Улаанбаатар хотын 350 цэгт Парис, Лондон, Сингапур, Хонгконгзэрэг дэлхийн томоохон метрополитан хотуудын жишгээр тохижуулсан автобусны буудал барих, гудамж, талбайн мэдээлэл заасан чиглүүлэгч буюу мэдээллийн самбар болонтээврийн хэрэгслийн болон дугуй, таксины хүлээлгийн талбайд байгууламж барих ажлууд эхэлж байна.
Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг Франц улсын “JCDecaux” группийн Монгол дахь салбарын тусламжтайгаар Нийслэлийн захирагчийн алба хэрэгжүүлж байгаа юм.
Нийт 15.0 тэрбум төгрөг хүртэлх хөрөнгө оруулалт бүхий энэхүү бүтээн байгуулалтад хамтран ажиллах талаар өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ноён Э.Бат-Үүл, Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, “JCDecaux” группийн Монгол дахь салбар “Жэй Си Дэко Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал ноён Жан-Мари Импероре нар санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.
Энэхүү бүтээн байгуулалт Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд үүсээд байгаа хүндрэлүүдийг шийдэх, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээ нэвтрүүлэх ажлын эхлэл болох төдийгүй хамгийн гол нь Нийслэл хотын иргэдийг ая тухтай зорчиход зориулсан ажил болж байгааг талууд онцолж байна.
“Улаанбаатар хот 2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээн авдаг болно. Энэ зорилтод хүрэхийн тулд нийслэлчүүд бид хотынхоо өнгө төрх, гудамжны тохижилтод анхаарахаас аргагүй. Ухаалаг автобусны буудал бол энэ ажлын нэг хэсэг бөгөөд эхнээсээ ашиглалтад орж эхэллээ. Автобусны буудал зөвхөн нийтийн тээврийн зогсоол биш, харин зорчигчдын ая тухыг хангасан үйлчилгээ болж шинэчлэгдэж байгаа нь хотын хөгжилд шинэ үеийг авчирч байна”гэж үзэж буйгаа Хотын захирагч ноён Э.Бат-Үүл илэрхийллээ.
Франц улсад төвтэй “JCDecaux”групп нь дэлхийн 60 оронд салбартай, гудамжны тохижилт сурталчилгааны салбарт дэлхийн №1 компани юм. Тус компанийн автобусны буудлууд Сиднэй, Лондон, Парис, Бостон, Сөүл зэрэг томоохон хотуудын гудамжийг чимдэг бөгөөд Монгол улсад өөрийн салбар “Жэй Си Дэко Монголиа” ХХК-иар дамжуулан ийнхүү Нийслэлийн өнгө төрхийг шинэчилж, олон улсын жишигт нийцсэн буудал, хүлээлгийн талбайтай болгох ажилд оролцож байна.
Дэлхийн метрополитан хотуудын жишигт хүрсэн 200 автобусны буудал баригдахаас энэ жилийнУлсын их баяр наадмын өмнө30 гаруй нь ашиглалтанд орж байна.
Автобусны ухаалаг буудлын онцлог:
- Хотын онцлогод тохируулж хэмжээний хувьд 5м, 8м,12 м гэсэн гурван төрөл
- Байгальд ээлтэй, цахилгаан бага зарцуулдаг, дэвшилтэт “SIDE-RAY LED” гэрэлтүүлэгтэй
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээлэл түгээх аудио төхөөрөмжтэй
- Иргэдэд зориулсан үнэгүй интернетийн WIFI төхөөрөмж суурилагдсан
- Автобусны чиглэл, ойр орчмын гудамжны мэдээллийг агуулсан болон сурталчилгааны зориулалт бүхий мэдээллийн самбартай
Дэлгэрэнгүй мэдээллийг: 7555 5665 contact@jcdecaux.mn,www.jcdecaux.com