УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсэн ч 15.30 цагаас үргэлжлүүлж хуралдахаар болжээ. Одоо тус бүлгийн хуралдаан завсарлаад байгаа юм.
Бүлгийн үдээс өмнөх хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийсэн юм байна. Ингэхдээ цаг үеийн асуудал буюу Налайх дүүрэгт өнгөрсөн амралтын өдөр болсон автын ослын тухай асуудал голложээ.
Үдээс хойшхи бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал багтаж буй. Одоогоор эл албанд УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батзандан нарын нэр дэвшээд байгаа. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнгөрсөн даваа гаригт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Ганбатыг дэвшүүлсэн бол өнгөрсөн пүрэв гаригт хуралдсан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Хууль зүйн байнгын хорооны даргад дэвшүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авч, бүлгийн төвшинд ярилцах шаардлагатай хэмээн үзсэн. Тиймээс эл асуудал өнөөөдөр эцэслэгдэнэ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 15.30 цагт үргэлжлэх тул албан ёсны мэдээллийг сэтгүүлчдэд маргааш өгч мэдэхээр байна.
Г.ДАРЬ