Гүйх гэж төрсөн хүмүүс гэж байна. Ямар ч морь, буга тэдний тасралтгүй гүйх чадлыг бараадахгүй. Шөнийн турш 100 км замыг зогсолтгүй гүйгээд туулчихна. Тэднийг Рарамуричууд (Тарахумарачууд) гэдэг.
– Яагаад ингэж их гүйдэг юм бэ?
– No se (мэдэхгүй)
Тэд ингэж л хариулна. Рарамуричуудад хувийн сэтгэгдэлээ хэлээр илэрхийлэх соёл гэж байхгүй.
Тэр нь ч яая гэсэн,… ер нь яагаад гүйдэг юм бол?
- Арнулфо
Мексикийн уулын бүсийн гүн дэхь “Коппер хавцал”. Мөнөөх Америкийн алдарт “Grand canyon”-оос 4 дахин уудам энэхүү хад чулуу болсон уулын хөвөөгөөр Рарамуричууд амьдардаг. Суурин газраас холоо алслагдах тэдний гацаанууд уулын хавцал бэлээр тархан байрлана.
Тэнд, гүйдэг омгийнхон Рарамуричууд дотроо ч хол тасархай гүйгч (runner) Арнулфо гэгч бий. Нутгийн хүмүүс бол хэн нь ч андахгүй хэлээд өгнө. Рарамуричуудын нутгийн тэмцээнд 5 аваргалж, манайхаар бол дархан аварга гэж хүндлэгдэх түүний нэр сүр өндөр.
Рарамуричуудын нэр дэлхийд танигдах болсон нь 1990-ээд оны үе. Агуу гүйгч Арнулфо 1996 онд Лос-Анжелест зохиогдсон 160км-т өрсөлдөх уулын марафонд тэргүүн байр, бусад Рарамуричууд ч дээгүүр байруудыг битүү дүүргэж дэлхийг уулга алдуулсан гэдэг.
Арнулфогийн амьдардаг газар гэвэл, далайн түвшинээс 2,400 км өргөгдсөн уулын оргил дахь сийрэг агаар бүхий орчин. Тэнд барагтай бол хүнтэй тааралдана гэж үгүй. Өдрийн ажил гэвэл ямаагаа хариулна, эрдэнэ шишээ тарина, өдөртөө 2 хоолтой. Өөрсдийнхөө хэрэгцээг өөрсдөө л хангана. Мөнгө гэвэл ямаагаа зарахаас өөр юмгүй. Гүйлтийн бэлтгэл гээд тусгайлан хийх юм байхгүй. Өдөр тутмын амьдрал нь л тэр чигээрээ бэлтгэл болоод өгнө.
Жишээ нь өдөртөө 2 удаа усаа татна. Уруудаад 300 метр хэртэй уулын замыг Арнулфо шогшиж буугаад, өгсөхдөө 20 литр устай сав мөрөндөө тохоод гүйгээд ирнэ. Үүнийг хүүхэд байхаасаа өдөр болгон хийж ирсэн гэх.
үргэлжлэл: tomyo-bodyo.blogspot.com