-Хэрвээ Монгол Улсад Хэвлэлийн консул хэмээх байгууллага байсан бол энэ нэвтрүүлгийг цацан түгээсэн бүх телевиз ёс зүйн зарчмаа зөрчсөн гэж үзэн үзэгчдээсээ уучлал гуйхыг шаардах байлаа-
Төмөр замын царигийн асуудлыг хөндсөн нэгэн төлбөрт нэвтрүүлэг өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн амралтын хоёр хоног үг өгүүлбэр, дүрс нь хоногштол телевизүүдээр нэвтэрлээ. Сонгуулийн үеэр л нэг ийм нэвтрүүлгүүд хөвөрдөг учраас зарим үзэгч “сонгууль болоо юу” гэж эргэлзэхэд хүрсэн байх.
Нэвтрүүлгийг үзсэн олон хүн байр суурь, үзэл бодлоо сошиал ертөнцөөр илэрхийллээ. Угаасаа зургаан долоон жил талцаж байгаа сэдэв учраас нарийн цариг бидэнд хэрэгтэй, үгүй өргөн цариг хэрэгтэй хэмээн үргэлжлүүлэн ярьцгааж байна. Харин энэ удаад асуудлыг өөр талаас нь хэвлэл мэдээллийн өнцгөөс харахыг хүсч байна.
Хэрвээ Монгол Улсад Хэвлэлийн консул хэмээх байгууллага байгууллага байсан бол энэ нэвтрүүлгийг цацан түгээсэн бүх телевиз ёс зүйн зарчмаа зөрчсөн гэж үзэн үзэгчдээсээ уучлал гуйхыг шаардах байлаа. Монголын сэтгүүлчид Мэргэжлийн Ёс зүйн зарчмаа 2010 онд болсон Монголын сэтгүүлчдийн их хурлаараа шинэчлэн баталсан. 18 заалт бүхий энэ зарчмын хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа юм.
Нэг зүйл.
Юун түрүүн хамгийн их сэтгэл эмзэглүүлж байгаа зүйл бол нийт монголчуудыг хоёр хөршийн нэг рүү илтэд өдөөн турхирсан явдал юм. Сэтгүүлч бидний мөрдөх учиртай Мэргэжлийн ёс зүйн зарчмын тавдугаарт “Гэмт хэрэг, хүчирхийлэл, терроризм зэрэг хүнлэг бус зүйлийг хөөрөгдөн сурталчлахгүй” хэмээн заажээ. Монголчууд мөнхийн хоёр хөрштэй. Монгол, хятад, орос бол хэн хэнээсээ зугтах аргагүй үйлийн үрээр учирсан ард түмэн. Түүхийн олон зууны туршид зарим үед нэг нэгийгээ эрхшээж, зарим үед эзэрхэж явсан. Эрхшээсэн, эзэрхсэн тухай бүр түүхийн өөр өөр онцгой нөхцөл байдал, учир шалтгаанаар тайлбарлагддаг. Харин бид одоо тэс цаг үед амьдарч байна. Шинжлэх ухаан технологийн хөгжлөө дагаад бидний өвөг дээдсийн үед байсан зарим ойлголт түүхийн номонд л үлдэх болчоод байна. Тусгаар тогтнол гэдэг зүйл зөвхөн хилийн зурвасыг тогтоож, тэнд хэдэн цэрэг зогсоох асуудал биш болсон. Тусгаар тогтнол гэдэг үг хөгжил дэвшил гэдэг үгтэй хорших болоод удаж байна. Ард иргэдээ амар жимэр, гэдэс цатгалан амьдруулж чадахгүй бол тусгаар тогтнол ярьж цээжээ дэлдэх эх орончид хэрэггүй болсон цаг үе. Хөгжил дэвшлийг ганцаар хийж чадахгүй бол хөрштэйгөө, бүүр цаашлаад хаа хол хил залгаагүй улс оронтой хоршиж хийдэг цаг ирсэн. Асар том зах зээл бэлээхэн урд байхад хятадууд биднийг эзлэх гээд байна, хэзээнээсээ манай газар нутагт санаархаж ирсэн, Монгол нутагт монгол хүн үлдэхгүй, бүгд эрлийз болно гэсэн суртлыг түгээж байгаа нь дэндүү өрөвдөлтэй. Газар нутгаа худалдахгүй, харилцан ашигтай наймаа хийх ухааныг өөрсдөө сураад, дор бүрнээ биеэ зөв аваад явбал болоо биш үү. Үүнийг улс орны болоод хувь хүний хар хайрцгийн бодлого гэхэд буруудахгүй.
Хоёр зүйл.
Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчмын сүүлийн буюу 18 дахь зүйлд “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид төлбөрт болон захиалгат нийтлэл, нэвтрүүлгийг сэтгүүл зүйн бичлэгээс ялгаж тэмдэглэн нийтэд зөв ойлголт өгөх үүрэгтэй” гэсэн байдаг. Тэгвэл энэ нэвтрүүлэг төлбөртэй гэсэн тэмдэглэгээг үзэгч та харсан уу. Өөрөөр хэлбэл, энэ бол баримт бүхий сэтгүүл зүйн бүтээл биш, хэн нэгэн хувь хүн, бүлэг, компанийн өөрсдийн байр сууриа ойлгуулах гэсэн оролдлого гэдгийг ойлгомжтойгоор харуулах үүрэгтэй. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг цацсан телевизүүд ёс зүйн зарчмаа мөрдөөгүй гэсэн үг.
Уг нь “мөнгө цагаан нүд улаан” гэсэн зарчим үйлчлэх учиргүй ганц салбар бол сэтгүүл зүй. Яагаад гэвэл хэвлэл мэдээлэл бол олон нийтийн ухамсарт хамгийн их нөлөөлж байдаг. Хэвлэлээр дамжин худал зүйл үнэн болж очоод байвал нийгэм тэр чигээрээ эмх замбараагүй болж, эцэс сүүлдээ улс орон тусгаар тогтнолоо жинхэнэ утгаараа алдана гэсэн үг.
Хэрвээ Хэвлэлийн консултай байсан бол…
Д.НАРАНТУЯА