Эрчим хүчний салбарт мөнгө орж ирэхээр болов

Хуучирсан мэдээ: 2014.06.23-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний салбарт мөнгө орж ирэхээр болов

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн даалгавар аваад ажилдаа орсон Засгийн газар энэ хугацаанд ямар ажил амжуулж байгаагаа, юу хийж буй талаараа хэвлэлийнхэнд мэдээлдэг уламжлал тогтоод байгаа. Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлөөс долоо хоног бүрийн даваа гаригт хэвлэлийнхэнтэй уулздаг. Тэгвэл өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр чихэнд чимэгтэй мэдээлэл өгсөн юм.

 

Өнгөрсөн долоо хоногт Монголд анх удаа бизнесийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдсан. “Монголын эдийн засгийн форум”-аас зохион байгуулсан “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт 2014”-д нийт 22 орны 200 гаруй төлөөлөгч оролцсон байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон бусад сайдууд оролцож, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үнэдсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар илтгэл тавьж, санал бодлоо хуваалцсан талаар тус зөвлөлийнхөн мэдээллээ. Энэ үеэр уул уурхай, эрчим хүч, барилга гээд 22 тэрбум ам.долларын 18 төслийг хөрөнгө оруулагчдад Монгол Улсын зүгээс  танилцуулсан байна.  Түүнчлэн Хөрөнгө оруулалтын хууль болон төрөөс баримталж байгаа бодлого, шийдвэрүүдийн талаар танилцуулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх талаар зүтгэл гарган ажиллажээ.   

Дээд хэмжээний уулзалтыг эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийснээрээ онцлогтой бөгөөд чамгүй амжилт дагуулж, Бизнесийн дээд хэмжээний уулзалтын үеэр  танилцуулсан хоёр төсөлд хөрөнгө оруулалт хийхээр болсон талаар Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлийнхөн дуулгалаа.  Уулзалтын хоёр дахь өдөр 20 жилийн турш зөвхөн цаасан дээрээс хальж чадаагүй, монголчуудын мөрөөдөл болсон V цахилгаан станцыг барих гэрээ байгуулсан нь Монголын эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо гэж бизнесийнхэн тодорхойлж байна. Ингэснээр жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэх гэнэ.

Ийн Францын GDF Suez, Японы Sojitz, Солонгосын Posco Energy нар 100 сая ам.доллар тус тус босгож, V цахилгаан станцыг концессийн гэрээгээр барихаар боллоо. Төр концессын гэрээгээр хэрэгжүүлж байгаа эрчим хүчний салбар дахь анхны томоохон төсөл V цахилгаан станц боллоо гэж хэлж болно. Хөрөнгө оруулагчид нэг жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа шийдвэрлэн, Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, Газар ашиглах гэрээ, Ус ашиглах гэрээг Монгол Улсын төрийн захиргааны холбогдох байгууллагуудтай тус тус хийснээр уг Концессын гэрээ хүчин төгөлдөр болж, станцын барилга угсралтын ажил эхлэх боломж бүрдэж байна. Төслийг хэрэгжүүлэхэд 648 ажлын байр шинээр бий болно гэж урьчилсан байдлаар төлөвлөж байна. Энэ нь Монголын эрчим хүчний салбарын хөгжилд томоохон хөшүүрэг болж чадна гэж эдийн засагчид онцолж буй.

Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлөөс хийдэг хуралд Тавантолгойн цахилгаан станц мега төслийн захирал М.Энхсайхан оролцжээ. Тэрбээр “Эдийн засгийн дээд хэмжээний уулзалтыг хувийн хэвшлийнхэн зохион байгуулсанаараа чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон.  Өөрөөр хэлбэл, Монголыг гадаадынханд зөвөөр таниулах, итгэлцлийг бий болгоход маш чухал хэрэгтэй хурал болж чадлаа. Өнгөрсөн жилүүдийн бодлогын алдаанаас болж үргээсэн хөрөнгө оруулалтын итгэлийг эргүүлэн олж авна гэдэг амаргүй.  маш ач холбогдолтой болсон. Дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тавантолгойн цахилгаан станцын төсөл дээр урьдчилан шалгаруулалтад багтсан дөрвөн компанид урилга явуулсан. Энэ хурлын явцад бид тэдний саналыг авсан. Төлөөлөгчид Оюутолгой, Тавантолгойг очиж үзсэн. Бид долдугаар сард арилжааны саналаа тэдэнд хүргүүлнэ. Эргүүлээд бидэнд тэд санал ирүүлнэ.  Бид хамгийн өрсөлдөх чадвартай саналыг нь авч, том төслөө эхлүүлэх ёстой” хэмээн мэдэгдсэн байна.

Төсөл хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу техникийн даалгавраа бүх хөрөнгө оруулагч нар хүргүүлээд байгаа аж. Тавантолгойн цахилгаан станцыг барихад урьдчилсан байдлаар нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах гэнэ. М.Энхсайхан даргын хэлснээр Монгол Улс эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд багагүй анхаарч, Засгийн газраас энэ салбарт Чингис бондоос хөрөнгө оруулалт хийснэ үндсэн дээр  III цахилгаан станц саяхан 50 мВт-аар хүчин чадлаа өргөтгөсөн болIV цахилгаан станцад ирэх арваннэгдүгээр сард 100 мВт-аар хүчин чадлаа өргөжүүлэхээр болжээ. Тэгвэл V цахилгаан станцыг концессийн гэрээгээр барихаар, Тавантолгойн цахилгаан станцыг ITF төслөөр анх удаа гүйцэтгэх гэнэ. Дээрх эрчим хүчний эх үүсвэрүүдийг  гаднын цахилгаан станц барьдаг мэргэжилтэн, бизнесийнхний хөрөнгө оруулалтаар барих юм байна.  “Бидний ажлын амжилтаас Монголын цаашдын ирээдүй харагдаж байгаа. Тийм учраас бид алдах эрхгүй ажиллана. Монголчууд бид бүгдээрээ нэг баг болж ажиллах ёстой. Одоогоор бидэнд том асуудал үүсээгүй байна. Цаашдаа энэ хэлбэрээр ажиллахад бидэнд хийж бүтээх зүйл их байгаа” хэмээн М.Энхсайхан захирал ярилаа. 

Их тэнгэрт болсон бизнесийн дээд хэмжээний уулзалт манай улсын бизнес, эдийн засгийн нөхцөл байдлыг хөрөнгө оруулагч нарт танилцуулах, Монгол Улс дахь бизнесийн шинэ боломжуудыг нээх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бий болгоход том түлхэц болох нь гарцаагүй. Цаашид энэхүү арга хэмжээг жил бүр Улаанбаатар хотноо зохион байгуулах юм байна.

 Н.ХҮСЛЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж