Нийслэлийн 375 жилийн ойг угтаж Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар урлагийн байгууллагуудтай хамтран Монголд анх удаа “Орон зайн урлагийн наадам”-ыг зохион байгуулах гэж буй.
Тус наадмын зорилго нь уран бүтээлч сэтгэлгээг урамшуулан дэмжих, нийслэлийн иргэдийн сэтгэл, ханамж, тав тухыг нэмэгдүүлэх, нийслэлийн өнгө төрхийг сайжруулах үүднээс чимэглэлийн жижиг баримлын төрлийг хөгжүүлэхэд оршиж байгаа ажээ. Уг наадамд урлагийн байгууллагууд, чөлөөт уран бүтээлчид, сонирхогчид, оюутан сурагчид хамрагдаж болох бөгөөд баг хамт олноороо оролцох боломжтой юм байна.
Наадамд оролцогчдийн бүтээлийг зургадугаар сарын 23-ны 12.00 цаг хүртэл Хангарьд ордны зургаан давхарт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс 609 тоот өрөөнд авах аж. Харин наадамд шалгарсан загварыг зургадугаар сарын 24-нд олон нийтийн хүртээл болгон танилцуулах бөгөөд долдугаар сарын 5-14-ний өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байршуулах аж.
“Орон зайн урлагийн наадам”-д шагнал эзэлсэн эхний гурван байрны уран бүтээлчид цом, таван сая төгрөгийн эздээр тодрохоос гадна оролцсон бүх багийнханд ивээн тэтгэгчдийн шагналтай гэнэ.
Э.ТЭКҮ