УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шинэчлэлийн засгийн газрын Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын явцын талаар танилцуулга хийлээ. Хуулийн дэгийн дагуу сөрөг хүчний гишүүдээс дараах асуулт, шүүмж өрнүүлсэн байна.
ЭЗЭН 100 хөтөлбөрийн танилцуулгын дэлгэрэнгүйг ЭНД –ээс харна уу.
Тухайлбал гишүүн Б.Бат-Эрдэнэ “Тодорхой ажлуудыг үгүйсгэж байгаа зүйл алга. Бодит амьдрал дээр бараа бүтээгдэхүүний үнэ өсч, валютын ханш нэмэгдсээр байна. Н.Батбаяр сайдыг огцруулах өдөр зориудаар 10 төгрөгөөр бууруулдаг. Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж хэдэн лицензийг хөдөлгөөнд оруулах гэснээс өөр юу байгаа юм” гэсэн бол Ө.Энхтүвшин гишүүн “100 хоног нь наймдугаар сарын дундуур дуусна. Тэр үед нь дүнгээ тавина биз. Хамгийн ихээр санаа зовоож зүйлийн нэг бол вальютын ханш. Хүчин мөхөстлөө гээд орхиж байна уу. 40 хоногийн дотор дахиад 40 төгрөгөөр өсчихлөө, вальютын нөөц багасч буй сурагтай. Зам тавигдаж буйг буруутгахгүй нь гэхдээ бондын хөрөнгөөр барих ёстой юу гэдэг нь өөр асуудал. Мөн чанартай тавих талд анхаарахгүй бол хий дэмий мөнгөний үрлэгэ болох нь” гэв.
Засгийн газрыг төлөөлөн ажлын хэсгийн гишүүн Болд тайлбар өгсөн бөгөөд “Төгрөгийн гадаад вальюттай харьцах ханш оны эхнээс 10 орчим хувиар суларсан байна. Долоо хоногт 0,7 хувиар хэлбэлзэж байна. Өнгөрсөн оныхтой харьцуулбал 19 хувиар суларсан. Гадаад вальютын урсгал суларсан нь ханшийн уналтанд нөлөөлж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэсэн тохиолдолд нийлүүлэлт нэмэгдэж төгрөгийн ханш валютын эсрэг тогтвортой байдалд шилжинэ. Хоёрдугаар хагас нь нэгдүгээр хагастайгаа харьцуулахад ахисан байх хандлага бий. Хөрөнгө оруулалтын урсгалд дорвитой өөрчлөлт гарна гэж найдаж байна. Гэвч гадны хөрөнгө оруулагчдад буй хүлээлтийн байдалд онц өөрчлөлт гарахгүй байна” гэв.
Чуулган үргэлжилж байна.
Б.ЭНХ