Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо, Нүүр ам судлалын сургууль, “Наран” групп хамтран Эрүүл мэндийн яамны ивээл дор хүүхдийн шүдний өвчлөлийг бодитойгоор бууруулах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Хүүхдийн шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сан”-г зургадугаар сарын 5-ны өдөр байгуулжээ. Энэхүү үйл ажиллагааны эхлэл болгож “Наран” групп “Үндэсний брэндийг бий болгон хөгжүүлэх” төслийн хүрээнд “Мондент” брэндийн гурван төрлийн шүдний оог үйлдвэрлэж эхэлснээ албан ёсоор танилцуулж, хэвлэлийн бага хурал хийлээ. “Мондент” брэндийн гурван төрлийн шүдний оог Испани улсад үйлдвэрлэн, удахгүй энэ сардаа багтаан худалдаанд гаргаж эхлэх юм байна.
Уг хурлын үеэр “Наран” группийн захирал Ш.Жаргал “Манай улсад тулгамдаж байгаа хамгийн томоохон асуудлуудын нэг бол яахын аргагүй хүүхдийн шүдний өвчлөлийн асуудал. Иймээс хүүхдийн шүдний өвчлөлийг бодитойгоор бууруулж ард иргэдэд өвчилснийх нь дараа биш өвдөхөөс нь өмнө шүдээ зөв хамгаалдаг дадал зуршлыг суулгахын тулд бид бүхэн хамтарч Хүүхдийн шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх санг байгуулсан. Манай сан байгуулагдсан цагаасаа хойш маш олон дорвитой үйл ажиллагаа явуулж байгаагийн хамгийн томоохон үйл ажиллагаа нь өнөөдрийн арга хэмжээ болж байна. “Мондент” брэндийн онцлог нь монгол хүний бие физиологид тохирсон дэлхийд өрсөлдөхүйц өндөр чанартай бүтээгдэхүүн. Мөн Мондент брэндийн сав, баглаа боодол, найрлага зэргийг олон улсад Монгол улсын тэр дундаа “Наран” группийн нэр дээр патентлан авснаараа онцлогтой. Шүдний оо хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ учир зөвхөн томоохон супер маркетууд гэлтгүйгээр бүхий л худалдааны байгууллага дэлгүүрүүдээр бөөний үнээр нь буюу 3400 төгрөгөөр худалдаална” гэв.
Дашрамд дурьдахад, зарагдсан “Мондент” шүдний ооны нэг ширхэг тутмын 50 төгрөгийг “Хүүхдийн шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сан”-д хандивлах аж.
Б.БУЯНДАЛАЙ