Монголын шинэ залуу шилдэг хөгжимчид болох хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нарын “The tunes of Mongolia” тоглолт 6 сарын 28-ны 19 цагт MSM компанийн show room-д болно.
Сонгодог урлагийн салбарт хэзээний танил болсон уран бүтээлчид 2013 онд дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлээс бүрдсэн “The Best of classics” хамтарсан тоглолтоо Улаанбаатар хот болон Хонконгд тоглож байсан. Харин энэ удаад Монголын шилдэг хөгжмийн зохиолчид болох Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Б.Шарав, З.Хангал, Э.Чойдог, Ж.Чулуун, Н.Жанцанноров нарын аялгуу тансаг хөг эгшгээр үзэгч олны сонорыг мялаана.
Уран бүтээлч бүсгүйчүүдийн даашинзыг загвар зохион бүтээгч Ариунаа Сүри урласан бол тоглолтод эгшиглэх хөгжмийг гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн “Хөх тэнгэрийн орноор” үзэсгэлэнгийн шилдэг зургууд чимнэ. Тоглолтын тасалбарыг easyticket.mn сайтаар борлуулж байна.
О.САР