Т.Ганболд: Харамсахаар юм хийгээгүй

Хуучирсан мэдээ: 2014.06.24-нд нийтлэгдсэн

Т.Ганболд: Харамсахаар юм хийгээгүй

-Т.Ганболд: “Алтан Дорнод”-ыг найзуудтайгаа босгосон, эргээд харахад харамсахаар юм хийгээгүй-

Т.Ганболд: Харамсахаар юм хийгээгүй

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ган­болд­той ярилцлаа.

-Том бизнесмэнүүдийн  түүхийг уншихаар бизнесээ ундаа жүүс зарах төдийгөөс эхэлсэн байдаг. “Делл ком­пьютер”-ийн үүсгэн байгуулагч Майкл Делл гэхэд л сонин зарж эхний хөрөнгөө босгосон гэдэг түүхийг хаанаас ч харчихаж болно. Танд ч гэсэн ийм түүх бий байх?

-Би Зөвлөлтийн арван жилийн сургуулийн төгсөгч. Арван жил коммунизм гэдэг онол заалгачихаад төгссөн  чинь диплом, мэргэжил, боловсрол бүх юм худал, доллар гэдэг л үнэн, доллар олохын төлөө  наймаа хийж, хамаг чадлаараа тэмцэх ёстой гэсэн ганцхан дүрэмтэй нийгэм угтсан. Орших, эс орших гэсэн том шалгууртай конкурс эхэлсэн дээ. Зарим маань онц сурахад л бүх юм сайхан болно гээд явсан. Арван жилээ онц төгссөн ч надад тийм хувь тохиогоогүй. Зөвлөлтийн арван жилийнхэн гэхээр ойлгомжтой, дандаа том дарга нарын хүүхдүүд. Би жирийн нэг инженерийн хүү. Өвөө маань хөдөлмөрийн баатар, тээврийн жолооч, саятан Самбуу гэж хүн байлаа. Надад язгууртан, сайд, дарга удам угсаа  байгаагүй. Дарга, сайд нарын хүүхдүүд Москва, Герман руу ховор нарийн мэргэжлээр сурах гээд явж байхад бид мэт нь эндээ конкурсддэг байсан цаг. Оочер дугаараараа дарга нарын хүүхдүүд эхлээд хуваарь авна. Сод толгойтой хоньчны хүүхэд л биш бол хуваарь авна гэдэг амар ажил биш. Би анагаахад конкурс өгөөд унаж байсан юм. Яагаад ч эмч болъё гэж бодсон юм бүү мэд. Их сургуульд орох ёстой л гэж бодсон шиг байгаа юм. Тэгээд дараа нь их огцом, сонин шийдвэр гаргасан. Тэр үед чинь видео гэдэг юм нүдний гэм. Хүмүүст кино үзүүлье гэж шийдлээ. Одоо Хөтөлийн цементийн үйлдвэрийн даргаар ажиллаж байгаа Батдорж бид хоёр.

Батдорж чинь Гэндэнпил генералын хүү. Мань эр гэрээсээ тэр үед ховор нандин эд байсан хорин инчийн Япон телевизороо, би аав, ээжээсээ нууж байгаад приставкаа сэм авлаа. Ангийнхаа орос хүүхдүүдээс хорь, гуч хуулсан бичлэг муутай кассет овоо хэдийг цуглуулаад гарч өгсөн дөө.

-Хотод гаргаж болоогүй юм уу. Тэр үед чинь нийслэлд ч кино “ховрын бараа” байсан?

-Хотод гаргахаар цагдаа нарт баригдаад байсан юм.

-Тэгээд орос сургуулийн сурагчдын бизнес хэр амжилттай болов?

-Дажгүй шүү.  Гурван сар видео гаргасан. Нэг хүн нэг киног гэхэд л бараг арав хорь үзнэ. Би нэгдүгээр эгнээнд нь суучихаад начигнатал орчуулна. Батдорж маань дуурайлгаж  хийсэн билетээ тачигнатал тасална. Бас болоогүй ээ, киноныхоо төрлөөс шалтгаалаад тасалбарынхаа үнийг ялгаатай тогтоочихно.

-Тэр үед бараг бүх хүн л ганзагын наймаанд явж байсан. Видео үзүүлснийхээ дараа урагшаа явсан уу?

-Тэгсэн. Сүүлдээ Хятадаас бараа дарж Зүүн Европын орнууд руу аваачиж зардаг болсон. Ганзагын наймаанд явж байх үедээ Гадаад хэлний дээд сургуулийн Франц хэлний ангийг төгсөөд амжсан. Одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургууль л даа. Бизнес эрсдэлтэй. Тэр дундаа ганзагын наймаа бүр эрсдэлтэй байсан цаг. Найзуудын маань дунд цэл залуугаараа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хүмүүс олон байсан. Эрсдэл өндөр учраас шатна босно. Яг хөрөөний ир шиг. Ийм ертөнцөд  жижиг, дундчуудынх нь төлөөлөл дунд нэлээд хэдэн жил наймаа хийсэн.

-Тэр үе анхны компаниуд  бүрэн бус хариуцлагатай  гэж байгуулагдаж байсан. Нэг ББХК нь таных байсан байх?

-Тиймээ, тэр үед эдийн засаг нь жижигхэн учраас компанийн захирлууд  тамга гэрчилгээ хоёроос өөр зүйлгүй. Жолооч, грушик, ня-бо гээд бүх ажлаа өөрөө амжуулахаар санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн мэдлэг шаардлагатай болж байгаа юм. Ийм хэрэгцээгээр Санхүү эдийн засгийн дээдийн бямбын ангид сурч төгссөн. Эдийн засгийг глобал утгаар нь харсан, дэлхийн хэмжээний хэв маяг гэж юу байдгийг мэдэрсэн үе гэвэл Германд сурсан жилүүд. 1998-2000 онд Хамбургэд эдийн засгийн чиглэлээр сурч байхдаа бизнес эдийн засгийн практик талын мэдлэг олж авсан. Гэхдээ сургуульд сурсан хүмүүсийн хажууд “ичмээр дамшиг даа” гэдэг шиг айхтар мундаг, туйлбартайгаар номын санд суусан онц оюутан байж үзээгүй. Контейнор ном уншсан ангийн найзууд байна л даа. Тэгсэн хэрнээ нийгэмд нэг л өгөөж муутай. Мэдлэг боловсрол хэзээ өгөөжөө өгдөг вэ гэдэг асуултыг өөртөө тавиад үзэхээр бодох, сэтгэх, харьцуулах, танин мэдэх, хөдөлмөрлөх, ухамсарлах, аливаа юманд сэтгэл гаргах гэсэн маш олон зүйл нэгдэж, бүрэлдэж байж ашгаа өгч, амжилтанд хүргэдэг шиг байгаа юм. Бөө, лам, сүсэг гэх нь хаашаа юм, нөгөө талаас хүнд аз гэж байх ёстой. Монголчуудын ярьдгаар бол хийморь. Тэгж байж л  тодорхой хэмжээний амжилтад хүрнэ.

-Таныг нэг үе Монголын буудайн хэрэгцээг оросуудтай нийлж хангаж байсан гэдэг юм билээ…?

-Гурав, дөрвөн жил  дараалан зуд, ган болж мал аж ахуй, газар тариалан унасан үе л дээ.  2000-2006 он. Тэр үед Оросын Алтайн хязгаарт социализмын бүтээн байгуулалтаар бий болж дараа нь үнэгүйдэж хаягдсан газар тариалангийн нэг компани байсан юм. Тэр компанийг оросуудтай нийлж тавь, тавин хувиар нь эзэмшиж тухайн үед монголчуудыг тэжээж байсан “Алтан тариа”, “Улаанбаатар” үйлдвэрүүдийн улаан буудайг импортоор хангадаг байлаа. Америкийн Засгийн газар тусламжаар жилд  20 мянган тонн улаан буудай, Японы Засгийн газар мөн тусламж гэж жилд  5000 тонн улаан буудай өгдөг байсан цаг. Манай компани сардаа арван мянган тонныг өлхөн нийлүүлчихдэг байсан.

-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн даргаар ажиллаж байх үедээ Ганболд гэдэг хүн муу, сайнаар нэлээд хэлүүлсэн санагддаг. Тэр үед яг юу болсон юм бэ? 

-Бодит үр дүн юу гэхээр байгуулагдсан цагаасаа хойш ашиг олоогүй, 300-гаад ажилтантай үйлдвэрийг 2006 оноос хойш гурван жил хагас удирдаад 15 тэрбум төгрөгийн ашигтай ажиллуулсан. Татварын 20 гаруй тэрбум төгрөгийн өрийг нь төлсөн. Ажилтнуудынх нь дундаж цалин 280  мянган төгрөг байсныг сая төгрөгт хүргэсэн. 300 гаруй ажилтны тоог  1200 гаруй болгож өсгөсөн. Энэ үйлдвэрт өнөөдөр  уул уурхайн хэдэн том лиценз бий. Төмөртэйн лицензийг бүх сценарийг нь зохиож, тэмцэж, зүтгэж, жагсч, шүүхдэлцэж байж авсан. Энэ процесс дунд маш олон хүний ашиг, сонирхол хөндөгдсөн. Их ч олон дайсантай болсон. Тухайн үед үндэсний үзэлтэн, төрд хайртай гэдэгтээ биш монголчуудад анхнаасаа байсан боломжийг нь олж өгөхийн төлөө зүтгэсэн.

-Тэр үед Ганболд Төмөртэйд хувь эзэмших гэж ингэж байна гэсэн хардлага хүчтэй явсан. Одоо ч гэсэн улсын үйлдвэрийг хохироосон энэ тэр гээд ярьцгаах хүмүүс бий…?

-Төмөртэйн лиценз зуун хувь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нэр дээр бий. Муу гэхээсээ сайн үр дүн гарсан гэж боддог. Төмөртэйн ордын АМГ-т бүртгэлтэй байгаа нөөц нь 229 сая тонн. Төмрийн хүдрийг өнөөгийн зах зээлийн үнээр биш ганцхан доллараар үнэлэхэд л улсад ямар хэмжээний орлого үлдээсэн нь харагдах байх. Хаашаа ч ганхуулж болохгүй үнэн гэвэл энэ. Улсын үйлдвэрийг хохироосон байна гэх мэтийн зүйл тулгадаг л юм. Хийсэн ажил маань нүдэнд харагдаж гарт баригдаж байгаа учраас ямар ч тогтолцоо, ямар ч өс хонзон, ямар ч атаа жөтөө байсан яаж ч болдоггүй юм билээ л дээ. Муу хэлэх цөөн хүн байлаа ч гэрчлэх хүмүүс нь дэндүү олон юм даа.

-Үйлдвэрийн даргын ажлаа өгчихөөд ямар бизнес рүү орсон бэ?

-Төмөрлөгийн үйлдвэрийн даргаар ажиллаж эхлэх үедээ Баянголын хажуугийн “Корпорэйт” зочид буудлыг босгосон юм. Тухайн үедээ шинэлэг төсөл байсан. Хүн бүр “Ийм том зочид буудлын хажууд ийм жижиг буудал бариад орлого олохгүй юм биш үү” гэж байсан ч оролдоод үзье гээд зүтгэсэн. Тэр үед бариулсан буудал маань өнөөдөр нийслэлийн нүүрийг улайлгахааргүй орчин үеийн хэв маягтай, барууны стандартад дөхсөн үйлчилгээтэй, гадныхан овоо мэддэг газар болсон. Төмөрлөгийн үйлдвэрийн даргын ажлаа өгсний дараа Нүхтэд бас нэг “Корпорэйт” босгосон. Өнгөрсөн жил гурав дахийг нь босголоо.  Нийлээд 400 гаруй хүн ажиллаж байна.

-“Алтан Дорнод”-ыг авах үедээ эрсдлээс айгаагүй юу. Өчнөөн га нөхөн сэргээгээгүй талбай, татварын өр, нийгэмд түгсэн муу нэр гээд сайн юм нэг ч үгүй компани байсан шүү дээ?

-Хэдэн найзтайгаа нийлж  хийсэн ажил. Эрсдлийг үүрээд гарцгаасан. Эргээд харахад харамсахаар юм хийгээгүй.  800 гаруй хүнийг ажилтай, орлоготой байлгаж, улсдаа 2.5 тонн алт тушааж, нийт өрнийх нь 70 орчим хувийг богино хугацаанд төлж дуусгалаа. Нөхөн сэргээлгүй орхисон мянга орчим га газрын 50 хувийг нь нөхөн сэргээлээ. Нөхөн сэргээлтэд гэхэд л зургаан тэрбум төгрөг зарсан. Уурхай дээрээ 11 компанийг 11 талбай дээр зэрэг ажиллуулж байна. Үр дүнд нь Монгол банкны энэ жил хүлээж авсан алтны хэмжээ зургаан тонн давчихсан. Уурхайн сезон эхэлж байхад ийм байгаа гэхээр оны эцэст тушаахаар төлөвлөсөн 11 мянган тонноосоо давчих болов уу. Зургаан тонн алт гэдэг чинь 250 сая ам.доллар. Энэ хэмжээний долларыг өр тавьж аваагүй, газраасаа ургуулсан гэсэн үг. Эдийн засаг, уул уурхай унасан хүнд цаг үед алтны гол нийлүүлэлтийг шороон ордны дотоодын хэдэн компани хийж байна. Компаниуд ажилчдаа олноор нь халж эхэлсэн энэ үед бид 3000 хүнийг ажилтай, орлоготой амьдруулж байна.

-Ингэж ажиллаад байхад “энэ муусайнууд” гэж элдвээр шүүмжлээд байхаар урам хугарах үе гарна биз?

-Шүүмжлүүлэх, муулуулахад дөжирсөн ч гэх юм уу, ер нь ач холбогдол өгөхөө больчихож.  Юу гэж ч хэлсэн гомдохоо больсон.  Ажлаа л хийх ёстой. Хөгжлийн төлөө ажиллана. Хөгжил гэдгийг мэдээж  олон нийт, улс орны гэдэг утгаар нь хардаг. Дан ганц өөрийгөө бодвол хэдэн сая доллар гадагшаа гаргаж тэндээ амьдарч, цагаан сараар хамаатнуудындаа ирж зуун доллараар золгоод явж болно л доо. Надад тийм хүмүүжил ухамсар, бодол байхгүй.

-Таныг ингээд ярихаар  томорлоо энэ тэр гээд бас л гоочлоод эхлэх байх?

-Магадгүй л юм. Баян, томорсондоо биш л дээ. Бизнес бол эрсдэл учраас эрсдэл хийх, эрсдлээ даах чадвар, зоригтой байх ёстой. Би өнөөдрийг хүртэл хагас бүтэн сайнд амарч, наадам, цагаан сар хийж үзээгүй. Гольф, сагс тоглодоггүй, загасанд явдаггүй, ан хийдэггүй, дандаа ажилладаг, бүтээн байгуулдаг. Энэ бол миний хобби. Өрсөлдөх гэж байгаа бол адил  хэмжээний юм бүтээчихээд муулж, шүүмжилбэл хамаа алга.

-Уул уурхайн компаниудын хувьд төр засагтай тохирч татвараа өгье, ингэе тэгье гээд ажлаа эхлэх гэхээр уурхай дээрээ очоод нутгийн иргэдийн эсэргүүцэл, иргэний нийгмийн шантааж гээд  давхар дарамттай учирдаг. Ийм нөхцөлд уул уурхай хөгжихөд хэцүү санагддаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Популизм, ард иргэдийн хэт их оролцоо хүндрэлтэй санагддаг. Улстөрчид нь “Хоньчин Дорж гуай танд уул уурхайн өндөр мэргэжилтэй инженерүүдийн хийсэн ТЭЗҮ-ийг хүчингүй болгох эрх нь бий” гээд байдаг. Зүй нь мэргэжлийн байгууллага, агентлагуудын хийх ажил шүү дээ. Улстөрийн популизм нь энгийн иргэдээ турхирсаар байгаад уул уурхай руу оролцдоггүй малчин гэж байхгүй болсон. Ямар их  эх орончид гараад ирэв гэж гайхмаар олон хүн энд тэндгүй байна. Уг нь эх оронч гэдгийг эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалт, иргэдийнхээ төлөө хийсэн хувь нэмэр гэсэн шалгууруудаар хэмжмээр. Ажил эсэргүүцсэн, муйхар, хагас дутуу мэдлэг ойлголттой, тархи угаалтанд орсон хүмүүс эх оронч болж хувирсанд эмзэглэдэг. Ерөнхийлөгч, Ерөнхий  сайд нь хичнээн гоё барууны стандартын юм яриад ард түмэн нь хөрөнгө оруулагчтай өөрөөр харьцаад байвал хэцүү. Эдийн засгийн  хүндрэлийн бас нэг том шалтгаан нь энэ. Сүүлдээ бүр бичил уурхай  гэсэн нэр томьёо гаргаад ирчихсэн. Уул уурхайн шинжлэх ухаан, салбар гэж яривал бичил уурхай гэсэн ойлголт байхгүй. Нинжа сэтгүүлч гэж байж болохгүйтэй л адил зүйл. Таны үрээ тариад төмсөө ургуулсан хашаа руу хэн нэг нь дайрч ороод “Би ядуу, ажилгүй. Энэ нутагт төрсөн хүн” гээд тарьсан төмснөөс чинь шуудайлаад авч байгаатай агаар нэг зүйл. Гэтэл та төмс тарих гээд банкнаас зээл авчихсан, төмс тарих талбайнхаа хураамжийг улсад төлөөд ашиглаж байгаа хуулийн этгээд. Татвар дээр төмсний чинь тоо ширхэг бүр бүртгэлтэй. Ийм байхад ямар ч хөрөнгө гаргаагүй дурын нэг нөхрийг талбай руу чинь дайрахыг төр нь зөвшөөрөөд байгаатай л ялгаагүй зүйл. Төртэй тохироод орон нутагт очихоор мини Ерөнхий сайд, мини УИХ-ын дарга угтдаг. Тэнд тоглоомын дүрмээ шинээр тохирох болдог. Улсад нь татвар төлөөд, татвараа авсан төр сургууль эмнэлгээ бариад явдаг тогтолцоотой оронд уул уурхайн компаниуд татвараа төлөөд дээр нь сургууль эмнэлэг барьж өгдөг. Шуудхан хэлэхэд гажиг тогтолцоо. Гадны хөрөнгө оруулагчдад ойлгогддоггүй том хүндрэлийн нэг  л дээ.

-Ашигт малтмалын хуулийн өөрчлөлт уул уурхайн компаниудад хүлээлт үүсгэж байна. Энэ хуулинд зайлшгүй орох учиртай өөрчлөлт гэвэл та юуг онцлох вэ?

-Тав, зургаан жил зогсоосон хайгуулын лицензүүдийг олгоё, эдийн засгийн эргэлтэнд оруулъя гэж байгаа. Гол санаа нь энэ. Хайгуулын лиценз чөлөөлье гэхээр нөгөө талд нь эх орончид газар нутгийн маань 70 хувийг лиценз хэлбэрээр гадныханд өгөх гэж байна гэж ярьдаг. Энд өгөх асуудал огт яригдаагүй. Өөрөөсөө мөнгө гаргаад юу байгааг нь тогтоогоод өг  гэж байгаа юм. Хайгуулын хувьд мянган лицензээс нэг орд гарах уу, үгүй юу гэсэн магадлалаар томьёолол нь явдаг зүйл. Хаана ямар баялаг байгаагаа  тогтоочихвол хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг татах боломж,  зээлжих чадвар гээд бүх үзүүлэлт дээшлээд ирнэ.

-Уул уурхайн салбарт тулгараад байгаа энэ хүнд нөхцөл байдлыг хэзээ сайжирна гэж харж байна вэ?

-Уул уурхайн салбар ойрын үед сайжрах ямар ч төлөв байхгүй. Магадгүй Америк руу нүүрс гаргах ашигтай болох цаг ирж мэднэ, үүнийг үгүйсгэж болохгүй.  Гэхдээ прагматик байдлаас харахад  ойрын үед манай уул уурхайн гол бүтээгдэхүүнүүд гадагшаа борлогдоод, өндөр үнээр зарагдан улсын төсөвт  их хэмжээний мөнгө орж ирнэ гэдэг их бүрхэг харагдаж байна.

-Эдийн засаг ийм хүнд байгаа үед Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д  хэлэлцэхээр өргөн барьсан нь нүдээ олсон хэрэг гэж бодож байна. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Мэдээж хэрэг зөв зүйтэй, заавал хийгдэх ёстой зүйл. Гэхдээ зарчмын хувьд зарим нэг алдаа байна. Хамгийн том учир дутагдалтай зүйл нь өрөө  ил тод тайлагнаж байгаа хэсэг нь орхигдоод, сайн нуугдаж чадсан нь өршөөгдөнө гэсэн өрөөсгөл ойлголт яваад байна. Шударга зарчмыг  бодсон ч тэр,  Үндсэн хуулийн эрх тэгш байдал, шүүх хуулийн байгууллагын өмнө бүгд эрх тэгш эрхтэй гэдэг ойлголтоо харсан ч тэр учир дутагдалтай зүйл. Өөр нэг асуудал бий. Гэнэтийн ашгийн 68  хувийн татвар алтны салбарт маш  хүнд туссан. Ийм шалтгаанаар олон компани өр төлбөрт орсон. Эдгээр компаниуд ч өршөөгдөх ёстой. Эдийн засгийн хүндрэлтэй ийм нөхцөлд,  хорьхон  жил хүрэхгүй настай компаниудаа хөл дээрээ тогтож, хөгжиж, төлөвших гэж хичээж байгаа энэ процесст нь төрөөс өршөөл үзүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн цагийн алдаа дутагдал, туршлагатай туршлагагүй системийн гажуудал  дунд бизнес эрхэлж, үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани аж ахуйн нэгж, хувь хүмүүс хуулиараа их, бага хэмжээгээр бүгд гэмт хэрэгтэн болчихсон. Тиймээс энэ хүмүүсийн алдааг уучилж  “Цаашид хуулиа сайн мөрдөөрэй. Одоо туршилтын, шилжилтийн зах зээлийн хүнд үе дууслаа. Цаашид зөв зүйтэй амьдраарай” гэж төр засгийн зүгээс олгож буй боломж нь Эдийн засгийн өршөөлийн  хууль юм болов уу гэж  ойлгож байгаа. Энэ ажил хийгдэхгүй бол аж ахуйн нэгж, хувь хүмүүс тодорхой хэмжээгээр улс төр, бизнесийн, хууль эрх зүйн барьцаанд орох эрсдэл дунд амьдарч байгаа. Бизнес эрхлэгчдийн хэнд нь ч эрт орой хэзээ нэгэн цагт гэмт хэргийн файл нээгдэхэд бэлэн байна. Энэ нь эргээд улс төр бизнесийнхний үл ойлголцол, эв түнжингүй нөхцөл байдалд зэвсэг болж ашиглагддаг. Тэгэхээр үүнийг байхгүй болгох нь амин чухал асуудал. Нэг зүйлийг онцлоход эдийн засгийн өршөөлөө татварын шинэчлэлтэйгээ давхар хийх ёстой. Орчноо сайжруулахгүйгээр “Өнөөдөр бүх юмаа гаргачих, таныг яах ч үгүй, маргаашнаас чинь сүхдээд эхэлнэ” гэвэл хүн юмаа гаргахгүй.

-Татварын орчныг яаж шинэчилбэл илүү үр дүнтэй гэж та бодож байна?

-Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд би аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тэглэе гэсэн санаатай хуулийн төсөл санал болгосон. Компаниуд бодит тайлан дээр ашгаа дардаг. Энэ бол бүх аж ахуйн нэгжийн хорин жилийн түүх. Шалтгаан нь ч тодорхой. Ашиг нь гурван тэрбум дотроо бол  арван хувийн, гурван тэрбумаас дээш ашиг хийвэл 25 хувийн татвар төлөх  хуультай учраас тэр. 25 хувийн татвар  төлөхгүйн тулд гуч, дөчин MCS, гуч, дөчин Таван богд байгуулагдаад байгаа юм.

-Ашгийн татварыг тэглэвэл компаниуд томрох боломжтой гэсэн үг үү?

-Яг тийм. Уг нь эдийн засаг ийм хүнд үед ашгаас чинь татвар авахаа больё гэх ёстой. Учир нь аж ахуйн нэгжүүд ашиг хийтлээ төсөвт өчнөөн татвар төлж байна.  НӨАТ, гааль, Ашигт малтмалын татвар, онцгой албан татвар гээд өчнөөн даваа давсны дараа арай гэж толгой өндийх гэтэл ашгийн татвар авна гэчихээр ийм үзэгдэл гараад байгаа юм. Ашгаа дарах тусам  жил жилийн  баланс нь бохирдож явсаар эцэстээ худлаа баланстай болдог. 200 талх үйлдвэрлэсэн хэрнээ хорин талх үйлдвэрлэсэн гэсэн баланстай яваад байна гэсэн үг. Ингэчихээр гадаад зах зээл дээр олон улсын хэмжээний тоглолт хийх, мөнгө санхүү босгох, бонд үнэт цаас гаргахад хаалт болдог. Хэрвээ ашгийн татварыг тэглэвэл бүх компаниудын ашиг ил болно. Эдийн засгийн статистик мэдээ анх удаа бодитой гарах боломж нээгдэнэ. Ашгаас татвар авахгүй  гэвэл нэг MCS, нэг Номин болох үүд нээгдэж,  асар том компаниуд гарч ирнэ. Энэ тохиолдолд засаг улсаа барьцаалж бонд босгох шаардлагагүй. “Акул” компаниуд нь олон улсын зах зээлээс мөнгө босгож ирэх чадалтай болно.

-Ашгийн татварыг тэглэчихээр төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг Оюу толгой, Эрдэнэт хоёр хожчихно,төсөв нимгэрнэ гэсэн болгоомжлол гарч ирэх байх?

-Оюу толгой Эрдэнэт хоёр завшихгүй. 25 хувийн татвар төлдөг нь л энэ хоёр компани. Ашгийн татвар өгөхөө больчихвол ашиг нь 25 хувиар нэмэгдэж таарна. Оюу толгой, Эрдэнэтийн аль алинд нь төр оролцоотой. Үнэлгээ нь өсөнгүүт зараад их хэмжээний хөрөнгөтэй болчих хэрэгтэй. Ер нь цаашдаа төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдээ зарж ойролцоогоор нийт 20 тэрбум ам.доллар ойрын зургаагаас арван хоёр сарын дотор босгох боломжтой. Тэгээд хөгжлийн сангаасаа засмал зам, метро зэрэг хөгжлийн хөрөнгө оруулалтуудыг хийх учиртай. Түүнээс биш төр үйлдвэр барьж болохгүй. Үйлдвэрийг компани, хувь хүмүүс өөрсдийнхөө эрсдлээр барьдаг.  Төр ийм эрсдэл рүү орж болохгүй. Би хуулийн төслөө ийм зорилгоор санал болгоод байгаа юм.

-Сангийн яамны санал болгож байгаа өөрчлөлт таныхаас өөр агуулгатай байсан…?

-Сангийн яам татвар хураалт талаасаа төсөв тасарна гэж болгоомжилж байгаа. Энэ хуулийн төслийн үр дүнд гарах эффект нь төсөв тасрахаас том асуудал. Сангийн яамнаас нэг тэрбум 500 сая төгрөгөөс доош орлоготой компаниудын аж ахуйн нэгжийн орлогын албан татвар буюу ашгийн татварын ерэн хувийг буцаагаад олгоё гэсэн төсөл санал болгож байгаа. Өнөөдөр үйлчилж буй гурван тэрбум гэсэн тоог 1.5 тэрбум болгочихоор одоо байгаа  тавин MCS  зуу болж задарна гэсэн үг. 90 хувиа буцааж авахын тулд дахиад жижигрэнэ.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж дээр дооргүй л хичээж байна. Гаднаас цаг алдалгүй мөнгө татахын тулд яах ёстой юм бол, бизнес эрхлэгч хүн арай өөр юм хэлнэ дээ?

-Гадаад сурталчилгаагаа сайн хийх хэрэгтэй. “Форбес”, “Экономист” зэрэг дэлхийн нэр хүндтэй сэтгүүлд  дөрөв, таван  мөр багахан текст хэвлүүлэхэд 30-40 мянган ам.доллар байдаг. Тэднээр өөрсдийгөө үнэгүй сурталчлуулах боломж бий.

-Яаж?

-Фрийдландыг үндэсний баатраараа зарлачихад л  шуугиад эхэлнэ. Оюу толгой гэдэг нээсэн бүтээлийг нь бодоод төрийн соёрхол, улсын баатар өгчихөд болохгүй юмгүй. Монголын төсвийн 30 хувьтай тэнцэх мөнгө зарж бидний  хэзээ ч мэдэхгүй Оюу толгой гэдэг  ордыг гаргаж ирсэн хүн. Аль ч түүхэнд Монголын Засгийн газрын хийгээгүй сурталчилгааг дэлхийгээр явж хийсэн бизнесмэн. Оюу толгой ордыг сурталчилангаа Монголыг сурталчилсан. Хоёр тэмдэг зүүж өгсний дараа ямар ашиг гарах вэ гэдэг л үр дүн. Монгол үнэхээр либериал сэтгэлгээтэй ардчилсан улс юм байна, хаа байсан гадаадын хөрөнгө оруулагчийг, дэлхий дээр муу сайн нэртэй баян нөхрийг Монголд том орд нээснийх нь төлөө ингэж шагналаа гэж ирээд өнөө үнэтэй сэтгүүлүүд ямар ч төлбөргүйгээр хуудас хуудсаар нь рекламдаад өгнө. Монгол ч тун зарчимтай улс шүү, одон медалиа баргийн хүнд өгдөггүй гэдэг бол дэлхийд гайхамшиг биш. Бизнес хүний хувьд, миний толгойны баримжаагаар бол  мань эрд лав л 3.5 тэрбум ам.доллар байгаа. Шагнал авангуутаа Монголд Оюу толгой-2 дээр дахиад тоглолт хийх гэж үзнэ. Мань хүнд тоочиглосон юм зөндөө бий. Гэтэл юм хийх гэхээр нь дэлхийн дайны ингэж сэтгэхийн оронд АТГ гэх мэт жижиг зүйл яриад үргээгээд  байж  таарахгүй л дээ. Фрийдландыг Монголын төр шагначихвал дэлхийн хэвлэлүүд мань эрээс ярилцлага авна. Фрийдланд юу гэж ярих нь тодорхой. Монголын чулуу болгон нь алт гээд ярьж гарна. Монголчууд хамгийн их хөрөнгө оруулсан хүнээ шагначихаар, өнөөх нь ингээд хэлчихээр асар их доллар, хөрөнгө оруулалт орж ирнэ. Өнөөдөр Монголд 6.5 тэрбум ам.доллар хийчихээд байгаа "Рио" ч тоглолт хийнэ. Хөрөнгөө алдахгүйн тулд  “Тэгэлгүй яахав, яг үнэн” гэж хувьцаагаа хөөсрүүлнэ.  Үр дүнд нь татарчихаад байгаа гадаадын хөрөнгө оруулалт сэргэнэ. Ийм олон юмыг хоёрхон төмрөөр хийж болно. Үүнийг л бизнес гэдэг. Түүнээс биш гутлыг таван төгрөгөөр аваад зургаан төгрөгөөр зарахыг бизнес гэхгүй.

Ц.БААСАНСҮРЭН

Эх сурвалж: "ӨДРИЙН" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж