Юухнаар ч үндэсний онцлогоо илэрхийлэх өвөрлөгчид
Монголын парламентын сэтгүүлчдийн холбоо, МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлчдийн багийнхан Хөххотод хоёр хоног саатаж шинжлэх ухаан, технологийн ололт, байгаль экологио хэрхэн тордон сайжруулж байгаатай нь танилцаад Баяннуур хотыг зорилоо. Замын холд биднийг зугаацуулж явсан гол хүн нь ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны Гадаад суртал ухуулгын газрын дарга Д.Баянжаргал байв. Гучин хэм хол давсан говийн халуунд нозоорч нойрмоглох ч юм уу, үргэлж инээж, дуулж, шуугиж явсан манай багийнхны чимээ намжмаар аядвал Д.Баянжаргал дарга босч ирэн гараараа донжтой дохиж “Намайг дагаад чэнгэ , чэнгэ” хэмээн алиална.
Бас “Зүү гэдэг нь төмөр юм, Жүгдэр нанаа хө хө
Зүрх гэдэг нь мах юм, Жүгдэр нанаа хө хө” гэх юм уу
“Зүүн тийш нь, баруун тийш нь ажиглаад харвал даа хө
Зүйтэй төрсөн Жүйен хуарын зүүн хөлийн мөр байна аа хө” гээд л Өвөр Монгол ардын дуунуудаас авч өгнө.
Замын хажуугаар Даланхар уул суналзан дагана. Хэчнээн ч урт уул юм бүү мэд. Хөххотоос гарч Бугат хотын арын хурдны замаар сүнгэнүүлж явахад ч Даланхарын нуруу үргэлжилсээр. Бугатын цаахна “Алтан хааны өргөө” гэх алтан дээвэртэй гоёмсог сүм харагдав. Монголын түүхийн бас нэг нандин өв соёл тэр аж. Тийн явсаар байтал төгсгөлгүй мэт сунайн байсан Даланхарын нуруу гэнэт зог тусан тасарч тал газар үргэлжлэв.
Баяннуур хотын зах руу ормогц Монголын гэх өвөрмөц төрхийг алхам тутамд шигтгэсэн шинэ тутам хөгжиж буй орон газар биднийг угтлаа. Замын дагуух гэрэлтүүлгийн шонгийн орой бүрт эртний туг хиурын залаа, цацгийг дуурайлгасан чимэглэл хатгаж, нумын ар хэлбэртэй бэхэлгээнд чийдэн өлгөжээ. Цацал өргөж буй бүсгүй, хадаг дэлгэсэн эмэгтэй, морин хууртай өвгөн хуурчийн баримлыг хаа сайгүй харж болно. Үгүй ядахдаа гол дээгүүр тавьсан гүүрийн баганыг асар том морин хуураар дүрсэлж, хуурын чавхдас нь гүүрийн татлага болсон байхыг Хөххотод үзсэн билээ. Өндөр шилэн байшингийн нүүрний энгээр байгууллагын хаягийг босоо монгол бичгээр таталгахдаа толгой үсгийг морин толгойн алтадмал хэлбэр гарган урлажээ. Зоогийн ширээний голын зайд хүртэл ногоон зүлгэн дээр цагаан гэрээ барьсан малчин айлын гадуур таван хошуу мал бэлчиж, тэрэг чингэлгээ угсран тавьсныг харуулсан байх юм гээч.
Монгол төрх, өв уламжлалаа хадгалж үлдсэн Урадын хойд хошууны Баянбулаг сууринд хүүхэд багачууд монгол дээл хувцсаа өмсөж, босоо монгол бичгээрээ хичээллэж байна. Урад гэдэг нь урчууд гэсэн үг бөгөөд эрт үед гар урлал, дархан, мужааны ажлаараа нэрд гарч явсан удам угсааны үргэлжлэл гэдгээрээ бахархах ажээ. Монгол Улсын Өмнөговь аймгийн чанх урд орших эл тал нутагт наадам дөхөж, манайхны нэгэн адил дунд оврын ачааны машинд хурдан морьдоо ачин наадах газартаа дөхөж яваа нь элбэг тааралдаж байлаа.
Баяннуур хот өмнө нь аймгийн төв байжээ. Одоо бол аймгийн энтэй хот гэх дэстэй. Уг нь энэ хотыг ангамал цөл газар байгуулсан ч ажилсаг хүмүүсийн гараар олон жилийн өмнө Шар мөрөн буюу Хатан голоос суваг татан ундаалснаар дундуур нь сэрүү татсан мөрөн цэлэлзэж байна. Нийт 2,3 км газар суваг татан хотыг ундаалсныг бэлгэдэж хүний гараар бүтсэн хоёр дахь Хатан голын хөвөөнд 230 м дэлгэмэл хөшөө босгож, музей байгуулжээ. Хүрз, жоотуу төдийхнөөр малтаж, олон хүн амь нас, эрүүл мэндээ золиослон Шар мөрнийг Баянннуур руу татсан нь өдгөө байгалиас тэгж заяасан мэт мэлтэрнэ. Хатан голын эхнээс хэдэн тийш салаалан суваг татсан нь лууны сахал хэлбэртэй болж, Шар мөрнийг бас Луун мөрөн хэмээн нэрлэх болжээ.Бид гол мөрнөө ширгээн хатааж байхад өмнө газрын хүн зон амиараа тахил өргөн байж газар шороогоо ундаалж, тариа ногоогоо усалж, эзгүй зэлүүдэд амьдрал цогцлоохоор борооны дуслыг хурааж, голын голдрилыг ангамал цөл тийш эргүүлж байна.
“Стрессгүй” хонь
Баяннуур хотод Линьхэгийн Фүчуаны орчин үеийн ноос, махны чиглэлийн хонь тэжээн үржүүлэх шинжлэх ухаан, технологийн паркаар орлоо. Улаантуг сууринд байрлах энэ паркад 30 мянган толгой хонийг маллаж байна. Үүний 10 мянга нь эх мал бол үлдсэн нь нялх хурга болон нядалгаанд оруулахаар бордож буй сувай хонь юм. Баяннуурын нутгийн хонь нь хар нүдэн, бор нүдэн гээд монгол хоньтой ижил зүстэй ч нялх тугалын дайтай том товируун биетэй. Бас Австриалаас авчирсан меринус хоньдыг дангаар нь болон нутгийн хоньтой эрлийзжүүлэн өсгөж байна. Аль аль нь бие том товируун, ноос арвин, махны гарц өндөр, сүү шим их ажээ. Нутгийн хонь ганц хурга гаргадаг бол эрлийз нь голдуу ихэрлэдэг, аж ахуйнхан хониноосоо хоёр жилд гурван удаа төл авдаг гэнэ. Эр хургыг таван сартайд нь нядалгаанд оруулна. Мөн сувайрсан, хургаа голсон эм хонь “цаазын ял”-тай.
Эдгээр хоньд “Сүх далайтал үхэр амар” гэгчээр мах комбинатын үүдээр ортлоо өчүүхэн ч “стрессгүй”. Халуун өдөр байрандаа өнжинө. Агаарын температур нэмэх 30 хэмээс хэтэрсэн үед дээрээс нь усаар шүршиж агаарыг чийгшүүлэн хоньдоо сэрүүцүүлнэ. Шүршихийг өвөрлөгчид “сүрчих” гэнэ. Үнэртэнг “Сүрчиг” гэдэг нь эндээс үүссэн нэршил биз ээ. Өвөлдөө дээвэрт нь байрлуулсан дулаан хураагуураар нарны эрчим хүч хурааж байрыг нь дулаацуулна. Байрны гадуур идэш тэжээлийг нь цувуулан тавьжээ.
Биднийг очиход нялх хургатай хоньд сүүдэрлэх нь сүүдэрлэж, нарлах нь нарлан налайж байв. Байрны гадуур идэш тэжээлийг нь цувуулан тавьжээ. Малыг хөөх туух, айлгах, үргээх нь мах, сүүний гарцад сөргөөр нөлөөлдөг, тэр бүү хэл махны чанарыг үлэмж муутгаж, айдсын энерги хурсан мах хоол биш хор болдгийг шинжлэх ухаанаар нотолсон учир малчид мал руугаа муухай харахаа ч больж “Хайртай шүү, хайртай” хэмээн аргадан өсгөх болсон байна.
Олон төрөл гурил хийгээд Бортохойн сархад
Бидний мэдэх гурилын төрөл дээдийн дээд, дээд, нэгдүгээр, хоёрдугаар, арвайн гэсхийгээд дуусдаг бил үү. Өвөр Монголын “Хэн Фэн” хүнсний үйлдвэрээр ороход толгой эргэм олон төрлийн гурил үйлдвэрлэж байв. Италийн тоног төхөөрөмж суурилуулсан уг үйлдвэрээс гарах гурил нь талхны, мантууны, пүнтүүзний, гараар татаж хийдэг гоймонгийн, гурилтай шөлний, бууз, баншны, нарийн боовны гээд цавуулаг, ширхэглэгээрээ өөр өөр. Гурилыг селенээр баяжуулснаар үе мөч, ходоод гэдэсний өвчин анагаах шидтэй болгожээ. Уг гурил нь “Бор тохой” буюу “Хээ тао” брэнд гэдгээрээ өмнөдөд алдартай юм.
Бортохой нутаг мөн сархдаараа зартай. Бортохойн архины үйлдвэрийг 1952 онд байгуулжээ. Тэдний “Хээ тао” архи Өвөр Монголын хамгийн сайн чанарын сархад бөгөөд БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс өргөмжлөл хүртсэн байна. “Хээ тао” архи долоон жил дараалан Хятадын шилдэг 500 бүтээгдэхүүний нэг болж, нэр алдар нь дэлхийд түгжээ. Үйлдвэр дэргэдээ музейтэй. Тэнд архи, дарс хүртэх соёлтой холбоотой археологийн олдворуудаас эхлээд өнөөдөр үйлдэрлэн гаргаж буй бүтээгдэхүүний дээжээс дэлгэжээ.
Энэ зуур ажиглахад өвөрлөгчид тарган морь унаж, торгон дээл өмсөж, мах идэж, архи зооглон дуулж хуурдахаа багасгаж, дэлхий нийтийн жишгийг дагаж, ихэд орчин үежин, шинжлэх ухаан, технологид дулдуйдах болсон явсан газар бүхэнд харагдаж байв.
Хий үзэгдлийн хот буюу цөлийн гайхамшиг
Аяллынхаа үеэр Монголын сэтгүүлчид Ордос дахь Чингисийн онгонд зочилж хүндэтгэл үзүүллээ. Ордос гэдэг нь олон орд өргөөтэй гэсэн үг хэмээхийн сацуу байгалийн баялгийн ордоор арвин гэсэн утгатай гэх тайлбар сонсоод онгонд хөл тавив. Эзэн богдын шарилыг тээсэн хасаг тэрэгний дугуй газарт шигдсэнийг гаргаж эс дийлээд “Төрсөн нутаг тань Дэлүүн болдогтоо бий, Бөртэ хатан тань их өргөөндөө бий” гэхчлэн гуйсны эцэст тэргийг хөдөлгөж, дугуй шигдсэн газарт оймсыг нь онголон үлдээсэн гэх домгоос үүдэн цогцолборыг бүтээжээ. Онгоныг өдгөө дархад ястан харуулуудын 38,39,40 дэх үеийнхэн хамгаалан байх бөгөөд 1400 орчим дархад энэ орчимд аж төрж буй гэх. Эзэн богдын дархан эрхт албатууд гэсэн утгаас дархад гэх нэр үүсчээ.
Тэмүүжиний төрсөн цагаас эхлэн тэнгэрт халих хүртлэх үеийг харуулсан цогцолбор, эзэлсэн газар нутгийг морины туурайн хэлбэрт оруулан дүрсэлсэн газрын зураг, сэтэрт онгон хүлэг морины уяаны шон, саамын дээжийг нь тэнгэрт өргөдөг 99 цагаагч гүүний зэл, эрчүүд гарч хийморио сэргээдэг догшин хар тугт өндөрлөг зэргийг гүн хүндэтгэл, бишрэл төрүүлэм цогцлоожээ. “Эзэн богдын хөрөг зургийг хөргөгч сэлтийн наалт зэрэг хамаа бус газар байрлуулж мэдэх зүйл дээр хэвлэдэггүй” гэх тайлбарлагч бүсгүй Одноогийн үгийг сонсоод Чингис хааныхаа дүрийг архи дарснаас өгсүүлээд амны цаасан дээр хүртэл тавьж орхидог өөрсдөөсөө ичив.
Тариа асгавал хуурагдаж, ус тавибал буцлам Бүрээ манханы халуун элсийг туулж, үдшийн сэрүүнээр шинэ Ордос буюу Кан байши дүүрэгт очлоо. Чин улсын үед аж төрж асан хошуу ноён Түвшинжаргалын номын багш Бадрах нь үнэнч шударга, ард олны хүүхдэд ээлтэйгээрээ ноёноосоо илүү нэрд гарч, басхүү ноёндоо хиа болон очихдоо Чингийн төрийн муу муухайг илчилсэн тул Хиа багш хэмээн хүндлэгдэж, тэр нэр шинэ дүүрэгт хайрлагджээ. “Хиа багш” гэсэн үг сунжирч Кан байши болсон шинэхэн дүүргийг “Чөтгөрийн хот”, “Хий үзэгдлийн хот” гэхчлэн элдвээр хочлохыг бишгүй сонссон. Гэвч газар дээрээ тэр чигээрээ монгол орчин цогцлоосон, өдгөө 1,7 сая хүн суурьшаад буй орчин үеийн гоёмсог хот угтлаа. Цөлд байгуулсан гэдгээрээ АНУ-ын Лас-Вегасын усан оргилуурын дараа дэлхийд хоёрт орох гайхамшигт оргилуур бидний нүд, сэтгэлийг баясгав. Хэдийгээр гэрэл, ус хэмнэх зорилгоор үдшийн 21 цагт оргилуурыг хаадаг ч Монголын сэтгүүлчдийг хүндэтгэн хотын захиргааныхан шөнөөр оргилуураа нээсэн юм.
Хотын төв талбай дээрх Чингисийн дайчдын хөшөө, Тэмүүжиний намтрыг тэр чигээр нь чулуунд сийлэн мөнхөлсөн цогцолбор, Алунгоо эх таван хүүгийн хамт, Чингис хаанд тусалж байсан Тататунгаа, Чанчун бумба тэргүүтэй “гадаадын зөвлөхүүд”-ийн хөшөө, эр хоёр загалын баримал, ордос эмэгтэй малгайн хэлбэрээр байгуулсан кинотеатр, шатрын дүрсүүдийг урласан цэцэрлэг гээд хараа булаах зүйл энэ цэмцгэр, тохилог хотод өчнөөн байна.
Бид өөрсдийгөө “Чингисийн удам” хэмээн цээжээ дэлддэг ч хийсэн, хүндэлсэн нь хэр билээ. Чухам бидний цээжиндээ баринтагласныг тэд хотдоо дэлгэжээ гэсэн бодол төрж явлаа.
Д.ОЮУНЦЭЦЭГ