Хувийн хэвшил хөгжлийн гараанд гарах уу?

Хуучирсан мэдээ: 2014.06.20-нд нийтлэгдсэн

Хувийн хэвшил хөгжлийн гараанд гарах уу?

-“Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт” болж, бизнес эрхлэлтийн орчинг тал бүрээс нь ярилцлаа-

Монголын төр, хувийн хэвшил хамтдаа нэг замаар явж буй гэдгийг гадаадын хөрөнгө оруулагчдад төрүүлж, улмаар гадаад харилцаа, бизнесийн итгэлийг сэргээх том зорилгыг агуулсан  “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт” өнөөдөр “Их тэнгэр” цогцолборт үргэлжилж байна.  Өчигдөр эхэлсэн дээд хэмжээний уулзалтад өнөөдөр ийнхүү гадаад, дотоодын нийт 300 орчим хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийн төлөөлөл чуулж, бизнесийн орчинд эв эеэ хэрхэн ололцох талаар ярилцаж буй. Монголын төр засаг, хувийн хэвшил нэгдэн нягтарч, хөгжлийн замд хэрхэн тэмүүлж байгааг ажиглахаар Австрали, БНХАУ, ХБНГУ, Турк, Энэтхэг, Япон, ОХУ, АНУ зэрэг 20 орчим улсын хөрөнгө оруулагчид болон Монголд суугаа Элчин сайдын яамны албаныхан уулзалтад ирсэн юм. Хурлаар хэлэлцэх асуудлын хувьд санхүү, барилга, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсруулах үйлдвэр, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө гэх зэрэг салбар бүрээр төрөлжүүлж буй. Түүнчлэн энэ үеэр гадны хөрөнгө оруулагчдад төмөр зам, “Тавантолгой” цахилгаан станц, мах боловсруулах үйлдвэр, Эгийн голын усан цахилгаан станц, хурдны зам, цементийн төслүүдийг танилцуулах ажээ.

Энэ удаагийн уулзалтад төр засгаас ихээхэн анхаарал хандуулж буйн нэг илрэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувийн хэвшлийнхнийг хэрхэн дэмжих талаарх улсын хэтдээ баримтлах бодлого агуулсан илтгэл хэлэлцүүлсэн нь байлаа. Тэрбээр илтгэлдээ “Монголын сайн сайхны төлөөх үйлсэд хувь нэмэр оруулж байдаг хувийн хэвшлийнхэндээ талархал илэрхийлж байна. Хувийн хэвшил хамгийн бага зардлаар ашигтай, хариуцлагатай ажилладаг учраас улсын хөгжлийн хөтөч болдог. Аливаа хямралын үед бодит сектор буюу хувийн хэвшил тэсч үлддэг юм байна. Хувийн хэвшил ороогүй салбар унадаг юм байна. Гэтэл хувийн хэвшлийнхэнд эргэлтийн хөрөнгө алга. Тиймээс төртэй ямар байдлаар хамтарч, дэмжлэг авах юм бэ гэдгээ хувийн хэвшлийнхэн тодорхой гаргаж ирэх ёстой” гэж хэлсэн юм. Тэрбээр мөн хэд хэдэн тодорхой санал хэлж байлаа.

Монголын хөрөнгийг биржийг хувьчилъя

23 орчим жилийн түүхтэй Монголын хөрөнгийн бирж сүүлийн үед нэлээд хөдөлгөөнтэй байгаа. Удирдлагын томилгоо тодорхойгүй удсанаас гадаадын хөрөнгө оруулагчид ч түр азнах шинжтэй. Тэгвэл МХБ-ийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын хөрөнгийн бирж удирдлага болон арилжааны шимтгэлээс болоод хөгжихгүй байна. Тиймээс МХБ-ийг брокерийн компаниудад нь хувьчлаад өгчих хэрэгтэй” гэж онцлов. Арилжааны шимтгэл өндөр, арилжаанд орж гарах нь бэрхшээлтэй тул сүүлийн үеийн шийдлийг үүнд нэвтрүүлэх хэрэгтэй гэв. Компаниудын засаглалыг сайжруулж, хувьцааг биржээр арилжин нээлттэй худалдах нь Том төрөөс ухаалаг төр лүү шилжих тод илрэл болох ажээ.

Санхүүгийн шинэ бүтээгдэхүүн-бизнесийн моргейжийг нэвтрүүлэх

Монголд орон сууцны моргейжийн зээл нэвтрээд нэг жил болсон бол үүнтэй адилаар санхүүгийн шинэ бүтээгдэхүүн гаргах хэрэгтэйг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэснийг бизнес эрхлэгчид талархан хүлээж авч байлаа. Тодруулбал, бизнесийн моргейжийг оруулж ирэх асуудлыг одооноос ийнхүү ярьж эхэлж байна. Банк, санхүү, хувийн хэвшлийнхэн бизнесийн моргейжийн зээлд чимээгүйхэн хэрнээ их хүлээлттэй байсныг өнөөдрийн дээд хэмжээний уулзалтын үеэр ажиглалаа. Энэ асуудалд эдийн засагчид болон хувийн хэвшлийн төлөөллөөс байр суурийг нь сонирхсон юм.

“Мандал ассет менежмент” ХХК-ийн ерөнхийлөгч, Санхүүгийн зах зээлийн холбооны дэд ерөнхийлөгч Л.Бямбаа:

-Моргейжийн зээлийг хувийн хэвшил рүү оруулах нь зөв. Бизнес эрхлэх явцад үл хөдлөх хөрөнгө, түрээс, орон байрны гээд шаардлагатай үндсэн хөрөнгийн зардал бол томд тооцогддог. Тиймээс хувийн хэвшлийнхний нуруун дээр ирдэг энэ санхүүжилтийн зардлын ачааллыг бууруулахын тулд санхүүгийн шинэ бүтээгдэхүүн гаргах замаар моргежийн зээл рүү холбох нь их зөв. Орон сууцны моргейж гэж байдаг шиг оффисын байрны, тоног төхөөрөмжийн зээлийг хувийн хэвшилд олгох боломжтой.  Ингэхийн тулд хуулиудад том өөрчлөлт оруулах шаардлагагүй. Банкууд хувийн хэвшилтэйгээ сайн тохирч, эрсдлээ үндэслэлтэй тооцож, бүтээгдэхүүнээ гаргах ёстой. Үүнд банкны секторын үүрэг ороцлоо их. Харин шаардлагатай эрсдлийг нөхөхийн тулд давхар даатгалын асуудал энд яригдана.

-Давхар даатгах шаардлага бий болно гэснээс Үндэсний даатгалын корпораци байгуулах асуудал ямар явцтай байгаа талаарх мэдээлэл танд байна уу?

-Корпорацийг хэзэ байгуулах талаарх тодорхой мэдээлэл одоогоор алга. Энэ асуудлыг хувийн хэвшлийн үүднээс харахад төр адилхан концепцтэй бизнест  орж өрсөлдөх нь буруу. Үүний оронд давхар даатгал, улсын эрсдлийг батлан даах экспортын даатгал хийх үйлчилгээг төрөөс үзүүлэх тал руугаа байвал зохимжтой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад байгаа ердийн болон урт хугацааны даатгалын үйл ажиллагаанд төр давхардаж орох бус, экспортын эсвэл давхар даатгалын тогтолцоонд орох нь оновчтой юм.  Одоо Монголд давхар даатгалын корпораци байхгүй учраас манай даатгалын компаниуд өөрсөд дээрээ авч чадахааргүй эрсдлээ гадны даатгалын компанид давхар даатгуулдаг. Ингэхээр мөнгөний урсгал гадагшилж байна. Бизнесийн секторыг дэмжихийн тулд санхүү, даатгалын салбараар гэхэд дутууг нь нөхөж явах учиртай.

“Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Баттөгс:

-Бизнест моргейжийн зээлийг оруулах нь өнөөгийн нөхцөл байдалд шаардлагатай арга хэмжээ. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт моргейжийн зээлийг нэн тэргүүнд нэвтрүүлэх хэрэгтэй байна. Фермерүүд, тариаланчид банкнаас зээл авахад хүндрэлтэй хэвээр байна. Монголын фермерүүдийг франчайз байдлаар хөгжүүлэхэд моргейжийн үйлчилгээг оруулж ирэх нь чухал юм. Ингэхдээ Монголбанк эсвэл хөрөнгө оруулалтын сангууд моргейжийн зээл дэмжээд баталгаа гаргах байдлаар дэмжвэл хөдөө аж ахуй богино хугацаанд сэргэх таатай боломж, нөхцөл бүрдсэн байна.

 

 

"СEO” клубын ерөнхийлөгч Ц.Түмэнцогт:

-Өнөөдөр Ерөнхийлөгч илтгэлдээ бизнесийн орчинд шаардлагатай байгаа асуудлуудыг хөндөж ярилцлаа. Тухайлбал, бизнесийн орчин дахь хүнд суртлыг арилгах, төрийн оролцоог багасгах, одоо байгаа төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, хөрөнгийн биржээр үнэт цаасыг нь арилжаалах, нийтийн хяналттай болгох, санхүүгийн хүндрэлтэй үед бизнесийн моргейжийг ашиглах талаар ярьж байна. Мөн нэг чухал, нийтлэг асуудал бол хувийн хэвшлийнхэн авсан бүх санхүүжилтээ нэг зүйл зарцуулаад дуусгачихаж байна. Жишээ нь, түрүүн хурлын үеэр хэлсэнчлэн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт байлаа гэхэд хувийн хэвшлийнхэн нэг л үл хөдлөх хөрөнгө авч байгаа нь цаашаа эргэлтийн хөрөнгөгүй болоход хүргэж байна. Ингээд арилжааны банкнаас зээл хөөцөлдөөд бүтэхгүй тохиолдол их. Үүний оронд 200 сая төгрөгийнхөө 60 сая төгрөгийг үл хөдлөх хөрөнгөдөө зориулж, урьдчилгаа төлбөр хийгээд 140 сая төгрөгөөр нь тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө, ажилчдынхаа цалинг тавих тэрхүү зардлаа тооцох хэрэгтэйг хэлж байна. Өөрөөр хэлбэл олон талт боломжийг хайх, ашиглах хэрэгтэй.

Бүгд найрамдах Турк улсад суугаа Монголын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Батхишиг:

-Хувийн хэвшилд эрх чөлөөг нь олгоё, төр өөрийн байрандаа байя гэдэг нь маш зөв санал. Гадаадад ажиллаж байгаа дипломатуудын хувьд тухайн улсынхаа бизнес эрхлэгчдийг Монголын бизнес эрхлэгчидтэй холбохыг эрмэлздэг. Сүүлийн үед Туркийн хувийн бизнес эрхлэгчдээс Монголд хөрөнгө оруулалт хийх нь нэмэгдэх хандлагатай байна. 1990-2012 он хүртэл жилд ердөө 8 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн бол энэ жил гэхэд 170 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр байна. Эхнийх нь гэхэд Баянзүрх дүүрэгт 3000 айлын орон сууцны том хороолол баригдаж байна. Туркийн нэлээд том хөрөнгө оруулагч энэ жил Говь сүмбэр аймагт салхины цахилгаан станцыг 95 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж барихаар болсон. Мөн Монголд бүрэн шаталттай зуух оруулж ирдэг байсан бол үйлдвэрийг нь Монголд оруулж ирэх гэж байна. Үүгээр 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх зэрэг хөрөнгө оруулалтын болоод Монголын бизнес эрхлэгч, компаниудтай хамтрах сонирхол нь нэмэгдэж байна. Энэ үед Монголын хувийн хэвшлийнхэн өөрсдийн оновчтой санаачлагыг төрдөө уламжилж, төр үүнд өрсөлдөгч биш, дэмжигч байрнаас хандана гэсэн нь цаг үеэ олсон бодлого чиглэл юм.

Ийнхүү дээд хэмжээний уулзалтаас харахад төрийн бодлого чиглэл, хувийн хэвшлийнхний сонирхол нэг шугаман дээр байгааг харж болохоор. Дээр хэлсэнчлэн аливаа хямралын үед дан ганц төр засаг хариуцах бус, хувийн хэвшил нь төртэй ямар байдлаар хамтрахаа илэрхийлж, иргэд үндэсний үзлээр дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжиж, үндсэндээ тал бүрээс хамтрах хэрэгтэй байна гэлээ.

“Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт” маргааш үргэлжилж, гадаад, дотоодын төлөөлөгч нар  “Оюутолгой” төсөл, “Говь” ХК, “МАК” корпорацийн үйл ажиллагаатай танилцах ажээ.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж