УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа өнөөдөр Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн Аудитын газрын тайланг хэлэлцжээ. Эл асуудлыг УИХ өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар хэлэлцсэн юм. Энэ үеэр хэд, хэдэн ноцтой зөрчил илэрсэн тухай Аудитын газрын дарга онцолж, зарим хариуцлага алдсан албан тушаалтны нэрийг зарлахаа хэлж байсан. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг 2013 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцээд, зарим асуудлыг нягтлан шалгаж, нэр устай нь зарлах ёстой хэмээн үзжээ.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын тайлбарласнаар өнгөрсөн онд төсөв ерөнхийлөн захирагч нар татвар төлөгчдийн мөнгөөр нэлээд “тогложээ”. Тухайлбал, хууль зөрчин 108 данс нээж, 4.4 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийсэн байсныг аудитын байгууллага илрүүлж, 1.5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зарлагын санхүүжилтийн зөрчлийг арилгуулсан юм байна. Өөрөөр хэлбэл, үлдэж байгаа 2.9 тэрбум төгрөгийн зарлагын санхүүжилт хууль зөрчсөн хэвээр байгаа. Мөн “Гудамж” төслийн хүрээнд хийсэн 36.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилтийг хаана ч тусгаагүй. Авто машин унах ёсгүй төрийн албан хаагчид унаа унах эрх олгож, тансаглуулсан. Йим төрийн албан тушаалтан 222 байгаа аж.
Тэрчлэн төрийн албан хаагчдын тоо 6541 хүнээр нэмэгдсэн. Сарын цалин нь 500 мянган төгрөг, НДШ, ЭМД-ын шимтгэлийг оруулан тооцоход жилийн хугацаанд 70 тэрбум төгрөг зарцуулагдсан байх магадлалтай юм байна. Мөн жилдээ хоёроос хэтрүүлэхгүй гадаадад томилолтоор ажиллахаа мэдэгдсэн Засгийн газрын танхим түүндээ хүрээгүй. Зарим сайд гадаад руу аялахын дон шүглэв үү гэлтэй жилдээ 15-20 удаа гадаад руу явсан, гадаад томилолтын зардлаа 2 сая төгрөгөөс 588 сая төгрөг хүртэл хэтрүүлсэн болохыг Аудитын газар баталгаажуулсан тул тэр бүгдийн нэрийг олон нийтэд зарлаж, хариуцлага тооцох асуудлыг цөөнхийн бүлгээс олонхид тавихаар болсон аж.
Бүлгийн хуралдааны дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.
Г.ДАРЬ