Стандарт яагаад чухал вэ?

Хуучирсан мэдээ: 2014.06.20-нд нийтлэгдсэн

Стандарт яагаад чухал вэ?

Улаанбаатар хотын хэмжээнд Авто машины засварын газрууд олон бий. Гэвч тэдгээрт сайн авто засварчин ажиллаж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй аж. Ихэнх нь мэргэжлийн бус. Ажил олгогчид их, дээд сургуульд авто машины засварчны мэргэжлээр суралцдаг залуусаас сонголт хийлээ ч дээрддэггүй. Тэдний онолын мэдлэг сайн боловч ажлын талбарт гарахад авто машиныхаа боолтыг чангалж чадахгүйгээс эхлээд гологддог аж.

Уг нь авто машины сайн завсарчин болчихвол ажил олдохгүйн зовлонгүй. Зөвхөн өнөөдрийн байдлаар нийслэлд 300 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бол  аймгуудынхыг оруулахад 500 мянгад хүрэх аж. Мэргэжлийн байгууллагуудаас гаргасан судалгаагаар ойрын 5 жилд монголчуудын авто машины хэрэглээ буурахгүй. Энэ бол авто машины засварчин хамгийн эрэлттэй мэргэжилд тооцогдох болж буйн нэг жишээ. Гэвч яагаад өнөөдрийг хүртэл дээрх мэргэжлээр чадвартай мэргэжилтэн бэлтгэгдэж ажил олгогч нарын шаардлагыг хангахгүй байна вэ?. Үүнд хариулт өгөх уулзалт ярилцлагыг Монгол Улсын Баруун бүсийн мэргэжлийн боловсрол, сургалтын төслөөс санаачлан Хөдөлмөрийн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг зэрэг газрууд хамтран өнөөдөр “Чингис” зочид буудалд зохион байгууллаа.

“Ажил мэргэжлийн стандартын загварыг хэрэгжүүлэх арга зүй” сэдвийн хүрээнд өрнөсөн энэхүү арга хэмжээнд Хөдөлмөрийн яам, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, нийслэлийн дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс, 50 гаруй томоохон аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

Хөдөлмөрийн зах зээлд өнөөдөр шинэ, шинэ ажлын байр бий болж байгаа ч тэр бүгдийг тодорхойлсон стандартыг хараахан гаргаж чадахгүй байгаа юм байна. Тэгвэл Монгол Улсын Баруун бүсийн мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл нь 2012 оноос эхлэн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Баянхонгор аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулиудад түшиглэн зах зээлд хамгийн эрэлттэй байгаа ажил, мэргэжлийн стандартыг гаргах чиглэлд ажиллажээ.

Тодруулбал, жимс жимсгэнэ, хүнсний ногоо боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч, газар тариалан мал аж ахуй хосолсон фермерч, авто замын засварчин, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч, бетон арматурчин зэрэг зургаан мэргэжлийг онцлон авч стандарт боловсруулсан аж.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуульд түшиглэж, дээрх ажил мэргэжлийн стандартыг боловсруулан гаргаснаараа илүү Монголын хөрсөнд буусан, түүнийг авч ашиглахад илүү амьдралд нийцэх загвар болсон гэдгийг Монгол Улсын Баруун бүсийн мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн орлогч захирал Шён Керли хэллээ.

Мөн “Моннис” ХХК-ийн менежер Ш.Давааням Авто машины завсарчин мэргэжлийн стандартын загвар боловсруулагдаж гарснаар тус салбарт бизнес эрхлэгчдийн хувьд хүний нөөцөө эргэж харах, “Авто засварчин” гэж хэнийг хэлэх, түүний хүлээх үүрэг юу байх, ямар орчинд ажил үйлчилгээ эрхлэх вэ гээд мэргэжлийн асар олон зүйлүүд тодорхой болж, өгснөөрөө чухал ач холбогдолтой гэлээ. Тэрээр Авто машины завсарчин мэргэжлийн стандартын загвар боловсруулахад оролцсон юм байна.

Мөн Жимс, жимсгэнэ, хүнсний ногоо боловсруулах мэргэжлийн стандартын загвар боловсруулах ажлын хэсэгт багтаж ажилласан Жимс, ногоо үйлдвэрлэгчдийн холбооны нарийн бичгийн дарга Ё.Урангэрэл “Хураасан жимс, ногоог яаж боловсруулж бүтээгдэхүүн болгох вэ гэдэг нь Монголд шинэ зүйл. Шинэ ажил мэргэжил гэж тодорхойлж болно. Харин Европ зэрэг орнуудад 200, 300 жилийн түүхтэй.  Төслийн хүрээнд жимс, жимсгэнэ, хүнсний ногоо боловсруулах үйлдвэрлэлтэй холбогдох ажил мэргэжлийн стандартыг гаргаснаараа эл салбарт аж ахуй эрхлэгчдэд загвар болохуйц ач холбогдол дагуулсан стандарт болсон” гэлээ.

Дээрх арга хэмжээнд оролцсон компаниудын төлөөллүүд өөр бусад мэргэжлийг тодорхойлох ажил мэргэжлийн стандарт дахин боловсруулах эсэхийг тодруулж, цаашид төсөл хэрэгжих эсэхэд хариулт авсан юм.

Монгол Улсын Баруун бүсийн мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл нь хоёр жилийн хугацаатай буюу 2012-2014 оныг дуусталх хугацаанд дээр дурдсан зургаан аймгийн хүрээнд хэрэгжихээр төлөвлөгдсөн юм байна.

Г.НАРАН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж