2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний А хэсгийн сүүлийн тоглолтууд өнөө шөнө буюу зургадугаар сарын 24-ны 04:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ болно. ДАШТ-ий дүрмийн дагуу хэсгийн шатны сүүлийн тоглолтууд зэрэг болдог.
А хэсгийг дөрвөн оноотой Бразил, Мексикийн шигшээ тэргүүлж, гурван оноотой Хорван удаалж буй. Харин Мексик, Хорватад хожигдож, оноо аваагүй Африк тивийн “Номхоршгүй Арслан” хочит Камерун А хэсгийн сүүлийн байранд бичигдэж байна.
КАМЕРУН – БРАЗИЛ
Дэлхийн таван удаагийн аварга Бразил ДАШТ-ий 100 дахь тоглолтоо Камерунтай хийнэ. ДАШТ-ий түүхэнд 100 дахь тоглолтоо хийсэн хоёр шигшээ бий. 2014 оны ДАШТ-ий нээлтийн тоглолтдоо Герман Португалтай 100 тоглолтоо хийж, 4:0-ийн харьцаатай хожсон. Харин хоёр дахь Бразилчууд болж байна. Бразилчууд 100 дахь тоглолтдоо заавал хожих даалгавартай.
Камеруны шигшээ олон улсын тавцанд Бразилтай дөрвөн удаа учраа таарсан. Камерун гурав хожигдож, нэг хожсон. 2003 оны Олон улсын хөлбөмбөгийн холбооны Холбооны цом буюу Confederations cup тэмцээнд Камерун Бразилыг Самуэль Этугийн гоолоор хожиж байсан. Харин Бразилчууд хамгийн сүүлд 1994 оны ДАШТ-д 3:0-ийн харьцаатай хожиж байжээ. Энэ тоглолтод Камеруны шигшээгээс Александр Сонг торгуулийн улмаас оролцохгүй.
Хоёр шигшээ багийн 2014 оны ДАШТ-д хэрхэн тоглосныг эргэн саная.
Бразил:
Бразил 3-1 Хорват
Бразил 0-0 Мексик
Бразил 1930, 1966 оны ДАШТ-д хэсгийн шатнаас шалгараагүй байдаг. Харин Бразилчууд 1970 оноос хойш хэсгийн шатанд нэг ч хожигдоогүй. Тэд 27 хожиж, долоон удаа тэнцжээ.
Камерун:
Мексик 1-0 Камерун
Камерун 0-4 Хорват
Камеруны шигшээ багийн ахлагч Самуэль Эту 2002, 2006, 2010 оны ДАШТ-д дараалан гоол оруулжээ. Харин Камерунчуудын хувьд 2014 оны ДАШТ-ий сүүлийн тоглолтоо Бразилтай хийнэ. Самуэль Эту дөрөв дэх ДАШТ-дээ гоол оруулахын төлөө зүтгэхийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ өнөө шөнийн тоглолтын мэдүүлэгт Самуэль Этуг оролцохгүй гэмтэлтэй гэж бичсэн байна.
ХОРВАТ – МЕКСИК
Хож, эсвэл харь. Хорват, Мексикийн шигшээ багийн хожсон нь ДАШТ-ийг үргэлжлүүлнэ. Харин хожигдсон нь ДАШТ-ийг өндөрлүүлж, нутаг буцна.
Хорват, Мексик хамгийн сүүлд 2002 оны ДАШТ-д учраа таарч байжээ. Тухайн үед одоогийн Хорватын шигшээн дасгалжуулагч Нико Ковач хөлбөмбөгч байсан юм. Тус тоглолтод Мексик Нико Ковачаар ахлуулсан Хорватыг 1:0-ийн харьцаатай хожиж байсан түүхтэй.
Мексик, Хорват 2014 оны ДАШТ-ий хэсгийн эхний хоёр тоглолтод хэрхэн тоглосныг эргэн саная.
Мексик:
Камерун 0-1 Мексик
Бразил 0-0 Мексик
Мексикийн шигшээ 1986 оноос хойш зургаан ДАШТ дараалан хасагдах шатанд тоглосон. Гэхдээ Мексик ДАШТ-ий 51 тоглолтын 25-д хожигдож байжээ. “Чичарито” буюу довтлогч Хавиер Эрнандес шигшээ багийнхаа төлөө 35 гоол оруулсан. Ингэснээр Хавиер Эрнандес Мексикийн шигшээн бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтын гуравдугаарт бичигддэг юм.
Хорват:
Бразил 3-1 Хорват
Камерун 0-4 Хорват
Хорватын шигшээ хэсгийн нээлтийн тоглолтод Бразилд тун маргаантай байдлаар хожигдсон. Харин дараагийн тоглолтдоо Камеруныг 4:0-ийн харьцаатай хожсон юм. Хорватын шигшээ багийн довтлогч Марио Манжукич сүүлийн хоёр ДАШТ-д дөрвөн гоолыг оруулаад байна. Мөн Марио Манжукич шигшээ багийнхаа төлөө 28 тоглолтод 12 гоол оруулжээ.
Б.БИЛЭГ