О.Гүндэгмаа: Одоо олимп, дэлхийн аваргад өөрийгөө бэлдэнэ

Хуучирсан мэдээ: 2014.06.23-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаа: Одоо олимп, дэлхийн аваргад өөрийгөө бэлдэнэ

Германы Мюнхенээс алт, Словенийн Марибороос мөнгөн медаль хүртсэн хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй мэргэн буучид уржигдар өглөө эх орондоо ирлээ. Их спортдоо эргэн ирсэн тэрээр дэлхийн цомын тэмцээнээс 16 дахь медалиа зүүгээд байгаа юм. О.Гүндэгмаа гавьяаттай цөөн хором ярилцлаа.

-Сайн явж ирэв үү. Хоёр тэмцээнээс дараалан медаль хүртлээ. Тэмцээнийхээ талаар ярих уу?

-Сайн явж ирлээ. Ямар ч байсан медаль авсандаа маш их баяртай байна. Хоёр тэмцээн шинэ дүрмээр болсон учраас бага зэрэг хүндрэл гарсан. Гэхдээ бүгдийг даван тууллаа.

-Мариборт болсон дэлхийн цомоос алт авах боломж байсан уу?

-Мэдээж байсан. Гэхдээ шинэ дүрмийг ойлгохгүй жаахан гайхсан. Өөрийгөө буудаад дууслаа гэж бодтол дахиад таван сум үлдсэн байсан. Энэ мэтчилэн өөрийн хэнэггүй байдлаас болж алтан медаль ихэрлүүлэх боломжоо алдсан.

-Таныг их спортдоо эргэн ирсэнд олон хүн баярлаж байгаа. Дараагийн зорилго тань юу вэ?

-Тийм ээ. Хэсэг хугацаанд их спортоор хөндий байлаа. Харин одоо бэлтгэлдээ орж, дараагийн зорилгоо биелүүлэх цаг болсон. Мэдээж хамгийн эхний зорилго бол дэлхийн аварга шүү дээ. Энэ жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Үүнд өөрийгөө сайтар бэлдэх хэрэгтэй байна.

-Риогийн олимп эхлэхэд хоёр жилийн хугацаа үлджээ. Юу бодож байна вэ?

-2016 оны олимпод оролцох нь миний туйлын зорилго. Өмнө нь таван олимпод оролцсон. Тиймээс зургаа дахь олимподоо оролцохын тул хичээнээ. Дэлхийн аваргаас олимпийн эрхээ өвөртлөхийг хүсч байгаа. Ер нь олимпийн эрх олгох шүүлтүүр нэлээд чанга болжээ. Ирэх жил дөрвөн тэмцээнээс эрх олгоно. Одооноос олимп, дэлхийн аваргад өөрийгөө бэлдэж эхэлнэ дээ.

Б.ЗУЛ

Эх сурвалж: "СПОРТЫН ШУУДАН" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж