Бразил явсан төлөөлөгчдөө золив

Хуучирсан мэдээ: 2014.06.20-нд нийтлэгдсэн

Бразил явсан төлөөлөгчдөө золив

Хэдэн өдрийн өмнө нийслэлийн ИТХ-ын 16 төлөөлөгч болон Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Аудитын газрын дарга гээд 18 хүний бүрэлдэхүүнтэй томилолтын баг Бразил, Куба улс руу албан томилолтоор явуулах НИТХ-ын дарга Д.Баттулгын тогтоол олон нийтэд ил болж, иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагаар шуугиан тарьсан томилолтод тогтоолд нэр нь дурдагдсан 18 хүний 9 нь албан томилолтондоо яваагүй бол нөгөө 9 нь явсан гэх албан бус мэдээлэл байна. Нийслэлийн МАН-аас тус томилолтод намаас нь нэг ч хүн яваагүй, НИТХ-ын даргын тогтоолд төлөөлөгч нарыг хүчээр шахуу оруулсан тухай мэдээлэл өгөөд байгаа. Гэвч үнэн хэрэгтээ тэдний ярьснаас асуудал эсрэгээрээ болохыг нотолсон тамга, тэмдэгтэй албан бичиг байна. Эхний бичигт НИТХ-ын дахь МАН-ын бүлгээс дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зургаадугаар сард явах томилолтод төлөөлөгч Р.Дагва, Г.Мөнхбаяр, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг нарыг оруулахаар шийдвэрлэлээ гэсэн албан бичгийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад өгч байжээ. Хоёр дахь бичигт томилолтын бүрэлдэхүүнд орохоор нэр хүргүүлсэн Г.Мөнхбаяр, Ц.Сандаг-Очир нар тодорхой шалтгаантай байгаа тул Д.Авирмэд, Г.Ганбаяр, Р.Дагва, Б.Саранчимэг, Г.Төмөрбаатар нарын нэрсийг дахин хүргүүлж байна гэжээ. Харин гурав дахь албан бичгийг тавдугаар сарын 26-ны өдөр хүргүүлсэн бөгөөд уг бичигт төлөөлөгч Р.Дагва хувийн шалтгаанаар явах боломжгүй болсон тул НИТХ дахь МАН-ын ажлын албаны ахлах ажилтан Ж.Батбаясгаланг томилолтын багт оруулах хүсэлтэй байна гэжээ. Нийслэлийн МАН-ын бүлгийн төлөөлөгчид гурвын гурван бичиг явуулж, дуртай нь аргагүй томилолтын бүрэлдэхүүнд оржээ. Томилолтоор явсан гэх есөн төлөөлөгчийн гурав нь нийслэлийн МАН-ынх гэнэ. Харамсалтай нь олон нийтээс үнэлгээ авах гэсэн үү “Манай намаас нэг ч хүн яваагүй ээ” гээд хэлээдэхсэн. Тэр байтугай анхнаасаа энэ томилолтыг эсэргүүцсэн гэсэн шүү. Явсан хүмүүс эргэж ирнэ. Харин намынхаа 3 төлөөлөгчийг золигт гаргаснаа өөрсдөд нь юу гэж тайлбарлахын бол доо……

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж