Хуучирсан мэдээ: 2014.06.23-нд нийтлэгдсэн

Хорин жилийнхээ ойн тоглолтыг гадаадад байгаа монголчуудад толилуулаад ирсэн “Хурд” хамтлагийхан фэнүүддээ дахин нэг гэнэтийн бэлэг задлахаар зэхжээ. Тэд Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярыг тохиолдуулан “Best hits of hurd show concert” бүрэн хэмжээний тоглолтоо “Мишээл Экспо” төвд долдугаар сарын 10-нд 19.00 цагаас тоглох гэнэ. “Best hits of hurd show concert”-ын үеэр “Хурд” хамтлагийнхан 20 жилийн ойдоо зориулан гаргасан 12 цомгоос бүрдсэн “Black box”, “Алтан пянз”, пудволк, аксесуар зэрэг бэлэг дурсгалын зүйлсээс худалдаалах юм байна. Тэд энэ удаагийн тоглолтоо “Strings club”-ын хамт олонтой хамтран зохион байгуулж байгаа аж. Тоглолтын тасалбарын хувьд 50 мянган төгрөг бол VIP тасалбарын үнэ 100 мянган төгрөг гэлээ. Тасалбарыг  1900-1950,  1900-1617, 1900-1199 дуудлагаар үнэгүй хүргэх бөгөөд “Hifi records”, “Blue sky tower” болон “Strings” клубын кассаар худалдаалах аж.

Сонирхуулахад, энэ өдөр мөн "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн "Морин хуур, Толин хул" тоглолт "UB PALACE"-ын концертын их танхимд 18.00 цагаас болно. Өнгөрсөн жилийн наадмаар анх удаа зохион байгуулсан түүний энэхүү тоглолтыг жил бүрийн Үндэсний их баяр наадмын үеэр "дахиулж" байхыг үзэгчид хүссэн юм. Тиймээс ч дуучин Х.Лхагвасүрэн болон тоглолтыг зохион байгуулагчид үзэгчдийн хүлээж байсан тоглолтыг товыг зарлаж, долдугаар сарын 10-ны өдөр ганцхан удаа хийхээр болсныг дуулгалаа.

Тэгэхээр улсын баяр наадмын өмнөхөн “Харанга”, “Хурд”-ын фэнүүд хотын хоёр захад цуглаж, аль хамтлагийн тоглолт үзэгч дүүрэн болохыг битүүхэндээ өрсөлдөн үзэж сонирхох бололтой.

Э.ТЭКҮ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж