А.Басхүүг FILA-гийн “Алдарын тамхим”-д өргөмжилнө

Хуучирсан мэдээ: 2014.06.20-нд нийтлэгдсэн

А.Басхүүг FILA-гийн “Алдарын тамхим”-д өргөмжилнө

Нэрт дасгалжуулагч, шилдэг шүүгч Адуучийн Басхүү Дэлхийн бөхийн спортын алдартнуудын “Алдарын тамхим”-д өргөмжлөгдөх болов.

ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч,  Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, XX зууны шилдэг шүүгч  Адуучийн Басхүүг Дэлхийн бөхийн спортын алдартнуудын “Алдарын тамхим”-д өргөмжлөхөөр Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA)-ны Товчооны 2014 оны зургадугаар сарын 14-ний хурлаар шийдвэрлэж, тус албан ёсны ёслолын арга хэмжээнд оролцох бүх зардлыг хариуцахаа мэдэгджээ. Энэхүү “Алдарын тамхим”-д одоогоор Дэлхийн шилдэг шүүгчдээс  найман хүнийг өргөмжилсөн байдаг бөгөөд олон улсын шилдэг шүүгч А.Басхүү ес дэх нь буюу Монголын анхны төлөөлөл болж байгаа юм.

А.Басхүү нь 1976 онд улсын шүүгч, 1978 онд олон улсын 2-р зэргийн шүүгчийг шууд авч, 1981 онд олон улсын 1-р зэрэг, 1983 онд Олон Улсын Шилэгдмэл шүүгч, 2009 онд Олимпийн зэрэглэлийн шүүгч болсноос хойш 50 шахам жил энэ спортын төлөө дасгалжуулагч, зүтгэлтэн, шүүгчээр ажиллан,  хүчин зүтгэл, сэтгэл оюун, хөдөлмөрөө зориулжээ.

Тэрээр олимпийн их наадамд зургаа, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 30, “Дэлхийн цом”-ын тэмцээнд дөрөв, Европын болон Азийн аварга шалгаруулах тэмцээн,  Азийн наадмыг 45 удаа тус тус шүүсэн Монголын цорын ганц шүүгч төдийгүй, дэлхийн тоотой шилдэг шүүгчдийн нэг билээ. А.Басхүү нь шударга зан чанар, мэдлэг, ур чадвараараа шалгаран 1991 оноос Азийн бөхийн нэгдсэн хорооны шүүгчийн комиссын гишүүнээр, 2006-2008 онуудад Олон улсын бөхийн холбооны Шүүгчийн зөвлөлийн гишүүнээр томилогдон ажилласныг онцлох нь зөв биз ээ.

Бөхийн спортыг өөрийн болон тив, дэлхийн хэмжээнд хөгжүүлэхэд оруулсан түүний идэвхи зүтгэл, хувь нэмрийг  үнэлж, Олон улсын бөхийн холбооноос 1987 онд “Мөнгө”, 1990 онд “Алтан” медаль, 1988 онд Сөүлийн олимпийн  наадмаас “Алтан шүгэл” шагнал, 2001 онд ОУБТНХ-ны дээд шагнал “Алтан  одон”-гоор тус тус шагнаж байжээ.

Ийнхүү Монголын иргэнийг “Алдрын танхим”-д өргөмжилж буй нь  спортын нэрт зүтгэлтэн А.Басхүүгийн олон улсын талбарт, бөхийн спортын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж буй үнэлэмж билээ. Монгол Улсын Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч А.Басхүү удахгүй FILA-гийн “Алдарын танхим”-ын ёслолд очиж оролцох юм байна. 

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж