс эрх шилжүүлэн авсан этгээд олгохоор заажээ.
Хуулийн төслийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг танилцуулсан юм. Гэвч төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй, хуулийн төслийг дэмжлээ.
Онцлоход, төслийг хэлэлцэх үед ердөө зургаан гишүүн байлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Зоригт, Г.Батхүү, Х.Болорчулуун, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ, Засгийн газрын гишүүн Ч.Сайханбилэг нар хуралдаанд оролцсон юм. Харин төслийг дэмжих эсэх асуудлаар санал хураах үед УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл орж ирэв. Хуульд зааснаар байнгын хороо дор хаяж 11 гишүүнтэйгээр хуулийн төслийг хэлэлцэх ёстой бөгөөд энэ тохиолдолд ирц 50 хувьд хүрэх ёстой. Гэвч зургуулаа сууж хуулийн төсөл хэлэлцэн “халтуурдсан” нь энэ.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Уг төслийг “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
Танилцуулгад дурдсанаар Монгол Улсын үүрэн телефон холбооны нийт хэрэглэгчдийн тоо 2013 оны жилийн эцсийн байдлаар 4.2 саяд хүрч, нийт үүрэн холбооны нэвтрэлтийн түвшин 144.9 хувьд хүрсэн нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 51.8 нэгжээр өндөр юм байна.
Тиймээс хуулийн төсөлд дугаартайгаа шилжих үйлчилгээг зохицуулах эрх зүйн зохицуулалтыг тусгаж өгчээ. Дугаартайгаа шилжих үйлчилгээ гэдэг нь хэрэглэгч үйлчилгээ авч байгаа оператор компаниа өөрчлөх тохиолдолд одоогийн ашиглаж буй дугаараа солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгодог үйлчилгээ аж.
Өөрөөр хэлбэл хэрэглэгч нэг оператор компанийн бүртгэлээс гарч өөр оператор компанийг сонгон (өөр оператор компанид шинээр бүртгүүлэн) шинээр хэрэглэгч болох үедээ шилжин очиж буй үйлчилгээ эрхлэгчээс дугаар авалгүйгээр одоо ашиглаж буй хуучин дугаараа шилжүүлэн хэрэглэх боломжтой болно.
Дэлхийн улс орнууд эл үйлчилгээг 1990-ээд оны дунд үеэс үүрэн болон суурин холбооны зах зээлд нэвтрүүлэн хэрэглэж эхэлсэн бөгөөд 2013 оны байдлаар 78 улс тус үйлчилгээг нэвтрүүлжээ. Энэ нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөөнийг зөв хэлбэрт оруулахад томоохон түлхэц өгдөг байна. Нөгөө талдаа үүрэн холбооны оператор компаниуд нь хэрэглэгчээ дугаараар нь барьж тогтоох, дугаарын үнэ цэнийг хий хөөрөгдөх, үнэ тарифын хямдралаар өрсөлдөх бус үйлчилгээний чанар, сүлжээний хамрах хүрээ,түүний найдвартай байдал, контентийн тоо, төрлийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн хүсэл, таашаалд нийцсэн үйлчилгээг үзүүлэх, шинээр гарч ирж буй техник технологийн дэвшлийг цаг алдалгүй нэвтрүүлэх замаар шударга, үр ашигтай өрсөлдөх нөхцөл бүрддэг аж.
Олон улсад дугаартайгаа шилжих үйлчилгээг нийт хэрэглэгчдийн 5 хувиас дээш хэсэг нь хэрэглэсэн тохиолдолд үр ашигтай гэж үздэг юм байна. Монгол Улсад дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилгоор түүврийн аргаар хэрэглэгчдээс санал асуулга авч, судалгаа хийж үзэхэд нийт хэрэглэгчдийн 33.5 хувь, түүний дотроос давамгайлагч операторын хэрэглэгчдийн 44 хувь нь дугаартайгаа шилжих үйлчилгээг ашиглан оператороо солих шийдвэр гаргахад одоогоор бэлэн байгаагаа мэдэгджээ. Тиймээс эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор зорьсон нь энэ бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд төслийг оруулахаар болж шийдвэрлэсэн юм.
Г.ДАРЬ