Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг Үндэсний спортын наадмыг энэ онд зохион байгуулна. Тав дахь удаагийн наадмын анхан шатны тэмцээнүүд хэдийнэ эхэлсэн бөгөөд энэ хүрээнд Үндэсний спортыг орон даяар сурталчлах ажил үргэлжилж байна. Өнгөрсөн сард Багануур дүүргийн цэргийн ангид үндэсний спортыг сурталчилсан. Харин энэ удаа Зэвсэгт хүчний 353, 337 дугаар ангид Үндэсний спортыг сурталчилж, мэдээлэл өглөө. Уг сурвалжлагыг хүргэе.
Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан 353 дугаар анги, Спортын бэлтгэлийн төвийнхөн хамтарч энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан юм. Бид үндэсний спортыг мэддэг хэрнээ мэддэггүй зүйл нэлээд олон байдаг аж. Үндэсний бөх, сур, шагайн спорт манай улсад дэлгэрээд хэдэн зуун жилийг элээсэн байдаг. Харин монголчууд үндэсний спортоо хэр сайн мэддэг билээ. Мэддэг гэж хэлэхэд эргэлзээтэй л юм шиг санагдсан. Ялангуяа сур, шагайг өдөрлөгт оролцсон офицерууд нэлээд их сонирхож байсан юм. Шагай харвахад хэрэглэдэг хэрэгсэл нь тус бүртээ нэртэй. Үндэсний сур ч мөн ялгаагүй. Үндэсний спортыг сурталчлах өдөрлөг нь зөвхөн танин мэдээд зогсохгүй өөрийн биеэр шагай болон нум сум харваж үзсэнээрээ онцлог байлаа. Сур, шагай харвахыг хөндлөнгөөс харахад их л амархан юм шиг. Гэвч бодит байдал дээрээ тэс өөр аж. Үндэсний сур дээр гэхэд нумаа хэрхэн хөвчлөх, эвшээлгэхээс эхлээд бүх зүйл нарийн жаягтай байлаа. Нумаа эвшээлгэхэд хүч огт хэрэггүй. Зөвхөн эвээр л эвлэгхэн татах жишээтэй. Харин шагай харвахад бас эв дүй хэрэгтэй юм байна. Суухдаа хүртэл зөв сууна. Ингэж чадвал тавьсан сум нь байндаа тусах магадлал өндөр. Үндэсний бөх дээр гэхэд дэвж шавахаас эхлээд бүгд учир жанцантай, утга агуулгатай юм билээ. Жишээлбэл, бөхчүүд гарахдаа гуяа гурав алгаддаг. Энэ нь эрийн гурван наадмыг илтгэж байгаа хэрэг гэнэ. Харин дэвж, шавсаны дараа гуяа дахин хоёр алгадах нь “хоёулаа барилдъя” гэсэн утгыг агуулдаг ажээ. Гэх мэтчилэн алхам тутамдаа ямар нэгэн зүйлийг бэлгэдсэн байх юм. Үндэсний спортыг сурталчлах өдөрлөг зохион байгуулж байгаад 353 дугаар ангийн удирдлагууд нэлээд баяртай байлаа. Тус ангид сур болон шагайн харваагаар хичээллэвэл амжилт гаргах магадлалтай авьяастай хүн нэлээд олон байсныг энд дурдах хэрэгтэй болов уу. Ингээд тус ангийн штабын дарга дэд хурандаа Н.Батсайхантай цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Танай анги дээр үндэсний спортыг сурталчиллаа. Ямар сэтгэгдэлтэй үлдэв?
-Юун түрүүнд ангийн удирдлага, нийт алба хаагчдын өмнөөс Спортын бэлтгэлийн төвийн хамт олонд баярласнаа илэрхийлье. Мянга сонсохоор нэг үз гэдэг шүү дээ. Мэдэхгүй зүйлээ мэдэж, өөрийн биеэр туршсан нэлээд үр дүнтэй арга хэмжээ боллоо. Манайхан шагай харваж үзлээ, бөх барилдууллаа, сур харвалаа. Их зүйлийг мэдэж авсан болов уу.
-Наадам хаяанд ирж байна. Танай ангийн хувьд наадмыг хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Үндэсний спортыг дэмжих үүднээс 32 бөх барилдуулж, шагайн харваагаар шилдгүүдээ тодруулдаг. Зөвхөн наадмаар ч бус бусад үед Зэвсэгт хүчний ангиудын дунд явуулдаг тэмцээн уралдаан, биеийн тамирын арга хэмжээнд манайхан нэлээд идэвхтэй оролцдог. Үндэсний сурыг хөгжүүлэх боломж бололцоо хараахан бүрдээгүй байна. Гэхдээ энэ спортыг хөгжүүлэх тал дээр удирдлагууд анхаарал хандуулна.
-Танай анги хэр олон тамирчинтай юм бол?
-Цанын олон улсын хэмжээний мастер Цэрмаа, мөн аймгийн цолтой бөх ч бий. Ер нь манай анги хамгийн сүүлд байгуулагдсан гэдгээрээ урлаг, спортын бүхий л техник хэрэгслээр бүрэн хангагдсан.
Зэвсэгт хүчний 353 дугаар ангид саатсаны дараа 337 дугаар анги дээр очлоо. Энд гурван ч ангийн бие бүрэлдэхүүн парадын бэлтгэлд гарсан байв. Төрийн далбааны өдрөөр агаарын парад зохион байгуулах аж. Үүний бэлтгэлийг 337 дугаар анги дээр хийж байхтай таарав. Тус ангийн удирдлагууд парадын бэлтгэлийн үеэр үндэсний спортыг сурталчлах өдөрлөг зохион байгуулсныг ихэд бэлгэшээж байлаа. 337 дугаар ангийн хувьд шагайн харваач олонтой гэнэ. Бас Налайх дүүргийн аварга шалгаруулах тэмцээн, мөн наадамд тамирчдаа сойдог уламжлалтай ажээ. Тус ангийнхан бас л хэрэндээ шинээр мэдсэн зүйлээ биеэр туршиж, ирээдүйтэй харваач болохоор харуулаад амжсан. Ялангуяа шагайн харвааны тал дээр бүр ч ярилтгүй. Гэхдээ биднийг очих үеэр шагайн харваачид нь эзгүй байв. Энэ үеэр Зэвсэгт хүчний агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын хэлтсийн дарга хурандаа Ч.Болдбаатарын сэтгэгдлийг сонслоо.
-Хоёр анги дээр үндэсний спортыг сурталчиллаа. Та шагайн харваанд элэгтэй хүний хувьд уг арга хэмжээний тухай ямар бодолтой байна вэ?
-337 дугаар анги дээр Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн нэгдсэн параданд бэлдэж байна. Гэтэл яг үүнтэй давхцуулаад үндэсний спортыг сурталчлах өдөрлөг зохион байгуулж байгаа нь сайхан хэрэг. Хувьдаа их бэлгэшээж байгаа. Миний хувьд Төв аймгийн Алтанбулаг суманд ажиллаж байхдаа ахмадуудаар шагайн харвааг анх заалгаж байлаа. Тийм учраас үндэсний спортод дуртай. Нөгөө талаар гадаадад үүрэг гүйцэтгэж офицер ахлагч нар маань шагайн харвааны спортыг тухайн улс орондоо дэлгэрүүлж, сурталчилж байна. Тухайлбал, Афганистан, Сьерра-Леонд үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс шагайн наадгайг дэлгүүлж байгаа юм. Ер нь бол уламжлалт спортыг гадаадынханд сурталчилж байгаа нь олзуурхууштай. Хойч залуу үе маань улам сайн суралцаасай гэж хэлэх байна. Мөн үндэсний спортыг сурталчилж, танин мэдүүлж байгаа Спортын бэлтгэлийн төвийн хамт олонд чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлье.
-Үндэсний спортоор хичээллэдэг хэр олон хүн байна вэ?
-337 дугаар анги бол нисэхийнх шүү дээ. Энэ ангид гэхэд аймгийн арслан Одхүү байна. 325 дугаар ангид аймгийн арслан Лха-Очир бий. Бүгд л улсын цол авах магадлалтай. Шагайн харваа бага зэрэг дэлгэрч байна. Харин сурын харвааг хөгжүүлж, дэлгэрүүлж чадаагүй. Гэхдээ боломжтой гэж дүгнэж байна даа.
Б.МӨНХЗУЛ
Эх сурвалж: “Спортын шуудан”