Монголын туялзуур сэлэмний тамирчид Эрдэнэт хот дахь “Сэлэнгэ” баазад нэгдсэн бэлтгэлд гараад байгаа билээ. 30 гаруй тамирчныг хамруулсан уг бэлтгэлийн дараа буюу ирэх сард манай тамирчид хилийн дээс алхах юм. Учир нь, ирэх сарын 1-нээс Солонгосын Сүвон хотод Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Долоо хоног үргэлжлэх уг тэмцээний дараа сэлэмчид ОХУ-ын Казань хотыг зорино. Тус хотод ирэх сарын 16-24-нд туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх юм. Тэгвэл эдгээр тэмцээнд Монголын сэлэмчдийг дасгалжуулахаар ОХУ-аас мэргэжилтэн иржээ. Александр Лувовичийн хувьд олон жил туялзуур сэлэмний дасгалжуулагчаар ажилласан туршлагатай нэгэн бөгөөд 1996 оны Атлантагийн олимпод Оросын шигшээ багийг удирдаж байсан юм. Тэрээр хоёр сарын турш Монголын тамирчидтай ажиллана. Үүнээс гадна манай туялзуур сэлэмний шилдэг тамирчдын нэг Э.Дөлгөөн, Л.Шинэтулга нар дасгалжуулагч болох замналаа эхлүүлэв. Тэд Узбекстаны Ташкент хотод болсон олон улсын дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж сертифекатаа гардан авчээ.
Эх сурвалж: "СПОРТЫН ШУУДАН" сонин