Дэлхий хоёр удаагийн шилдэг хөлбөмбөгч, Португалын шигшээн ахлагч Криштиан Роналду “Манай баг хэсгийн шатнаас цааш шалгарах боломжгүй болсон” гэжээ.
Португалын шигшээн ахлагч АНУ-тай 2:2-ын харьцаатай тэнцсэний дараа Криштиан Роналду,
-"Мэдээж бид АНУ-ыг зөвхөн хожихоор талбайд гарсан. Бид хожиж чадсангүй. Португалчуудыг хэсгийн сүүлийн тоглолтод хожиж, тэмцээнээ үргэлжлүүлнэ гэж ярьж байна. Хэрвээ хүссэнээр болж, цааш шалгардаг бол сайхан л байна. Онолын хувьд Португал дараагийн шатанд шалгарах боломж байна. Гэвч бодит амьдрал дээр биелэх магадлал тун бага. Португал хэсгээс шалгарах боломжоо алдсан" гэжээ.
“Европын Бразилчууд” гэгддэг Португал ДАШТ-ий эхэнд Германд 4:0-ын харьцаатай хожигдож, дараагийн тоглолтдоо АНУ-тай 2:2-ын харьцаатай тэнцсэн юм. Ингэснээр Португал нэг оноотой 2014 оны ДАШТ-ий G хэсгийн сүүлийн байранд Ганын шигшээгийн хамт бичигдэж байна. Одоо Португал хэсгийн сүүлийн тоглолтод Ганын шигшээг олон гоолын зөрүүтэй хожих ёстой. Мөн АНУ, Германы тоглолт аль нэгнийх нь хожлоор төгсөөсэй гэж найдаж, бас залбирах болоод байна. Гэвч Ганын шигшээ Германтай 2:2-ын харьцаатай тэнцэж, хүчтэй байгаагаа дэлхий нийтэд харуулсан. Тиймээс Португал Ганыг олон гоолын зөрүүтэй хожно гэдэг амаргүй даалгавар болно. Хэрвээ АНУ, Германы тоглолт тэнцээгээр өндөрлөвөл Португал, Гана хоёул ДАШТ-ийг өндөрлүүлэх нь ээ.
Б.БИЛЭГ