УИХ-ын дэд дарга М.Энхболд В.И. Матвиенкотой уулзав

Хуучирсан мэдээ: 2014.06.23-нд нийтлэгдсэн

УИХ-ын дэд дарга М.Энхболд В.И. Матвиенкотой уулзав

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй  ОХУ-ын  Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И. Матвиенко өнөөдөр /2014.06.23/ УИХ-ын  дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдыг тусгайлан хүлээн авч уулзсан нь хэвлэлийнхний анхаарал татав.

УИХ-ын  дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, ОХУ-ын  Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И. Матвиенко тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад айлчилж буйд талархаад манай хоёр орон мөнхийн хөрш орнууд төдийгүй өнө удаан жил найрсаг харилцаатай явж ирснийг  цохон тэмдэглэсэн юм.

Мөн тэрээр хатагтай В.И. Матвиенкогийн энэхүү айлчлал хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагааг үр дүнтэй үргэлжлэхэд  чухал нөлөө үзүүлнэ  гэдэгт  итгэж байгаагаа илэрхийллээ. Ялангуяа хоёр орны эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн чухлыг энэ уулзалтаар хоёр тал тэмдэглэсэн юм.

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И. Матвиенко, эрх баригч “Нэгдсэн Орос” намын Удирдах зөвлөлийн гишүүний хувьд МАН-ын даргатай хийсэн энэхүү уулзалтад өндөр ач холбогдол өгч буйгаа онцлон тэмдэглээд уулзалтын үеэр яригдсан асуудлыг ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлж хоёр намын дарга нарын дараагийн уулзалтыг Москва хотод хийх санал дэвшүүлэв.

Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол байлцлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж