Өнөөдөр олон улсын Олимпийн өдөр тохиож буй билээ. Энэ хүрээнд олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан тамирчдыг Монголын Үндэсний Олимпийн Хороо /МҮОХ/-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Д.Загдсүрэн, МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ж.Хатанбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Л.Халтар нар хүлээн авч уулзлаа. Уулзалтад 20 гаруй тамирчид оролцлоо. Уг уулзалтаар олимпийн хөдөлгөөнийг Монголд түгээн дэлгэрүүлэхэд олимпийн медальтнуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, өсвөр, залуу тамирчдыг илрүүлэн гаргах, хүүхэд залуучуудад олимпийн боловсрол олгоход олимпийн медальтнууд МҮОХ-той хэрхэн хамтран ажиллах зэрэг асуудлыг ярилцав.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу тэтгэмж авч буй тамирчид өөрсдийн нэрэмжит сан байгуулан, үүгээрээ нийгэм, спортод хувь нэмрээ оруулах ажлыг олимпийн медальтнуудын зүгээс гаргаж бүгд дэмжсэн юм.
Уулзалтанд оролцсон тамирчид Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу тэтгэмж авч буйдаа дахин талархал илэрхийлж байсан бөгөөд бүх насаараа хөдөлмөрлөсөн үр шим нь гарч, амьдрал ахуйд нэн тустай буйг дурдаж байлаа.
Б.БИЛЭГ