Дарханы замыг засна гэв

Хуучирсан мэдээ: 2014.06.20-нд нийтлэгдсэн

Дарханы замыг засна гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг мэдээлэл хийсний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Дархан-Уул аймгийн зам эвдэрсэнээс өнгөрсөн өдрүүдэд есөн ч аваар гарсан гэнэ. Дарханы замыг янзалчихвал ажилд их тустай байдаг. Замыг засах уу.

Зам тээврийн сайд А.Гансүхий тайлбарласнаар төмөр замд 400 сая доллар өгнө гэчихээд талыг нь Засгийн газар өгөхгүй гэх юм. Хөрөнгийг нь хурдхан шийдчихэж болдоггүй юм уу гэв.

Ерөнхий сайдын тайлбараар бол шинэ төмөр зам барихад зориулж Чингис бондоос 400 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн, үүнээс 200 сая ам.долларыг нь олгосон. Үлдсэн 200 сая ам.долларыг олгохын тулд тодорхой нөхцөлтэй. Монголын тал гадаадын хөрөнгө оруулагчтай нийлж, компани байгуулах ёстой. Тэндээс санхүүжилт гаргах ёстой, гэтэл хувийн хөрөнгө оруулагч нь орж ирээгүй, мөн 200 сая ам.долларыг зөвхөн төмөр зам барих даланд оруулах нь эрсдэлтэй, гурав дахь шалтгаан нь цариг шийдэгдээгүй байгаа учраас хөрөнгө оруулалтыг өгөх бололцоо бүрдэхгүй байгаа аж. Харин салбарын яам нь үлдэгдэл 200 сая ам.долларыг яаралтай олгохыг шаардаж буй юм байна.

Дарханы замын тухайд засахаар болжээ. Холбогдох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнгийн эхнэр “Эрдэнэс тавантолгой” компанид 4.8 тэрбумын хашаа шахсан гэх юм. Ингэж болдог юм уу. Үүнд та хариулт өг” гэв.

Дээрх асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Тавантолгойд тийм юм байхгүй, буруу зөрүү юм байвал хууль хяналтын байгууллагад хандаж тогтоолго. Өөр шигээ юм битгий бод” гэв.

Тэгвэл УИХ-ын дэд дарга М.Энхболд “УИХ-аас баталж өгсөнөөр энэ оны эхний зургаан сард 637.9 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн байх ёстой атал ердөө 221.1 тэрбум төгрөгтэй тэнцэх ажил хийгдэж… УИХ-аас баталсан ажлаас ердөө гуравны нэгийг нь хийж, ийм хурдаар ажиллавал энэ улс орон яах болж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Энхболд “Та бүх юм сайхан байна, амьдрал сайн байгаа гэж ярьсаар суутал эдийн засаг хүндэрч, компаниуд ажилтнуудаа 200, 300-гаар нь цомхотгож байна. Ийм хүнд үед Засгийн газар хэрэггүй зардлуудаа танаад, бодлогын хүүгээ өөрчлөх ёстой. Богино хугацаанд яаралтай засах арга хэмжээг Засгийн газар авахгүй байна.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг санаачиллаа гэсэн. Гэтэл сайн дурын үндсэн дээр хөрөнгө орлогоо мэдүүлэх хугацааг 2014 оны долдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-н гэж хязгаарласан нь хардлага төрүүлж байна. Ерөнхий сайд та өөрөө худлаа ярьж итгэл их эвдэж байна” гэсэн юм.

Ийнхүү гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа Засгийн газрын цагийг өндөрлүүлж, үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж байсан Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэх ёстой байсан ч ирэх долоо хоног хүртэл хойшлууллаа.

Ийн хойшлуулахад Ерөнхий сайдын үг нөлөөлөв бололтой. Тэрээр “Эдийн засгийн хөгжлийн яамнаас өнөөдөр өглөө чагнах төхөөрөмж илэрсэн байна. Чуулганы танхимд Эдийн засгийн хөгжлийн яамнаас бусад яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар ирсэн байгаа. Бүгд миний өрөөнд цуглана. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Шинэбаатар нар чагнах төхөөрөмж илэрсэнтэй холбоотойгоор гадуур ажиллаж байна гэсэн юм.

Ийм тайлбар хийнгүүт УИХ-ын дарга З.Энхболд энэ өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлснийг мэдэгдсэн юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж