ДАШТ-ийн үеэр төв банк нь инфляциас хамгаалах үүрэг хүлээв

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

ДАШТ-ийн үеэр төв банк нь инфляциас хамгаалах үүрэг хүлээв

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг хар тивд зохион байгуулахын тулд Өмнөд Африк их хөрөнгө хаясан. Үүнийхээ хариуд эдийн засгийн ашигтай үр нөлөө дагуулна хэмээн тэд найдаж буй. Үнэхээр ДАШТ эхлэхээс өмнө тус улсын эдийн засаг тааруухан үзүүлэлтэй байсан юм.

Bloomberg-ийн судалгаанд хамрагдсан 62 орноос Өмнөд Африкт ажилгүйдлийн түвшин хамгийн өндөр байгааг нотолсон. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 870 мянган хүн ажилгүй болж, эдийн засаг нь сүүлийн 17 жил дэх хамгийн муу үзүүлэлттэй гарсан юм. Харин тус улсын Засгийн газар 2014 он гэхэд ажилгүйдлийн түвшинг 14 хувиар бууруулна хэмээн амлалт аваад байгаа. Гэтэл одоо болтол олигтой сайжирсан зүйл байхгүй гэдгийг Bloomberg сайт харуулжээ. Харин энэ оны нэгдүгээр улирлаас тус улсын эдийн засгийн өсөлт 4.6 хувьтай гарсан нь хөлбөмбөгийн ДАШТ-ий бүтээн байгуулалт бо­лон уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэнтэй холбоотой аж. Зам засварын ажил, агаарын тээвэр, барилга байгууламж, цэн­гэлдэх хүрээлэнгийн ажилд зо­риулж ӨАБНУ 5.7 тэрбум ам.дол­ларын хөрөнгө зарцуулсан. Энэ нь нэг талаасаа ажилгүйдлийг буу­руулж, хөрөнгийн урсгал эргэл­тийг нэмэгдүүлэх бодлого болсон юм. Ямартай ч энэ оны нэгдүгээр улиралд Өмнөд Африкт өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй  харьцуулахад ажилгүйдлийн түв­шин 10.9 хувиар буурчээ. Энэ нь түр ажлын байр олноор бий болсонтой холбоотой юм.

Хөлбөмбөгийн ДАШТ эхэлснээс хойш гадны жуулчдын хөлд дарагдаад байгаа тус улс энэ хэмжээгээрээ эдийн засгаа тэлж байна. Хамгийн сүүлд гаргасан статистик тоо баримтаар өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад виза карт ашиглан тус улс руу төлбөр, тооцоо хийсэн хүмүүсийн мөнгөний хэмжээ 54 хувиар нэмэгдэж, 128 сая ам.долларт хүрсэн аж. Энэ сарын 1-20-ны хооронд хийгдсэн гэрээ хэлэлцээрийн нийт өртөг 900 мянгад хүрч, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 60 хувиар нэмэгджээ. Виза картны үйлчилгээг хэрэглэсэн байдлаас нь ажиглахад Өмнөд Африкт “хөрөнгө оруулсан” хүмүүсийг Англичууд тэргүүлж байгаа аж. Дараа нь АНУ, Австрали, Франц, Бразилийн иргэд орж байна. Өмнөд Африкийн Засгийн газраас гаргасан тооцоогоор энэ сарын 1-21-ны хооронд 680 мянга гаруй жуулчин иржээ.

Харин хөлбөмбөгийн фана­туудын сонирхлыг хамгийн их татаж байсан Итали, Франц, Английн шигшээ багууд дэлхийн аваргын талбайг эрт орхиж байгаа нь цаашид ирэх жуулчдын тоонд нөлөөлж магадгүй гэх болгоомжлолыг өдөөгөөд байгаа юм. Ямартай ч жуулчдын тоо нэмэгдсэнээр Өмнөд Африкийн орон нутгийн эдийн засагт 2.3 тэрбум паундын хөрөнгө оруулалт орно гэх тооцоо бий.

Тус улс зөвхөн аялал жуулч­лалаас олох ор­логын хэмжээгээ дор хаяж 1.1 тэрбум ам.доллар хүрнэ хэмээн тооцох болсон. Жуулчид их ирж буйн баталгаа болж, зочид буудлууд дүүрсээр байгаа юм. Тухайлбал Йоханессбург хотын зочид буудлын 85 хувь нь жуулчдаар дүүрчээ. Сүүлийн хоёр долоо хоногт Кэйптаун хотын зочид буудлын 40 хувь нь дүүрсэн гэх мэдээ байна. Үүнтэй зэрэгцээд жижиглэн худалдаа, шар айраг, пивоны үнэ ч хэд дахин нэмэгджээ. Тэр ч бүү хэл ойрд байгаагүй их хэмжээний шар айргийг сүүлийн хэдэн өдөрт худалдаалж дуусгаж байна хэмээн нутгийн иргэд AFP агентлагт өгсөн ярилцлагадаа дурьджээ. Энгийн иргэдийн хувьд байдал ийм байна. Харин бодлого боловсруулагчид нь юу хийж байна вэ.

Африк тивийн тэргүүлэх эдийн засагтай тус улсын хувьд төв банкнаас нь бодлогын хүүгээ өөрчлөх эсэхт нэлээд анхаарч байна.  Энэ нь инфляцийн түвшин нэмэгдэх хандлага ажиглагдаж буйтай холбоотой юм. ӨАБНУ-ын төв банк 2008 оны арванхоёрдугаар сараас хойш бодлогын хүүгээ өөрчлөх талаар хэлэлцсэн. Ямар­тай  ч өнгөрсөн тавдугаар сард бодлогын хүүг 6.5 хувьтай байл­гахаар шийдвэрлэсэн байна. Хам­гийн сүүлд гэхэд энэ сарын 22-нд бодлогын хүүгийн шинэ түвшинг тогтоосон юм. Үүний дүнд өнгөрсөн тавдугаар сард инфляцийн түвшин 4.6 хувь болж буурсан байна. Мөн тус улсын дотоод валютын ам.доллартай харьцах ханш чан­гарсан юм. Йоханнесбург хо­­тын “Недбанк”-ий шинжээч Иан Круйкшэнкс “Ажилгүйдлийн түв­шин ихсэх нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдахад хүргэх аюултай” хэмээн ярьжээ. Гэхдээ бодлогын хүүгээ тогтоож байгаатай зэрэгцэн хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн тус улсын инфляцийн түвшинд хэрхэн нөлөөлөхийг төв банкнаас нь анхаарч, ажиглан хамгаалахыг чухалчилж байгаа аж.

Т.Элиса

Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж