УИХ-ын гишүүн Ц.Батбаяр ууртай байна

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ц.Батбаяр ууртай байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үед гишүүн Ц.Батбаяр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарыг зад загнав. Хариуцлагын тогтолцоо хаа хаанаа суларч, дархлаагүй болсноос УИХ-ын гишүүний өмнөөс сайд “Хуцаж бай” гэж хэлдэг болжээ. Эрхэм гишүүний гомдоллосноор бол Сангийн сайд С.Баярцогт Оюутолгойтойтой холбоотой зарим зүйлийг өгөхөөс татгалзаж, “Та нарт юу ч өгөхгүй битгийн хуц” гэж хэлжээ. Уг нь тэрбээр Оюутолгойн ажлын явц ямар байгаатай танилцах ажлын хэсгийг ахалж, энэ төвшинд зарим ажлыг эхлүүлэхээр болж, шаардлагатай баримт материалыг хүссэн юм байна. Мөн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоос энэ талын материал хүсэхэд хариу өгөлгүй дөрвөн долоо хонож буй гэнэ. Ер нь тэгээд Оюутолгойн ордын ашиглалттай холбоотой сайн сайхан зүйл яръя гээд ч олдохгүй, бүх зүйл нь хууль зөрчиж байгаа шүү гэдгийг ч хэлээд авсан.

Хэрвээ Засгийн газар иймэрхүү хариуцлагагүй үйлдлүүдийг дэвэргэж, сайд нарынхаа толгойг илээд байвал УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төсөл санаачилж, Засгийн газрын сайд нарт хариуцлага тооцох талаар асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэх болно шүү гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээв.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж