1. Наран зул хээр
Сэцэн ханы хурдан хүлгийн нэг нь Наран зул хээр. Наран зул хээр эхээс ургах нарнаар гарч, оройн зул асах үеэр ижил олон унагатай тоглож байсан учир тийн нэрлэгдсэн гэдэг. Наран зул хээр хошуундаа хурдан гэгдэж, хотол олондоо цуурайтаад адншгийн наадамд дөрвөн удаа түрүүлж, цууд гарчээ.
2. Хул хээр
Говь-Алтай уулын Дайчин вангийн хошууны домогт хурдан хүлэг юм. Дархан гүн ноён гурван ижил хээр зүсмийн азарга адуутай байсны дотроос Бага хээрийн нь сүргээс тодорсон хурдан хээр эхээс гармагц хулангийн хэсэг сүрэгтэй нийлж, эхээсээ тасран зугтааж байсан гэдэг. Түүгээрээ Хулан хээр гэж нэршжээ. Дархан гүн ноён нутаг хошуунаасаа арван уургачийг дуудан ирүүлж хурдан хээрийг дааганд нь анх барьжээ. Хулан хээр овоо тахих, хошууны наадамд олон удаа түрүүлж байснаар барахгүй даншгийн наадамд хоёр ч удаа түрүүлж байсан гэлцэнэ.
3. Сул хээр
Мэргэн вангийн хошууны Сул хээр гэгч морь хошууны наадамд олон удаа түрүүлсэн гэлцэнэ. Сул хээр наадамчин олны сонирхлыг ихэд татдаг байжээ. Даншгийн наадам Хүй мандалд хийх жил уг наадамд оролцохоор Манж эзэн хааныхан уралдааны морьтой ирсэн гэнэ. Энэ наадамд Халхын морь түрүүлж болохгүй, хэрэв түрүүлвэл морины эзний толгойг авна гэж зарлиг гарчээ. Энэ зарлигийг Халхын зарим ноёд хаад гайхан уншиж, зарим нь хэрхэх тухай битүү яриа болжээ. Сэцэн хан угаас ухаалаг тул наадамд уясан бүх морийг шинжээч нараар шинжүүлэн үзвэл Манж эзэн хааны Хар голт халиун хулангийн удамтай тун ч хурдан хүлэг юм. Бас мэргэн вангийн Сул хээр ч гэсэн хулангийн удамтай юм. Манж эзэн хааны Хар голт халиун тун ч зүрх муутай, хөөрүү морь юм даа гэж шинжсэн юм гэдэг. Сэцэн хан яавал энэ морийг аргалж болох тухай шинжээч нараас асуухад ай мэдэхгүй, нарийн нууцыг хэлбэл бидний толгойг авна. Хэн мэддэг, чаддаг амнаас болж толгойгоо авахуулах вэ гэхэд Сэцэн хан надад хэлчих, би өөрийнхөө толгойг авахуулна гээд таван лангийн ембүү барихад шинжээчид эзгүй хээр очиж хэлсэн нь:
-Энэ наадамд Хар голт халиун түрүүлж явах нь лавтай юм. Гэвч мэргэн вангийн Сул хээрийг хүүхэд унуулахгүй тавих нь зүйтэй, газрын дунд манжийн Хар голт халиун түрүүлэн явах байх, энэ үед морь хашсан хүмүүс хэд сайн хаогирах юм бол Хар голт халиун хөөрч хадууран давхих бий. Тэгвэл Сул хээр түрүүлнэ гэжээ. Тэгээд Сул хээрийг түрүүлэн ирэхэд манж нар гайхсан юм гэдэг. Эзэнгүй, хүүхэдгүй Сул хээрийг түрүүлэн ирэхэд түрүүлсэн морины эзний толгойг авах зарлиг байвч, эзэн нь олдоогүй гэдэг. Сул хээр гэж нэршиж байгаад сунжран Сулин хээрийн домог бий болсон гэлцдэг.
4. Балчирхан хээр
Хан тайшир уулын аймаг, Сутай уулын хошууны унаган хүлэг. Балчирхан хээрийг хошууны наадамд олон удаа түрүүлсэн гэдэг. Харин даншгийн наадамд ирж байгаагүй бололтой. Жижигхэн морь байсан учир Балчирхан хээр гэж нэршсэн байна. Уул үг сунжран Балчир хээр гэж нэрлэгджээ.
Үргэлжлэлийг www.todmagnai.mn-с уншаарай.