Эдийн засгийг эрчимжүүлэх 50 хоногийг ингэж дүгнэв

Хуучирсан мэдээ: 2014.06.22-нд нийтлэгдсэн

Эдийн засгийг эрчимжүүлэх 50 хоногийг ингэж дүгнэв

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа ажлын явцын талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн 42 хоногт эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр бодитой ажил хийсэнгүй. Та бүхний хийсэн ажлын тайлан "уулзалт хийв, зөвшилцөв, хэвлэлийн бага хурал хийв, илтгэл тавив, хуралдав, хэлэлцүүлэг зохион байгуулав, хуулийн төсөл өргөн барив" гэсэн хэдэн үгээр л хэмжигдэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг эрчимжүүлэхээр тусгагдсан төлөвлөгөөт ажлуудаа үр дүнтэй хийж чадсангүй” гэж дүгнэсэн юм.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхий сайдаас зөвхөн сөрөг хүчний гишүүд асууж, санал хэлэх эрхтэй байдаг.  УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн асуултыг хариултыг хүргэе.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Эдийн засгийг 100 хоногийн дотор эрчимжүүлнэ гэсэн үг маань сүүлдээ суларсаар эдийн засгийн уналтыг зогсоох гэдэг байдлаар их л бөөрөнхий юм болж дуусах нь. Монгол Улсаа галзуу хөгжүүлнэ гэсэн чинь яасан бэ гэдэгт хариулт олдоггүйтэй адил бас эдийн засгийг эрчимжүүлэх эсэхэд мөн л хариулт байхгүй болох юм байна. Харин буруутан нь УИХ болох юм байна гэж Ерөнхий сайдын үгнээс ойлголоо.  Өнгөрсөн хугацаанд 29 хуулийн төсөл өргөн барилаа, их л цөөхөн нь батлагдлаа, та нар л баталсангүй гэж Ерөнхий сайд хэллээ. Эцэстээ эдийн засгийг эрчимжүүлээгүйн буруутан нь УИХ, бүр сүүлдээ МАН-ын бүлэг болж хоцрох юм байна гэсэн ойлголт авлаа. Харамсалтай байна.  Өргөн барьж байгаа хуулийн төсөл нь чанарын шаардлага хангаж байна уу, иргэдийн амьдралд нэмэртэй юу гэвэл тийм биш байна. Газрын тухай хуулийн төслийг улстөрчид мушгин гуйвуулж иргэдэд буруу ойлголт төрүүлж байгаа учраас татаж авлаа гэсэн. Үгүй ээ, бид буруу ойлголт төрүүлээгүй. Өргөн барьсан хуулийн төсөлд байгаа “Мал аж ахуйн бэлчээрийг эзэмшүүлнэ. Гадаадын хөрөнө оруулалттай компанид газар эзэмших эрхийг дуудлага худалдаагаар худалдана” гэж тусгасан байсныг л бид эсэргүүцсэн. Газар тариалангийн талбайг хувьчилж болохгүй гэдэг асуудлыг л бид ярьсан. Ингэж өөрсдөө битгий мушгин гуйвуулж бай.

Хоёрдугаарт, 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдээс10 хувийн татвар авчихаад 90 хувийг буцаан олгоно гэсэн төсөл Засгийн газар өргөн барьсан. Ингэж аж ахуйн нэгжүүдэд хүнд суртал гаргаж, төрийн дарамт үзүүлэх хэрэггүй, үүний оронд шууд нэг хувийн татвартай болгоё гэж хэлэлцүүлгийн үеэр 53 гишүүний 35 нь дэмжсэн. Гэтэл Засгийн газраас УИХ аж ахуйн нэгжүүдээ дэмжсэнгүй, түүн дотроо УИХ дахь МАН-ын бүлэг энэ хуулийн төслийг унагалаа гэж хангалттай ташаа мэдээлэл цацлаа. Манай бүлгийн гишүүд нэг хувийн татварын хуулийн төсөл өргөн барьсныг харин Ерөнхий сайд та дэмжээд өгөөрэй. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн төсөл нь жижиг аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд чиглээгүй. Тэгсэн мөртлөө авлига авсан, гадаадад оффшор данстай хүмүүсийг өршөөх, нотлох баримтыг устгах, энэ тухай мэдээлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг 5-50 сая төгрөгөөр торгох заалт оруулж ирсэн учраас бид эсэргүүцэж байгаа.  

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Газрын тухай хуулийн төсөлд Үндсэн хууль зөрчсөн заалт байхгүй. Монголын газар нутгийг худалдчих юм байна гэсэн зохион байгуулалттай кампанит ажил өрнөсөн учраас Засгийн газар хуралдаанаараа ярилцаад буцаан татахаар болсон.  

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-100 хоногийн төлөвлөгөөний дагуу хийж байгаа ажлуудыг үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ бодит амьдрал дээр амаргүй байна шүү. Бараа бүтээгдэхүүн үнэ, валютын ханш долоо хоног тутам нэмэгдэж байна. Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудал яригдах, бүр санал хураах үеэр зориуд зохион байгуулалттайгаар долларын ханш тэдэн төгрөгөөр огцом буурлаа гэж улс орон даяар гэж зарладаг. Н.Батбаяр сайд валютын ханш ингэж нэмэгдээгүй бол төсвийн алдагдал 700 тэрбум төгрөгт хүрэх байсан, харин валютын ханш нэмэгдэж байгаа учраас оны эхний таван сард 300 тэрбум төгрөгт хүрсэн гэж Засгийн газар дээрээ ярьсан байна. Гэтэл цаад үлдэгдэл 400 тэрбумын алдагдлыг чинь ард түмэн үүрч байна шүү дээ. Энэ нь экспортын үйл ажиллагаа эрхэлж хийж байгаа хэдэн компани, Засгийн газарт ашигтай, харин ард түмэнд хүндрэлтэй тусч байгааг анхаарч үзээч гэж санал хэлэв.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Валютын ханшийн өсөлтийг Ерөнхий сайд та юу гэж үзэж байна вэ. Монголбанкнаас асуухаар нэг тайлбар хэлдэг, Засгийн газрын гишүүд бас өөр юм ярьдаг. 40 хоногийн хугацаанд дахиад 40 төгрөгөөр өсчихлөө гэж байна. Та ингээд л явж байг гэж бодож байна уу. Энэ талаар авах арга хэмжээ байхгүй гэсэн үг үү. Зам нэлээд тавигдаж байгаа ч  хэд хоногийн дараа том том нүх гарчих юм. Зам олныг барих гэхээсээ илүү чанартай тавих тал дээр анхаармаар байна. Харамч айлын эхнэр талхан дээр нимгэн масло тавьдаг шиг юм болж байна. Чанаржуулах тал дээр анхаарлаа хандуулна уу гэсэн саналаа хэлсэн юм.

Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх н.Болд:

-Төгрөгийн гадаад валюттай харилцах ханш сүүлийн үед 1820-1825-ын  төвшинд хэлбэлзэж байна.  Энэ нь оны эхнээс 10 орчим хувиар суларсан үзүүлэлт. Долоо хоногт дунджаар 0.7 хувиар хэлбэлзэж байна гэсэн үг. Өнгөрсөн онд төгрөгийн гадаад валюттай харилцах ханш 19 хувиар суларсан. Яг одоогийн байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар суларсан үзүүлэлттэй байна. Суурь шалтгаан нь төлбөрийн тэнцлийн хүндрэл, түүнээс шалтгаалсан гадаад валютын гадагшлах урсгал, орж ирж байгаа урсгал огцом саарсантай холбоотой. Ажиглагдаж байгаа эерэг хандлага бол гадаад худалдааны алдагдал оны эхний таван сарын байдлаар 200 сая ам.доллар буюу дөрөв дахин буурсан. Үүний цаана импортын орцтой бизнесийн салбар нэлээд агшиж байгаа нь харагдаж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх, хувийн хэвшил бие дааж гаднаас эх үүсвэр босгосон тохиолдолд ваюлтын нийлүүлэлт нэмэгдсэнээр төгрөгийн ханш долларын эсрэг тогтвортой байх нөхцөл байдлыг бүрдүүлнэ гэж харж байна. III улирлаас эхлэн эдийн засагт экспортын орлогоос үүдэлтэй валютын урсгал нэмэгддэг. Хоёрдугаар хагас жилийн дүр зургийг эхний хагас жилийнхээс арай эерэг болно, энэ нь валютын зах зээлд нөлөөлөх болов уу гэсэн хүлээлттэй байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Ерөнхий сайд аа, 100 хоногийн ажил хариуцсан ажлын хэсэг хариуцсан хүн 20 жилийн дараачийн юм яриад хэнхэглээд суух юм. Тэр хүний ажилд хяналт тавиач. Албан ёсны худлаа хэлдэг нэг хүн нэмэгдэж байх шиг байна. ЗГХЭГ гэж албан ёсны байгууллага байхад хайран мөнгө. Төмөр замд Засгийн газар мөнгө өгөхгүй байна гэж А.Гансүх сайд хэдэн удаа мэдэгдсэн.  Төмөр замынхаа ажилд шаардагдах үлдсэн мөнгөө яах юм. Эрчимжүүлэх арга хэмжээний тогтоолд Төрийн өмчийн хороо болон төрийн өмчийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилнө гэсэн. Ийм гарын дор байгаа саналыг хурдан оруулж ирээд шийдэж болдоггүй юм уу. Ш.Түвдэндоржоос асуухаар хагас сайнд шийднэ л гэсэн. Дарханы чиглэлийн зам болохоо байж. Саяхан тэнд нэг шөнө есөн осол гарсан гэх юм. Гол хөдөлгөөн өрнөдөг энэ замын асуудлыг яах вэ. Хэдэн жилийн дараа хэрэгжих нь мэдэгдэхгүй хурдны замын тухай үлгэр ярьж суухын оронд Дарханы замаа шийдчихэж болохгүй юу.

Ерөнхий сайл Н.Алтанхуяг:

-Бондын мөнгөөс 400 сая ам.доллар төмөр замд гаргая гэж анх шийдээд 200 саяыг өгсөн. Өгсөн мөнгөөр баахан далан хийж байгаа. Одоо дахиад 200 саяыг нэхээд байгаа.  Гэтэл Гансүх сайд нэг юмаа мартчихаад байгааг би сануулсан л даа. Тусгай зориулалттай компанийг Монголын тал гадаадын хөрөнгө оруулагч хоёр нийлүүлж байгуулаад эндээс санхүүжилт гарах ёстой.  Хувийн хөрөнгө оруулагч орж ирээгүй байхад Монгол Улс дангаараа 400 саяар далан барина гэдэг хэцүү. Тэр далан дээгүүр ямар царигтай юм явах нь өнөөдөр болтол тодорхойгүй байгаа учраас ямар компани хөрөнгө оруулах билээ. Тийм учраас царигийн асуудлыг тодорхой болгох нь зүйтэй гээд сайн муу хэлүүлж байгаад тогтоолын төсөл өргөн бариад байгаа. Энхтүвшин дарга ярилаа, зам их барьж байгаа нь сайн ч бондын мөнгөөр барьж байна гэж. Тэр бол үнэн үг. Төрийн өмчийн хорооны талаар гишүүдийн санаачилсан хуулийн төслийг С.Одонтуяа нарын гишүүд санаачилсан. Төрийн өмчийн хороо гэдэг байгууллага цаашдаа байх шаардлагагүй, Сангийн яаманд бүртгэлийн шинжтэй байлгая гэсэн концепцтой бид санал нэг байгаа. Дарханы замын асуудлыг 14 хоногийн өмнө шийдчихсэн.

УИХ-ын гишүүн М.Энхболд:

-Эдийн засгийг эрчимжүүлэх талаар хийж байгаа ажилдаа хэр зэрэг зөв онош тавьж байна вэ гэдгээ нягталж байна уу. 100 хоногийн тоолуур гүйж эхэлснээс хойш харсаар байтал валютын ханш өдөрт нэг төгрөгөөр нэмэгдсээр, томоохон компаниуд 200-300 ажилтнаа чөлөөлж, дундаж компаниуд 20-30 ажилтнаа халлаа. Нэлээд компани үүд хаалгаа барьчихлаа. Бодитой үр дүн өгдөггүй юмаа гэхэд бизнес эрхлэгчдэд боломжийн байдал бий болох нь сигнал өгөх эсэхэд эргэлзээтэй байна. Эхний таван сарын байдлаар төсвийн орлого 396 тэрбум төгрөгөөр тасарсан. Сангийн сайд нь болохоор өнгөрсөн жилтэй харьцуулахад гайгүй байна гэх юм. Гэвч 2013 оны турш 400 тэрбумаар тасарч байсан бол одоо эхний таван сарын байдлаар үүнтэй ижил үзүүлэлттэй явна. Эдийн засаг сайжирч байгаа гэдэг, гэтэл тоо нь муудаж байгаа байдал ажиглагдаж байна. Одоо бол улсын хэмжээнд бүтээн байгуулалт хамгийн эрчимтэй өрнөж байх ёстой үе. Эхний таван сарын байдлаар 637.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил улсын хэмжээнд хийгдсэн байх ёстой. Гэтэл 221,2 тэрбум төгрөгийн ажил хийгдэж байна. Баталсан төсвийн гуравны нэгийн ажил нь хийгдэж мөнгө нь санхүүжигдсэн, гуравны хоёр нь тодорхой ажил эхлүүлээгүй байна. Орон нутгийн аж амьдрал хүнд байна гэсэн мэдээлэл ирж байна. 21.3 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг орон нутагт үзүүлэх ёстойгоос 12 тэрбумыг л өгсөн байна. Нааштай үр дүн харагдахгүй байна. Энэ асуудалдаа яаж хандаж байна гэж асуух гэхээр Эдийн засгийн хөгжлийн болон Сангийн сайд нар хуралдаа ирдэггүй. Ерөнхий сайд нь болохоор өнгөрсөн хоёр жил өмнөх Засгийн газар гэж хэсэг аргацаасан, одоо юм л бол УИХ руу бухах шинэ сэдэвтэй болсон нь ажиглагдаж байна. Намрын чуулганы үеэр Засгийн газраас өргөн барьсан 10 хууль, тогтоолын төсөл буцсан. Хяналтын тухай хууль хоёр удаа буцсан, гурав дахь удаа нь гишүүд оруулж ирлээ. Тэгсэн хэрнээ УИХ асуудал шийдэж өгөхгүй байна гэсэн юм ярих юм. Оруулж ирсэн болгоныг чинь шууд кноп дарж дэмжихгүй шүү дээ. Энэ гишүүд чинь орон нутагтайгаа холбоотой, аль болох сайжруулах талын л юм бодно. Үүнд ямар дүгнэлт хийж байна вэ. 100 хоногт хийж байгаа ажлаа тайлагнаж байгаа энэ хэдэн залуучууд улс орныхоо асуудлын нарийн ширийнийг мэдэж байгаа юм уу, үгүй юу.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Н.Алтанхуяг сайд та алдаагаа нэг л гүйцэд олж харахгүй байна. Таныг вакумдчихсан хүмүүсээсээ гадна эдийн засгийн нөхцөл байдал юунаас болж хямрав гэдэг талаарх сөрөг хүчнийхээ үгийг сонсож байвал танд өлзийтэй. Гадаадаас Монгол руу чиглэсэн валютын урсгал саарсан үед мөнгөний болон төсвийн бодлогоо тэлж чаддаггүй юм. Монголын гурван сая хүнд таван жилийн турш сар тутам олгож болох мөнгийг үнэ тогтворжуулах нэрээр цөөн тооны аж ахуйн нэгжид тарааж болдоггүй юм. Монгол Улсын сан хөрөнгөөр өнгөрсөн хугацаанд та бүхэн тоглочихлоо. 2008 онд дэлхийн санхүү, эдийн зкасгийн хямрал болж байхад ямар арга хэмжээ авч байсныг танд хэлье. Засгийн газраас оруулж ирж байсан төсвийн орлогыг 300 тэрбумаар хасч байсан. Данхар захиргааны болон үр ашиггүй, тэвчих боломжтой бүх зардлаа танаж байсан. Бодлогын хүүг тэр үед дөрвөн пунктээр нэмж байсан. Ингэж байж 100 хоногт эдийн засгаа тогтворжуулах болохоос таны хоёр жилийн турш ярьсан лоозонгуудаа яриад байвал эдийн засаг сэргэхгүй. Бодлогын хүүг дөрөв, шаардлагатай бол таван пунктээр нэм. Үр ашиггүй зардлаа хас. Хоёрын хооронд төсвийн тодотгол оруулж ирж гишүүдийн бүтэн сарш нервтүүлж байхаар жинхэнэ төсвийн тодотголоо оруулж ир. Ийм бодлогын арга хэмжээгээ авахгүй бол 100 хоногт үр дүн гарахгүй шүү. Ярьж байгаа юмнуудын үр дүн 10-20 жилийн дараа ч гарч магадгүй. Нүдээ аньж байгаад бодлогын арга хэмжээнүүдийг авамгүй байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Монголын нийгэм эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг л хүлээгээд байна. Та төмөр замд мөнгө өгөхгүй гэлээ. Үндэсний компаниуд хийж байсан ажлыг булааж авчихаад яагаад одоо ийм мэдэгдэл хийж байгаа юм бэ. Төмөр замыг барих ажлыг төр булааж авснаас өнөөдөр зогсонги байдалд байгаа юм биш үү. Ханшийн уналт зогсох уу, эдийн засаг тогтвортой болох уу, цалин, тэтгэврийг нэмэх үү гэдгийг л иргэд хүлээж байна. Ус, цахилгаан, дулааны үнийг нэмнэ л гэнэ. Үүнийг олон түмэн тэсэх үү. Яагаад гадаадын хөрөнгө оруулалт унаад, монголчуудад итгэхгүй болчихоод байна вэ. Хоёрхон жилийн өмнө эдийн засгийн өсөлт маань дэлхийд гайхагддаг байсан. Одоо бол зүүд зэрэглээ шиг болж. Түрүүн ярилаа. Машин унах эрхгүй 220 албан тушаалтанд 20 тэрбум төгрөгөөр 197 машин авсан байна. Энэ чинь 20 цэцэрлэг барих, царцсан 20 объектийг босгох мөнгө. Гэтэл та нар бид жижиг сажиг асуудалд орохоо больсон гэх юм. Төсвийн мөнгийг ямар үр ашиггүй, дур зоргоороо зарцуулж байна вэ. Гэтэл та үүнийг өөгшүүлээд сууж байх юм.

Бидний гол найдлага бол экспортоо нэмэгдүүлэх. Нүүрсний уурхайнууд ямар байдалтай байгааг Ерөнхий сайд та мэдэж байгаа юу. “Эрдэнэс Тавантолгой” компанийн өр нь 850 тэрбум болоод нэмэгдчихэж. Өр яагаад үүссэн бэ гэхээр таны дүү охин, Дэнзэнгийн эхнэр 4.8 тэрбум төгрөгөөр дөрвөн талт хашаа зарчихсан байх юм.  17 тэрбумын тендер авч байсан нэг тэрбумын үнэлгээтэй компанийн нөгөө хашаа нь яахаараа 4.8 тэрбум болоод энэ компанид шахагдсан байдаг юм бэ. Арай дэндэж байгаа юм биш үү. Та турж үхэх гээд байна уу.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Бондын 1.5 тэрбум ам.долларын үлдэгдэл 1.6 их наяд төгрөг байна. Нэг их наядыг нь үйлдвэржүүлэх хөтөлбөрт оруулахаар болсон. Бид засгийн эрх аваад төмөр замыг “MCS” гэдэг компаниас булааж аваагүй. Хаа гуяар нь салгасан байхаар нь төмөр замыг нэгдсэн байдалтай болгоё гэсэн. Тэр компани олон улсын зах зээл дээрээс мөнгө босгож л барина. Тэр хүмүүс оруулсан хөрөнгөөрөө тодорхой хувиа эзэмшээд явж байгаа. Бондын мөнгийг солгой төмөр замд өгөх эсэх нь асуултын тэмдэг. Инфляц ноднин жилийнхтэй харьцуулахад тэг аравны хэдэн хувиар нэмэгдсэн нь үнэн. Монголбанктай хамтарч ажиллахаар оны эцэст буурна. Үнэ цаашдаа төдийлөн өсөхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт хоёр жилийн өмнө Оюутолгойтой холбоотойгоор өссөн. Гадаад юу байхав ганц компанийн л хөрөнгө оруулалт. Бид цаашдаа дандаа ийм хөрөнгө оруулалттай байх юм байна гэсэн ойлголтоор молиго үмхүүлсэн юм билээ. Тавантолгой дээр надад тийм асуудал байхгүй. Ноднин таныг наад асуудлаар хичээллээд байхаар чинь би хэлсэн дээ. Буруу зөрүү юм байвал хууль хяналтын байгууллагаар тогтоолго гэж. Би тийм асуудалд ордог хүн биш. Өөр шигээ битгий санаж бай.

УИХ-ын гишүүн Сү.Батболд:

-Монгол Улсын эдийн засгийн хөгжил бол бид бүгдийн санаа зовоож буй асуудал.  Сөрөг хүчин бүх асуудал дээр эсрэг байр суурь баримталдаг гэж шүүмжилдэг ч бид болж байгаа зөв  бодлогыг дэмжиж, хэлэх зүйлээ хийж, оролцох зүйлдээ оролцоод л явж байгаа. Энэ утгаараа өнөөдөр Засгийн газраас зохион байгуулсан монголын бизнесийн дээд хэмжээний уулзалтад оролцож, санал бодлоо солилцлоо. Гадны олон төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна лээ. Тэд ярихдаа өмнө нь хөрөнгө оруулалтын орчин ойлгомжтой, их өргөн хүрээтэй байсан гэж дүгнэж байна. Гэтэл сая Ерөнхий сайд мэдээлэлдээ өмнөх хөрөнгө оруулалт зөвхөн Оюутолгой дээр суурилж байсан гэж хэллээ. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны хийсэн мэдээллээр 2011, 2012 онд гадаадаас  орж ирсэн нийт валютын урсгалын 20-30 хувийг Оюутолгойн хөрөнгө оруулалт эзэлж, 2013 онд Оюутолгойтой холбоотой валютын урсгал хэдийгээр багассан ч гэсэн нийт валютын урсгалын 60 хувийг эзэлж байна гэж мэдээлсэн. Валютын урсгал ямар байгаад ямар болсон, тэр дотроо Оюутолгойн оруулж буй урсгал ямар хэмжээнд хүрснийг харж болох юм. Энэ тоон үзүүлэлтүүдийг болгоомжтой авч үзэхгүй бол зөрүү ойлголттой, тоо баримтаар зөрсөн маргааны сэдэв болох вий дээ. Мөн бодлогын залгамж чанар дээр шууд хөрөнгө оруулалт нөлөөлж байгааг ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй л дээ.

Бодлогын залгамж чанараа хадгалсан, өмнөх хийж байсан зүйлд алдаа байсан бол засч залруулсан дунд хугацааны хөгжлийн төлөвлөлт их чухал юм. Бид ч бас засгийн эрхэнд байхдаа ийм санал санаачилгыг гаргаж байлаа. Хөгжлийн бодлогыг сонгуулиас сонгуульд биш дунд хугацааны, урт хугацааны хөгжлийн төлөвлөлт хийе гэдэг энэ саналыг Ерөнхий сайд та юу гэж бодож байна вэ. 100 хоногийн дотор хөрөнгө оруулалтыг шууд нэмэгдүүлээд явах боломж маш хомс, тэгээд ч зээл аваад асуудлыг шийдээд явах нь сөрөг олон зүйлийг дагуулна. Хувьчлалыг Хөрөнгийн биржээр дамжуулан хийх бодлогыг бид барьж байсан, энэ бодлого хэрэгжих боломж байгаа юу, түүнчлэн цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх тухай ямар бодлого барьж байна вэ.  Эдийн засаг унаж байгаа ч өсөлт байгаа гэж Эдийн засгийн хөгжлийн сайд мэдэгдэж байгаа. Энэ өсөлт яагаад хүн дээрээ очих, цалин хөлс тэтгэвэр тэтгэмж, халамжийн зохистой бодлого дээрээ очихгүй байна вэ, эсвэл иргэдийн шүүмжлээд байгаа томоохон компаниудад энэ өсөлт наалдаад байна уу, энэ талаар тодорхой хариултыг өгөөч гэсэн юм.

Ерөнхий сайд  Н.Алтанхуяг:

-Хөгжлийн төлөвлөлтийн хуулийг Засгийн газар дээр ярьсан. Тийм баримт бичиг хэрэггүй, харин хөгжлийн бодлогыг төлөвлөдөг, цэгцэлдэг болох хэрэгтэй гэж үзээд хуулийн төсөл өргөн барихаар шийдвэрлэсэн. Зээл аваад хөгжихгүй гэдэг таны саналтай санал нэг байна. Хөрөнгө оруулалтыг зугуухан, нэг нь том байлаа гэхэд нөгөөх нь  тасралтгүй  дагаж явдаг гэх мэтээр олон арга ухаан баймаар юм шиг байгаа юм. Хөрөнгийн биржийн хувьд компаниудыг нэг өдөр пад гээд хувьчлахгүй, тодорхой хэмжээгээр Хөрөнгийн биржээрээ явуулах нь зөв гэдэг бодлого барьж байгаа.

Ш.ЧИМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж