Урсгал зардлыг 38.4 тэрбумаар танасан гэв

Хуучирсан мэдээ: 2014.06.20-нд нийтлэгдсэн

Урсгал зардлыг 38.4 тэрбумаар танасан гэв

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж байна. Уг хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “ЭЗЭН-100” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрхүү мэдээллээр 100 хоногийн хүрээнд Ерөнхий сайдын захирамжаар Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл байгуулагдан  ажиллаж байгаа аж. Тус зөвлөл нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллийг багтаасан 30 гаруй гишүүнтэй, долоо хоногт хоёр удаа хуралдаж, шаардлагатай асуудлын талаар Засгийн газарт зөвлөмж хүргүүлэн, 250 гаруй хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонсож, хөрөнгө оруулалтын хэсэгчилсэн уулзалт зохион байгуулж  хөрөнгө оруулалт хийх боломжтой төслүүдийг танилцуулжээ.

Монгол Улсын Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай, Ашигт  малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай, Өрийн удирдлаганы тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухайхуулийн төслүүд зэрэг нийт 29 хууль, УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлжээ.

Мөн төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжих ажлын хүрээнд төсвийн тодотголоор хэмнэх боломжтой зарим урсгал зардлыг 10-30 хувиар буюу 38.4 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах замаар зардлыг бууруулах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийн давхардал хийдлийг арилгах, зарим төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газрыг нэгтгэн зохион байгуулах, аж ахуйн тооцоонд үе шаттай шилжүүлж  төсвөөс гаргах чиглэлээр нэгдсэн цогц арга хэмжээг авах чиглэлээр ажиллаж байгаа тухай онцоллоо.

Тэгвэл Эдийн засгийг эрчимжүүлэх “Эзэн-100” хөтөлбөрийн хэрэгжилтэд өгсөн УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр танилцуулав. Тэрээр “Засгийн газар өнгөрсөн 42 хоногт эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр бодитой ажил хийсэнгүй. Эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр УИХ-аар хэлэлцүүлж байгаа хуулийн төсөл, бодлого, шийдвэрүүд нь олон түмний ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч, эргэлзээ гайхлыг төрүүлж эхэллээ. Тухайлбал,  Газрыг эдийн засгийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд газрыг гадаадынханд эзэмшүүлэх хуулийн төсөл боловсруулж, ард түмний ширүүн эсэргүүцэлтэй тулгарлаа. Та бүхний газар нутгаа харийнханд эзэмшүүлж эдийн засгийг эрчимжүүлэх ажил иймэрхүү маягаар л өрнөж байна.

Өрийн удирдлагын шинэ тогтолцоог нэвтрүүлэх гэсэн зорилтынхоо хүрээнд өрийн хэмжээг 70 хувьд хүргэх гэсэн шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрийг ард түмэн ихээхэн шүүмжилж, залуучууд энэ санаачилгын эсрэг эвлэлдэн нэгдэх болсон тухай мэдээлэл тасрахгүй байна. МАН-ын бүлэг ч гэсэн улс төрийн бусад хүчин, иргэний нийгэмтэй зөвшилцөхгүй, ард түмнээсээ асуухгүйгээр өр зээлийг огцом нэмэгдүүлж ирээдүй хойч үеэ өрийн колоничлолд оруулахыг хатуу эсэргүүцэх болно. Монголын залуучууд бид өрөнд орж харийнхны ул шагайж амьдармааргүй байна. Эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр ард түмнээсээ асуулгүй өр зээлээ нэмэхийг эсэргүүцэж байна. Цаашдаа ч өрийн хэмжээг нэмэгдүүлэхийг сөрж тэмцэнэ.

Гурав, Далд эдийн засгийг ил тод болгох нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх гэсэн зорилтынхоо хүрээнд бизнес эрхлэгчид, хувь хүмүүсийг гэхээсээ илүү Улаанбаатарыг утаагүй болгох нэрээр ард түмний мөнгийг хувьдаа завшиж, хулгай хийсэн "Цэвэр агаар сан"-гийнхан, Дэнзэн мэтийн албан тушаалтнууд, цагаан захтануудыг өршөөх бодлого баримталж байгааг юу гэж ойлгох вэ?. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу бөглөсөн, гадаадад нуун дарагдуулсан хөрөнгөө ил болгосон, оффшор дансаа мэдүүлсэн, бусдын нэр дээрх хөрөнгөө илчилсэн хүмүүст зориулж эдийн засгийг эрчимжүүлэх малгайн дор хууль гаргах гэж байгаа нь шударга ёс мөн үү?. Хамгийн хачирхалтай нь өршөөгдсөн албан тушаалтнуудын тайлан баланс, хөрөнгө орлогын мэдүүлгийг устгахаар заасан нь ард иргэдийнхээ өмнө ил тод байх ардчиллын үнэт зүйл хаана байна вэ. Өршөөгдөж байгаа албан тушаалтнуудын авлига, луйвар, нууц хөрөнгийн талаар мэдээлэхгүй байхыг шаардаж, мэдээлсэн тохиолдолд олон сая төгрөгөөр торгоно гэж заналхийлж байгаа нь хэвлэлийн эрх чөлөөг хориглож, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн явдал боллоо” гэсэн юм.

Одоо УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад асуулт тавьж, хариулт авч байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж