Гурван сарын дараа Солонгосын Инчёон хотод Азийн 17 дугаар наадам болно. Тэгвэл уг наадмыг зохион байгуулах хорооны дарга Ким Ён Сү манай улсад айлчиллаа. Өдгөө 72 настай тэрээр манайханд Азийн наадмын мэдээлэл өгсөн юм. Инчёон нь Солонгосын гурав дахь том хот бөгөөд Азийн наадамд 45 орны баг тамирчид спортын 36 төрлөөр өрсөлдөх нь. Манай улсын хувьд уг наадамд есөн удаа оролцсон юм. Энэ удаа спортын 25 төрөлд 340 тамирчны мэдүүлгийг урьдчилсан байдлаар Солонгосруу илгээжээ. Ингээд Азийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Ким Ён Сүтэй ярилцлаа.
-Азийн наадмын бэлтгэл ажлын явц хэр байна вэ?
-Бэлтгэл ажил дуусах шатандаа явж байна. Ямар нэгэн хүндрэл гарсангүй. Бүх зүйл стандарт, цагийн хуваарийн дагуу үргэлжилж байгаа.
-Саяхан Инчёон хотын дарга өөрчлөгдсөн. Энэ нь Азийн наадмын зохион байгуулалтад хэр нөлөөлж байгаа юм бол?
-Хотын дарга солигдсон ч спортын томоохон арга хэмжээнд нөлөөлөхгүй. Гэхдээ эх барьж байгаа улс төрийн хүчнээс сонгогдсон дарга учраас ямар нэгэн хүндрэл гарахгүй болов уу.
-Ардчилсан Солонгосын тамирчид оролцохоо мэдэгдсэн гэсэн. Энэ үнэн үү?
-Хойд Солонгосоос 150 хүний бүрэлдэхүүнтэй баг Азийн наадамд оролцохоо мэдэгдсэн. Азийн олимпийн зөвлөлөөр дамжуулан энэхүү тоогоо бататгасан. Ямартай ч албан ёсоор оролцохоор мэдэгдлээ.
-Азийн наадмын дараа ямар том тэмцээнийг хүлээж авахаар төлөвлөв?
-Спортын дэд бүтэц маань олон улсаас гайгүй үнэлгээ авбал Универсиад наадмыг зохион байгуулах боломжтой. Энэ талаар бид ярилцаж байна.
-Азийн наадмын төсөв хэмнэсэн гэж онцоллоо. Үүнийг тайлбарлана уу?
-Төсөв хэмнэхдээ гол нь биш. Хэт үндсэрхэг үзэл, өөрсдийгөө хэт их сурталчлах байдлаас бид аль болох татгалзаж байгаа. Тиймээс төсөв хэмнэх тал дээр биш ёс суртахууны шинэ жишиг тогтооё гэсэн бодол байгаа юм.
-Шинэ жишгийнхээ талаар ярьвал?
-Энэ бол спортын тэмцээн нь үнэн. Гэхдээ хэт их спортод улайран тэмцэх биш. Энэ нь спортын баяр, фестиваль гэдгийг бид онцлохыг хүсч байгаа.
Олимпийн бамбар хилийн дагуу аялана
Монголын үндэсний олимпийн хороо, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллахаар болов. Энэ хүрээнд олимпийн бамбарыг хилийн дагуу бүтэн нэг жилийн хугацаанд аялуулах юм. Тодруулбал, олимпийн бамбар нийт 8853 км замыг туулах бөгөөд нэг анги дээр сарын турш байрших ажээ. Энэ хугацаанд олимпизмийг сурталчлах олон талт арга хэмжээ зохион байгуулна гэдгийг Хил хамгаалах газрын удирдлагууд онцоллоо.
Б.МӨНХЗУЛ
Эх сурвалж: “Спортын шуудан”