Монгол тэр чигтээ хөлбөмбөгөөр амьсгалж, дураараа дургиж явна. Үй олноороо мансууруулах их хөлбөмбөгт автжээ. Улаан фанатуудын орилоон чарлаан их хотыг унтуулахаа болив. Орчны амар тайван хөгшид, хүүхдийн тав тух, нойр амралт түр зуурын ашиг хөөгчдийн их шуналд дарагджээ.
Хөлбөмбөгийн багц гэж байгаад л шар айргаар хотыг угжиж байна. “Гоол” гэсэн орилооноор хотыг цочооно. Энэ бол хөлбөмбөг нэрийн дор хөвж яваа мөсөн уулын өчүүхэн дээд хэсэг нь. Эдийн засгийн хямралд дарагдаад байгаа хүмүүс нэг сар жаргаад, зовлонгоо мартаад яваг л дээ. Үүнд буруу байх нь юу байх билээ?
Дэлхийн шилдэг багуудыг дөрвөн жилд нэг удаа үзэх ганц боломж юм чинь. Гэтэл түүнийг үзнэ гэдэг нь “Имерж медиа” ХХК-ийн хүслийн хэрэг болж байна. Тэдний ЕТV-HD телевизийн суваг аль эрт, нэг жилийн өмнө Олон улсын хөлбөмбөгийн холбоотой “Мэдээлэх эрхийг олгох тухай лицензийн гэрээ” гэдгийг байгуулж гэнэ. Түүнийхээ дагуу /өөрсдийнх хэлснээр/ 20 дахь удаагийн ДАШТ болон түүнтэй холбоотой бүх арга хэмжээг Монголын нутаг дэвсгэрт шууд дамжуулах онцгой эрх авсан юм байх. Онцгой эрх гэдгийнх нь хүрээнд “тэмцээний ёслолын ажиллагаанууд болон бусад арга хэмжээтэй холбоотой дуу, дүрст нэвтрүүлгийг шууд үзүүлэх, нийтэд үзүүлэх, тойм мэдээ, өргөн дэлгэц, кабель интернэт, мобайл (mobile) эрхээр дамжуулах болон ДАШТ-ий албан ёсны тэмдэг (лого), барааны тэмдэг, бэлгэдэл, сурталчилгааг ашиглах, лиценз давхар олгох эрхүүд хамаарч байгаа бөгөөд үүнийг Монгол Улсын бүхий л нутаг дэвсгэрт дангаар эзэмших онцгой эрхтэй цор ганц байгууллага нь ETV-HD телевиз болно” гэнэ дээ. Шууд дамжуулаад байдаг нь сайн хэрэг байлгүй яах вэ. Дуртай газраа том дэлгэцээ тавьчих. Кабель интернэтээ авчих, Барааны дэлгүүрүүдээ нээчих, гадуур зарагдаж байгаа хөлбөмбөгтэй холбоотой бүх барааг хураачих. Давхар лецензийг нь худалд. Төрийн байгууллага, хотын байгууллагуудыг орлочих. Дураараа дуриг. Харин татвараа нуулгүйгээр хураалгачихаарай.
Гэхдээ иймэрхүү онцгой эрхийг “Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулиар хамгаалагдсан бөгөөд эрх эзэмшигчийн зөвшөөрөл авалгүйгээр нэвтрүүлгийг нийтэд зэрэг дамжуулах, бичлэг хийх, тоймлон дамжуулах зэрэг үйлдэл хийхийг хориглоно” гэж “Имерж медиа” ХХК-ийн ЕТV-HD телевиз мэдэгдэж байгаа аж. “Янтгар хатан зарга шүүдэггүй” гэдэг л болж байна даа. Ямар “Алтан загасны эмгэн” биш. Ямар нэгэн телевиз хориг тавьдаг гэж сонсоогүй юм байна. Ямар нэгэн телевиз эрхээ цааш нь давхар худалддаг гэж бас сонсоогүй. Бас их мундаг аа, “Лицензийн гэрээ байгуулан авсан “Онцгой эрх”-ийн бүтээлүүд болох шууд нэвтрүүлэг, тойм мэдээ, давталт, лого, барааны тэмдэг зэрэг нь бүгд л ОУХБХ-ны оюуны өмч бөгөөд эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эдгээрийг ашиглах нь Зохиогчийн эрхийн болон түүнд хамаарагдах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн үйлдэл болохыг анхаарна уу” гэж ETV сануулж, шийтгэнэ гэж заналхийлж байх юм. ETV нэртэй болохоос FIFA л юм гэх гээд байгаа юм уу. Бяр нь амтагдаад чадалтай бол дэлхийн нүд чихийг таглаад өгмөөр байгаа бололтой.
Өөрсдийн албан бичигтээ, дээрх заалтыг зөрчвөл бүгдтэй зарга үүсгэж, шийтгүүлж, торгуулах юм гэнэ. Бас “төлбөрийг нэхэмжилнэ” гэв. Энэ телевизээс айж байхгүй бол болохгүй нь, та минь. Тэдний хоригт Оросын РТР-1, Россия-2 гэсэн хоёр телевиз хамгийн түрүүнд өртөөд монголчуудын хувьд хаагдав. Оросууд манай мундаг ETV-тэй “Цуг нэвтрүүлгийг дамжуулаад байгаа юм” гэнэ. За над мэтийн хэлмэгдэгчийг хэлээд яах вэ. Уул нь миний мэдээлэл авах эрхийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблейн 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 217/А/III/ тогтоолоор Парист батлагдсан Хүний эрхийн түгээмэл Тунхаглалд "Хүн бүхэнд төрөлх заяасан эрх бий", “Хүнийг боол мэт үзэж, харьцах эрх хэнд ч байхгүй” , “Хүн бүр санал бодлоо илэрхийлэх, мэдээлэл өгөх, авах эрхтэй” гэж заачихсан байгаа л даа. Олон улсын хууль дүрмэнд хүний үзэх зүйлийг хаагаад бай гэсэн заалт байхгүй л дээ. Надад ETV “онцгой эрхээ” хэрхэн эдлэх нь падгүй, харин тулгаж, шахаж болохгүй.
Тэд өөрсдийн нийтэд зориулсан анхааруулгадаа, Зохиогчийн эрхийн хууль гэж их л ярьсан байна лээ. Хуулийн нэрийг дурьдаад байвал үйлдэл нь хуулийнх болно гэж бодсон байх. Гэтэл тэр хуулийн 24-р зүйлд Зохиогчийн эрхийг зөрчихгүй нөхцөлүүдэд “22.1.4. нэвтрүүлгийг нэгэн зэрэг дамжуулах” гээд заасан байгаа. Гэхдээ уг хуулиар бол нэвтрүүлгийг “нэгэн зэрэг дамжуулж болох нь” гэж мулгуу би ойлгоод байгаа юм л даа. Мөн тэр хуулийн 24.2.1-т “ашиг олох зорилгогүй байх” гэсэн заалт бий. Үүнтэй тэдний ”Лицензийг давхар олгох” эрх нь аль хир нийцэх бол? Нэг лиценз ямар үнэтэй вэ? ETV “Мэдээлэх эрхийг олгох тухай Лицензийн гэрээ”-гээ ил тод болгон нийтэд танилцуулахгүй бол “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэсэн Хэрэглэгчдийн эрх ашгийн хуулийн заалтын “хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах гүйцэтгэх…” гэдэг нь биелж байгаа юм биш биз дээ?
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 6.1.4-т “Үйл ажиллагаа явуулж байгаа бусад этгээдийг зах зээлээс шахан зайлуулах зорилгоор… тэдгээрт үндэслэлгүй шалгуур үзүүлэлт тогтоох”, мөн 6.1.8-д “Өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгах” гэсэн заалтуудыг ETV үл тоосон ч юм шиг. Араас нь уг хуулийн 5.2-т “Давамгай байдлаа хууль бусаар ашиглах, өрсөлдөгчөө зах зээлд ороход саад учруулах, өрсөлдөөнийг болон хэрэглэгчийг хясан боогдуулахыг ноёрхох үйл ажиллагаанд тооцож, ийм ажиллагаа явуулсан этгээдийг ноёрхогч гэж үзнэ” гэж заасан нь онцгой эрхтэй телевизийг хэлсэн юм уу даа!
Дашрамд дурьдахад, ЕТV-HD телевиз бусдад сануулга өгсөн албан бичгээ өөрсдийгөө эрх ашгийг хамгаалуулдаг “Өмгөөллийн МОНГОЛ ӨМГӨӨЛӨГЧ” гэдэг хууль зүйн фирмээр бичүүлэн тараасан байна лээ.
Нэгэн сувгийн онцгой эрхэнд хясуулсан бусад суваг, хэвлэл сонин яана даа гэж гасалсан Ш.МЯГМАР үүнийг эрхээ хасуулан нүдээ таглуулсандаа хэн нэгний тулгалтгүйгээр уурлан бичив.