УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хаалттай хуралдаж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы хуралдаанд оруулахаар болжээ.
Энэ тухай хаалттай хуралдаан өндөрлөсний дараа УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар тодотголоо. Гэхдээ хуралдаан хаалттай болсон тул илүү нарийн мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
Тэгвэл уг хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Шулуухан хэлэхэд салбар хариуцсан сайд нь бодлогыг дэмжихгүй, гарын үсэг зурахгүй гэдгээ өнөөдрийн хуралдаанд оролцох үеэрээ хэллээ. Ерөнхий сайд харин гуйгаад сууж байна. Ийм л юм боллоо. Төмөр замын асуудал өнөөдрийг хүртэл маргаантай байгаа нь Ардчилсан намын фракци хоорондын тэмцлээс болсон” гэж хэллээ.
Тэгвэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгаснаар төмөр замын салангид гурван гарцтай байсан бол олон улсын долоон гарцтай болохоор зааж өгсөн юм байна.
Гэхдээ эдгээр нь нарийн цариг суурилсан уу, өргөн царигт суурилсан уу, мөн аль царигийг нь байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд илүүтэй дэмжсэн бэ гэдэгт гишүүд тодорхой тайлбар хийсэнгүй. Хуралдаан хаалттай болсон гэх тайлбараар халхавч хийлээ.
Г.ДАРЬ