С.Дэмбэрэл: &#34Bank of China&#34-ийн салбар байгуулагдахгүй

Хуучирсан мэдээ: 2014.06.20-нд нийтлэгдсэн

С.Дэмбэрэл: &#34Bank of China&#34-ийн салбар байгуулагдахгүй

БНХАУ-ын томоохон банк болох "Bank of China"-ийн салбар Монгол Улсад нээгдэхэд УИХ-ын гишүүд гар бие оролцож байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан. "Bank of China"-ийн  салбарыг оруулж ирэхийг дэмжиж, оролцож байгаа гишүүдийн дотор УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл байгаа юм. Тиймээс энэ талаар С.Дэмбэрэл гишүүнээс зарим зүйлийг тодрууллаа.
 
-Зарим хэвлэлээр таныг "Bank of China"-ийн  салбарыг Монголд байгуулахад гар бие gоролцож байгаа гэсэн мэдээлэл яваад байна л даа. Энэ талаар та тайлбар өгөөч?
 
-Харин миний инээд хүрээд л сууж байна. Монголд одоогоор "Bank of China"-ийн  бүртгэгдсэн салбар нь биш төлөөлөгчийн газар нь бүртгэгдсэн таван компани байгаа юм билээ. Хуулийн дагуу Монголбанкны ерөнхийлөгч гадаадын банкны салбар нээх эсэхийг шийдвэрлэдэг.  Одоогоор Монголд салбараа байгуулах гэсэн аливаа улсын банк алга гэсэн тайлбарыг Монголбанк өгсөн. Гадаадын банкны салбар байгуулагдахдаа Монгол Улсын хуулиар тодорхой шалгууртай. Тодруулбал, дэлхийн 100 банкны нэгт орох, рейтингээрээ олон улсын зэрэглэлтэй байх зэрэг хуулиар тогтоосон шалгууртай.
 
-Тэгвэл яагаад ийм мэдээлэл гарах болов?
 
-Би болон бүх намын төлөөлөл багтсан гишүүд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Ажлын хэсгийн ахлагчаар Д.Зоригт гишүүн ажиллаж байна.  "Bank of China" гэх мэт гадаадын банкны талаархи мэдээлэл ажлын хэсгийн ярилцлагын явцад гарч байсан. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүг яаж нэг оронтой тоонд барих, хүүг бууруулахын тулд банкуудын дунд өрсөлдөөн өрнүүлэх боломж байна уу гэдэг талаар ажлын хэсэг ярилцаж байсан. Ажлын хэсэгт бүх намын төлөөллөөс бүрдсэн гишүүд байхад яагаад цөөхөн хэдэн хүний нэр яриад байна вэ гэдэг нь цаанаасаа зорилготой юм болов уу гэж харж байна. Ер нь бол ажлын хэсгийн гишүүд нэгдсэн нэг байр суурьтай байгаа. Тодруулбал, гадаадын банкны салбар нээх нь хуулиараа нээлттэй байгаа ч 2016 оноос хойш ярих асуудал байна гэсэн байр суурьтай байгаа. Харин ажлын хэсгийн зүгээс зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах ямар боломжууд байгааг судалж байна. Ажлын хэсэг  төр өөрөө зээлийн хүүг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс долоон хуульд өөрчлөлт оруулж, төрийн өмчит бүх байгууллагууд арилжааны банкуудад байгуулсан дансанд байршуулахын тулд төрийн байгууллагууд хүү авч байна. Энэ хүүг авахаа болих юм бол арилжааны банкуудын зардал багасах боломжтой. Монгол Улс 23 жилийн турш зээлийн хүүг хоёр оронтой тоонд барьж ирсэн. Зээлийн хүүг бууруулах тал дээр ажлын хэсэг ажиллаж байна.
 
-Ер нь "Bank of China"-ийн салбар Монголд орж ирснээр банкны салбар болон эдийн засагт ямар өөрчлөлт гарах юм бэ?
 
-Энэ асуудлыг ярьвал улстөржүүлээд явна. Бид дотоод нөөц бололцоогоо харж, ашиглах боломжтой байна. Төв банкны тухай хуульд гадаадын банкны салбарыг оруулж болно. Энэ салбарын тодорхой шаардлагын дагуу Монголбанкны ерөнхийлөгч шийдвэрлэнэ гэж заасныхаа дагуу явна. Зээлийн хүүг бууруулах дотоод нөөц боломж байна. Түүнийгээ ашиглая л гэж байгаа.
 
-"Bank of China"-ийн салбар байгуулахыг  төмөр замын царигийн асуудалтай холбож тайлбарлаад байгаа шүү дээ?
 
-Би анхнаас нь энэ асуудлыг огт сонирхоогүй. Яагаад гэвэл би төмөр замын инжежнер биш. УИХ дээр Засгийн газар бодлогоо тодорхойлоод одоо л орж ирж байна. Төмөр замын цариг нь өргөн, нарийн байна уу би мэдэхгүй. УИХ олонхи юу гэж шийднэ, тэрүүгээр л явна.
 
 
Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж