Өнөөдөр олимпийн өдөр. Жил бүрийн зургадугаар сарын 23-ны энэ өдөр олимпийн өдрийг дэлхий даяараа тэмдэглэдэг уламжлалтай. МҮОХ-ноос Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Олимпийн өдөр”-т зориулсан арга хэмжээг зохион байгуулж, баярын ёслолд олимпийн медальт тамирчид оролцон, Монгол Улсын торгон хилийн дагуу аялах бамбарын аяллыг эхлүүллээ.
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын Олимпийн өдөрт зориулсан илгээлтийг хүргэж байна.
Эрхэм олимпийн гэр бүлийн гишүүд ээ,
Эрхэм олимпийн өдрийн ёслолд оролцогчид оо,
Өнөөдөр дэлхий даяараа нас, хүйс, спортын ур чадвар үл харгалзан олимпийн өдрийг тэмдэглэж байна. Тэртээ 1894 оны энэ өдөр Пьер де Кубертений санаачилгаар орчин үеийн олимпийн хөдөлгөөн эхлэхээр болж, түүнээс хойш энэ өдрийг олон улсад олимпийн хөдөлгөөнийг сурталчлах, энэ үйл хэрэгт оролцдог бүх хүний баярын өдөр болгон тэмдэглэхээр болсон юм. Ялалт, амжилтаа хуваалцдаг эл тэмдэглэлт өдөр олимпийн их гэр бүлийн гишүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлж буйдаа таатай байна. Олимпийн өдрөөр орчин үеийн олимпийн хөдөлгөөний түүхийг эргэн санаж, олимпийн үнэт зүйл болох нөхөрлөл, ур чадвар, хүндлэлийг бусдадаа түгээхийг сануулдаг юм. Ийм учраас олимпийн өдөр жирийн нэг баярын өдөр биш, түүнээс эрхэм нь байх учиртай. Бид хүн бүрийг спортоор дамжуулан хөдөлгөөн хийж, шинийг сурч, ихийг эрэлхийлэхийг хүснэ. Илүү олон хүн олимпийн хөдөлгөөний мөн чанарыг ойлгож, хүмүүсийг нэгтгэх нь олимпийн өдрийн зорилго. Яаж тэмдэглэх нь чухал биш олон хүн хөдөлгөөн хийж, шинийг сурч, ихийг эрэлхийлэх нь чухал. Энэ нь бидэнд илүү сайхан ирээдүйг бүтээхэд туслах билээ. Та бүхэндээ 2014 оны олимпийн өдрийн мэнд хүргэе.
ОУОХ-ны ЕРӨНХИЙЛӨГЧ ТОМАС БАХ
Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн мэндчилгээ дэвшүүллээ.
Эрхэмсэг ноёд, хатагтай нар аа!
Олимпийн хөдөлгөөнд идэвхитэйгээр оролцогч олимпийн гэр бүлийн гишүүд, тамирчид, олимпийн өдрийн ёслолд оролцож буй нийт эрхэм хүмүүстээ Олимпийн өдрийн баярын мэндийг хүргэе!
1964 онд олимпийн их наадамд оролцож байснаас хойш хагас зуун жил өнгөрчээ. Энэ 50 жилийн хугацаанд Монгол Улс олон улсын олимпийн хөдөлгөөнд идэвхитэйгээр оролцож, өвлийн 13, зуны 12 наадамд баг тамирчдаа илгээсэн байна. Өнгөрсөн хугацаанд Монголын минь эрэлхэг охид, хөвгүүд олимпийн дэвжээнээс 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль, залуучуудын олимпийн наадмаас 2 алт, 1 мөнгөн медаль хүртэн, улс орон даяар олимпийн хөдөлгөөнийг амжилттай түгээн дэлгэрүүлэхийн төлөө бүгд нэгэн сэтгэлээр зүтгэж буйг түүх бидэнд бэлээхэн харуулж байна.
Монголын баг тамирчид энэ 2014 онд “Сочи 2014” өвлийн олимпийн наадам, “Наньжин 2014” залуучуудын зуны олимпийн наадам, “Пукет 2014” Азийн элсний спортын наадамд оролцож, олон олон хөтөлбөрүүдийг эхлүүлж байна. 2014 оны олимпийн өдрийн хүрээнд МҮОХ нь Хил Хамгаалах Ерөнхий Газартай хамтран “Дархан хил-Олимп” аяныг эхлүүлж буй бөгөөд Монгол орны торгоны хилийн дагуу олимпийн бамбар хоёр жилийн турш аялах юм.
Монголын Үндэсний Олимпийн Хорооны зүгээс олимпийн хөдөлгөөнийг улс орон даяар сурталчлах, спортыг хөгжүүлэх тал дээр үргэлж хамтран ажилладаг спортын холбоод, олимпийн зөвлөлүүд болон ССАЖЯ, олимпийн түншүүддээ баяр халуун мэндийг хүргэж байна. Та бүхэндээ ажлын өндөр амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Олимпизм мандтугай.
МҮОХ-ны ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЗАГДСҮРЭН