Татварын зөрүү багасчээ | News.MN

Татварын зөрүү багасчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Татварын зөрүү багасчээ

Уул уурхайн компаниудын төлсөн, төрийн эрх бүхий байгууллагын хүлээн авсан татварын хэмжээг ил тод болгох зорилготой Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга /ОҮИТБС/ гэсэн бүтэц олон улсад байдаг. Үүнд төрийн байгууллага, компани, иргэний нийгэм гэсэн гурван тал оролцдог. Дэлхийн банк гэх мэт олон улсын донор байгууллагуудаас санхүүждэг энэ бүтэц манай улсад таван жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд тэд 200 саяас дээш татвар төлсөн уул уурхайн компаниуд болон татварыг хүлээн авсан төрийн байгууллагуудад хоёр удаа санхүүгийн аудит хийж байв. Үүний дүнд төрд төлсөн гэх 25 тэрбум 775 сая төгрөг алга болсон нь тодорхой болсон юм. Энэ их мөнгө яагаад алга болсныг манай сонин өмнө нь сурвалжилж байсан. Тухайн үед уг санаачилгын ажлын хэсгийн гишүүд тайлангийн зөрүүний учрыг яаралтай олохыг Засгийн газраас бид удаа дараа шаардаж байгаа ч үр дүнд хүрэхгүй байна гэцгээж байв. Харин Татварын ерөнхий газар болон Сангийн яамны мэргэжилтнүүд “Тайлангаа гаргаж өгсөн байгууллага туршлагагүйтэж, алдаа гаргаснаас ийм явдал үүссэн байх магадлалтай” гэсэн тайлбар өгч байлаа. Ялангуяа, татварынхан “Нэгэнт төлсөн татварт зөрүү гарна гэсэн ойлголт байхгүй. Хэрэв тэгвэл өр, авлага болоод л гараад ирнэ. Тэгэхээр тайлангаа гаргаж өгөхдөө л алдсан. Эсвэл хандив тусламжаас л үүдэлтэй” гэдэг. Гэвч яах аргагүй төрийн байгууллагад төлсөн гэж компаниудын мэдүүлсэн 25 тэрбум төгрөг хэний гараар орсон нь тодорхойгүй байсаар өнөөдөр бараг мартагдаж байна. Эхний жил ердөө 25, дараа жил нь 38 компани л 200 саяас дээш татвар төлсөн гэдэг шалгуураар тайлангаа гаргаж өгөхөд ийм зөрүү илэрсэн гээд бодохоор цаана нь үлдсэн бусад компаниудад ямар хэмжээний зөрүү, будилаан нуугдаж буйг илтгэдэг. Харин энэ жил 2009 оны санхүүгийн жилийн тайланд аудит хийхдээ дээрх байдлыг харгалзаж татвар төлсөн босгыг намсган 100 сая болгосон байна. Ингэснээр аудитад хамрагдах компанийн тоо нэмэгдэж 46 болжээ. Гэхдээ сонирхолтой нь компанийн тоо өссөн ч татварын зөрүүний хэмжээ эрс багассан байх юм. Тодруулбал, анхны тайлангаар 1.1 тэрбумын зөрүү гарсан ч нягтлах явцад зарим алдаа тодорхой болж, эцсийн зөрүү 420 сая 896 мянган төгрөг болжээ. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компаниуд байгаль хамгаалах үйл ажиллагаанд зарцуулсан 679 сая 511 мянган төгрөгөө төрд төлсөн гэж эндүүрсэн байжээ. Энэ удаагийн аудитын тайланд 100 сая ба түүнээс дээш төгрөгийн татвар төлсөн 46 компани, Засгийн газрын найман яам агентлаг, нийслэлийн зургаан дүүрэг, 18 аймаг, 57 сумын Засаг даргын Тамгын газар, төр захиргааны байгууллагууд хамрагдсан байна.

Ч.Дашдэлгэр

Зохиогчийн эрх:
“Улс төрийн тойм” сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж