БНХАУ-ын Ли На, 2011 оны аварга Чехийн Петра Квитова.
Талбайн теннисний оны гурав дахь "Их дуулга" болох "Уимблдон" өчигдөр Английн Лондон хотын All England Club-т эхэлсэн.
Тэмцээний ганцаарчилсан эхний тойргийн тоглолтууд өчигдөр эхэлсэн бөгөөд 1/64 буюу хоёрдугаар тойрогт өрсөлдөх теннисчид эхнээсээ тодроод байна.
Эмэгтэйчүүдээс тэмцээнд хоёрт эрэмбэлэгдсэн БНХАУ-ын Ли На, 2011 оны "Уимблдон"-ы аварга Чехийн Петра Квитова нарын шилдэг теннисчид эхний учраагаа буулган авч дараагийн тойрогт шалгараад байна. Мөн "Уимблдон"-д таван удаа түрүүлсэн АНУ-ын Винус Уильямс Испаний Торро Флорийг хоёр цаг 46 минут үргэлжилсэн тоглолтод 6:4, 4:6, 6:2-ийн харьцаагаар буулган авснаар хоёрдугаар тойрогт шалгарлаа. Винус 1/32-т шалгарах эрхийн төлөө Японы Куруми Наратай тоглох юм. Тэрээр Нараг буулгах аваас гуравдугаар тойрогт Чехийн Петра Квитоватай учраа таарах юм.
"Уимблдон"-ы цомыг 2000, 2001, 2005, 2007 болон 2008 онуудад өргөсөн АНУ-ын нэрт теннисчин Винус Уилямс сүүлийн гурван жил төдийлөн өндөр амжилтыг үзүүлж чадаагүй. Винус энэ оны эхний хоёр "Их дуулга"-д хоёрдугаар тойргоос хэтрээгүй байна.
"Уимблдон"-ы таван түрүүт АНУ-ын Винус Уильямс.
Мөн энэ өдөр Беларусын Виктория Азаренка(8), Словакийн Доминика Цибулкова (10), ОХУ-ын Екатерина Макарова нарын шилдэг теннисчид учраа буулган авчээ.
Эрэгтэйчүүдээс тэмцээнийг тэргүүлэн тоглож буй Сербийн Новак Жокович, өнгөрсөн жилийн аварга Их Британы Энди Муррей(3), Чехийн Томаш Бердых(6) болон Латвийн Эрнест Гулбис(12), Испанийн Фернандо Вердаско (18) нарын шилдэг теннисчид учраагаа буулган авснаар хоёрдугаар тойрогт шалгараад байна.
Өнөөдөр нэгдүгээр тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдана.
Ч.БОЛ