“Цонжин болдог” орчимд буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Баян даваагийн адаг зам дээр Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан орон нутгийн автобус осолдож 6 хүн газар дээрээ нас барсан ноцтой осол гарлаа. Уг осол өнөөдөр өглөө 07.30 минутанд орчимд замын эргэлтэн дээр машин гүйцэж түрүүлэх гэж байгаад, замын хажуу руу орж 4-5 удаа бүтэн эргэж осолдсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Осолдсон тээврийн хэрэгсэл нь орон нутагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Дайчин сүх” ХХК-ийн автобус байсан бөгөөд автобусанд нийт 47 хүнтэй зорчиж явжээ.
Хүнд, хүндэвтэр гэмтэл авсан хохирогчдыг Налайх дүүргийн эмнэлэгт хүргэж яаралтай тусламж үзүүлсэн бөгөөд Налайхад гурван хүн яаралтай хагалгаанд орж үлдсэн хүмүүс нь ГССҮТ-д ирүүлжээ. Эдгээр 18 хүний зургаа нь яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа аж.
Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга Б.Эрдэнэбатаас энэ талаар тодруулахад: “Ослын улмаас гурван эмэгтэй, гурван эрэгтэй газар дээрээ нас барсан. Энэ ослоос болж 6 настай хүүхдийн ээж нь нас барсанаас болж гэр бүлийнхэн нь гүн шоконд орсон байгаа байдалтай байна. Дөнгөж сая манайд хүргэгдэж ирсэн нэг өвчтөн халалгаанд ороод амжилттай дууслаа” гэв.
Үдээс хойш аймгийн төвөөс осолд өртсөн хүмүүсийн ар гэрийнхнийг Улаанбаатар хот руу авчирсан байна. Ослын газарт Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн аврах шуурхай салбарын алба хаагчид, Налайх дүүргийн онцгой байдлын хэлтэс, Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Уул уурхайн аврах ангийн нийт 10 гаруй автомашин, 41 хүн ажилласан байна.
Гэрэл зургийг Т.МӨНХЖАРГАЛ
Б.БАТБААСАН