“Аргусан хуурчийн домог” амилав

Хуучирсан мэдээ: 2014.06.23-нд нийтлэгдсэн

“Аргусан хуурчийн домог” амилав

Өвөр Монголын уран бичигтний нийгэмлэгийн гишүүн, уран бичигтэн М.Түвшингийн “Аргусан хуурчийн домог” уран бүтээлийн бие даасан уран бичлэгийн үзэсгэлэн “Blue moon” арт галерейн танхимд олны хүртээл болж байна. Улаанбаатарыг зорин ирж, уран бичлэгийн урлаг, соёлоор уулзаж байгаа энэхүү үзэсгэлэн түүний Монголд гаргаж буй хоёр дахь бие даасан үзвэр юм.

Үзэсгэлэнгийн нээлт өнгөрсөн баасан гаригт буюу зургадугаар сарын 20-нд болсон юм. Энэ үеэр уран бичигтэн М.Түвшин “Монголын нууц товчоо”-г төв тэгийн аргаар бичсэнээ хүрэлцэн ирсэн зочдод танилцуулсан бөгөөд уг бүтээлийг туурвихад 400 цаг зарцуулжээ.

“Аргусан хуурчийн домог” үзэсгэлэнд уран бичигтэн М.Түвшингийн 67 уран бичлэгийн бүтээл тавигдсан байв. Та бүхэн эх хэл, уран бичлэгийн гайхамшигт ертөнцтэй танилцахыг хүсвэл амжиж “Blue moon” арт галерейг зориорой. Учир нь “Аргусан хуурчийн домог”-ийг олон нийтэд толилуулах хугацаа маргааш дуусна. 

Үзэсгэлэнг зохион байгуулж буй уран бичигтэн М.Түвшингийн сэтгэгдлийг хуваалцлаа.

-Уран бичлэгийн тэг хэчнээн төрөл байдаг вэ?

-Гурван төрөлд ангилж болно. Үүнд таталбар, судалбар, төв тэгийн аргууд бий. Харин бийрний төрлөөр олон төрөл болгож болно. Хатуу, зөөлөн гэх мэт.

-Эдгээр гурван төрлийн хэдэн төрлөөр бичдэг вэ?

-Гурвуулангаар нь бичдэг. Гэхдээ голдуу төв бичлэгийн өргөөр бичдэг.

-Хятадад уран бичлэгийн төрөл хэр эрчимтэй хөгжиж байгаа вэ?

-Хятадын уран бичлэг бол нилээд өндөр түвшинд хөгжиж байна. Харин манай Монгол бичгийн уран бичлэг сүүлийн хоёр жил эрчимтэй хөгжиж байгаа. Миний хувьд ӨМӨЗО-ны нэгэн хошуунд багшилдаг хүн л дээ. Намайг наашаа ирэхэд манай сургуулийн хамт олон болон Б.Лхагвасүрэн багш нар маш их дэмжиж, үзэсгэлэнгээ гаргахад тусаллаа.

-Таны бүтээлүүдийг ажиглахад ихэнхдээ шүлгийн мөр, ном зохиолуудтай их холбоотой нь ажиглагдлаа?

-Би ном унших дуртай. Харин бичлэгтээ хүүхдүүдэд хэрэгтэй сургааль, шүлгийн мөрүүдийг хуулж буулгадаг. Өөрөө ч шүлэг уншиж, сэтгэлд хоногшсон мөрүүдээ уран бичлэгээр хуулж бичдэг.

-Уран бичигч нарт өөр өөрсдийн онцлог байдаг уу. Хэрвээ байдаг бол ямар онцлог байдаг вэ?

-Тухайн уран бүтээлчдээс шалтгаална. Миний хувьд төв тэгийн аргаар ихэвчлэн бичдэг нь онцлог тал болох байх аа. Би 31 жил тасралтгүй уран бичлэгээр бичиж байгаа. Цаашдаа ч бичсээр л байх болов уу.

-Та хэчнээн шавьтай вэ?

-Надад 17 шавь бий. Саяхнаас тусдаа нэг ангитай болсон. Манай анги 17 сурагчтай. Уран бичлэг бичиж сурах сонирхолтой хүүхдүүдэд би их нээлттэй ханддаг. Хүүхдүүддээ өдөрт хоёр цагаар хоёр удаа хичээл заадаг. Би дан ганц уран бичлэгийн хичээл ордоггүй ерөнхий боловсролын хичээл заадаг. Хааяа багш нартаа ч бас уран бичлэгийн хичээл орно.

-Бийр цаасны хувьд ӨМӨЗО дотооддоо үйлдвэрлэдэг үү?

-Бийр цаасыг ӨМӨЗО дотооддоо үйлдвэрлэдэггүй. Миний анхны багш надад ярихдаа “Ямааны сахалнаас тасалж аваад модонд уячихаад бичдэг байлаа” гэж хуучилдаг байсан. Миний хувьд өдий хүртэл суралцахдаа уран бичээчид өөрсдөө хийсэн бийр гэж харж байгаагүй. Дотоодод ч бийр үйлдвэрлэдэггүй. Гэхдээ хятадын уран бичлэг бичдэг бийр, Монгол уран бичлэг бичдэг бийр тусдаа хоёр ялгаатай санагддаг.

-Цааснууд хоорондоо ялгаатай байдаг уу?

-Цаас мөн ялгаатай торгон болон түүхий болгосон гэж хоёр төрлийн цаас бий.  Үүнээс гадна түүхий, хагас түүхий гэсэн хоёр цаасны төрөл бас бий. Хэрвээ нарийн жижиг бичиг хийх гэж байгаа бол хагас түүхий торгон цаасан дээр бичих шаардлагатай. Торгон түүхий цаас бэх их шингээдэг учраас том бичиг бичихэд тохиромтой байдаг. Торгон цаасан дээр жижиг бичиг, төв тэгийн бичиг бичихэд л тохиромжтой байдаг.

-Таны дараагийн үзэсгэлэн хэзээ гарах вэ?

-Өөрийн шавь нартайгаа болон уран бичлэг сонирхдог хүмүүстэй хамтраад нэг үзэсгэлэн гаргахаар зэхэж байгаа.

 

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж