
бүх нийтийн санал хураалтад оролцогсдын 90 гаруй хувь нь шинэ Үндсэн
хуулийн төлөө саналаа өгчээ. Ингэснээр иргэд Роза Отунбаевад 2011 оны
арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл шилжилтийн үеийн Засгийн газрын
Ерөнхийлөгчийн эрхийг олгосон байна.
Роза Отунбаева санал хураалтын үр дүнгээр одоогийн эрх баригчдыг хууль
ёсных болж байгааг онцолсон байна. Тэрбээр “Энэ бол түр Засгийн газар
бус хууль ёсны Засгийн газар байх болно” гэжээ. Үүнээс өмнө эрх
баригчдын хувьд аливаа шийдвэр гаргах нь хууль ёсных эсэх нь тодорхой
биш байснаас гацаанд орох нь түгээмэл байжээ.
Роза Отунбаева шинэ бүрэлдэхүүн бүхий сайд нарын танхимийг бүрэлдүүлнэ
гэдгээ амлажээ. Ирэх долдугаар сарын дундуур болох парламентын сонгуульд
оролцох улс төрийн удирдагчид түр Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах
аж. Мөн Засгийн газрын одоогийн бүрэлдэхүүнийг хямралын үеийн тусгай
хороо юм уу чуулган болгон өөрчилж, шинээр Засгийн газар бүрэлдэх
хүртэл хямралын үед тогтоол гаргаж байхаар шийдвэрлэжээ.
Ард түмнээс санал хурааж боловсруулсан Үндсэн хуулийн шинэ төслийн
дагуу Киргизийг Ерөнхийлөгчийн засаглалаас парламентын засаглалд
шилжүүлэхээр заасан. Бүх ард түмний санал асуулгын хоёр дахь асуулт нь
Роза Отунбаевагийн төрийн тэргүүний эрхийг 2011 оны арванхоёрдугаар
сарын 31 хүртэл сунгах тухай байжээ. Ажиглагчдын дүгнэж буйгаар иргэд
санал асуулгад ерөнхийдөө тайван оролцсон бөгөөд шинэ хуулийн төслийн
нарийн учрыг ойлгохоосоо ойлгохгүй нь их байсан аж. Тэд Ерөнхийлөгчийн
юм уу парламентын засаглалын ялгааг мэдэрч сонголт хийхээсээ илүү
тогтвортой засаглал бий болгохын төлөө саналаа өгч байгаагаа хэлж
байжээ.
Д.МЕДВЕДЕВ: КИРГИЗ ЗАДРАХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ
ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Их 20-ийн уулзалтын үеэр Киргизэд
парламентын засаглалын үзэл санаа хэрхэн хэрэгжихийг төсөөлөхгүй байгаа
бөгөөд тус улс задрахыг үгүйсгээгүй бөгөөд “Энэ бүхэн бол Киргизийн
дотоод хэрэг гэдгийг урьдчилан хэлье. Гэвч тэнд эрх баригчдад нь эмх
журам тогтоох чадвар дутагдаж, засаг төр нь хууль ёсных бус, ард түмний
зүгээс дэмжлэг багатай байхад парламентын засаглал хэрхэн ажиллахыг би
төсөөлөхгүй байна” гэжээ. Мөн Д.Медведев “Энэ бүхэн Киргизийн хувьд
маш олон боломжийг бий болголоо. Тухайлбал, улс орон задрах хүртэл тун
таагүй нөхцөлүүд бий. Тийм хувилбараас сэргийлэхийн тулд хүчтэй, зохион
байгуулалт сайтай түүхэн бодит байдал, ард түмнийхээ хүсэл зоригийг
харгалздаг төр хэрэгтэй. Энэ бүхний эцэст юу болохыг нь харцгаая” гэжээ.
К.БАКИЕВ: БИД ОРОСЫГ УУРЛУУЛСАН
Киргизийн удирдагч асан К.Бакиев Германы “Шпигель” сэтгүүлд өгсөн
ярилцлагадаа сүүлийн үед болсон эмх замбараагүй явдалд өөрийгөө огт
хамаагүй гээд Оростой харилцах амаргүй харилцааныхаа тухай ярьжээ.
Тэрбээр Киргизэд болсон хэрэг явдалд Роза Отунбаева тэргүүтэй Засгийн
газрыг буруутгаад. “Тэднийг засгийн эрхэнд гарахаас өмнө тийм цуст
мөргөлдөөн гарч байгаагүй” гэжээ. Тэрбээр Роза Отунбаева улс төрийн
ямар ч туршлагагүй, өндөр алба хашиж байгаагүй, үйлдэл нь эмэгтэй хүнийх
шиг хөнгөн хийсвэр байгааг онцолжээ. Роза Отунбаеваг дипломатчийнхаа
хувьд баруунд илүү танигдсаныг сөрөг хүчний нөлөө бүхий улстөрчид
ашиглаж, түүнийг барьцаалсан хэмээн үзэж буйгаа хэлсэн байна.
К.Бакиев Киргизэд үндэстэн хоорондын мөргөлдөөн анх удаа гараагүй
болохыг ярьжээ. “Киргизэд 80 гаруй үндэстэн, ястан амьдардаг. Гэсэн ч
төр засаг саяхныг хүртэл гал авалцахад унтрааж, цаашид газар авахаас
нь сэргийлж байсан” гэжээ. Харин түр Засгийн газар удирдах ямар ч
чадваргүй, арчаагүй болохоо харуулсан гэж үзэж буйгаа хэлжээ. Киргизэд
парламентын засаглал бий болгох боломжийн хувьд тэрбээр хүчирхэг овог,
бүлэглэлүүдийн нөлөө их бөгөөд парламентад олон нам төлөөлөлтэй байдгийг
онцолсон байна. Тиймээс парламентад аливаа шийдвэр гаргахад маш их
хугацаа шаардагдахыг хэлжээ. К.Бакиев “Хүчирхэг Ерөнхийлөгч хавьгүй
хурдан ажилладаг” гэжээ.
Ерөнхийлөгч асан өөрийг нь огцруулсан тухайд ярихдаа “Бид америкчуудтай
байгуулсан цэргийн баазын гэрээг сунгаж, Оросыг уурлуулсан” гэжээ.
Д.Мөнхболд
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин