Тайлантай холбоотой асуулт, хариулт үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2014.06.20-нд нийтлэгдсэн

Тайлантай холбоотой асуулт, хариулт үргэлжилнэ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны гүйцэтгэлийн тайлангийн анхны хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын чуулганы баасан гараг /2014-06-20/-ийн үдээс өмнөх хуралдаан эхэллээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан, Санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад нар тус тус танилцууллаа.

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 2013 онд 11.7 хувьтай гарч, энэхүү өсөлтийн 5.1 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 4.3 нэгж хувийг үйлчилгээний салбар, 2 нэгж хувийг хөдөө аж ахуй эзэлсэн ба барилгын салбарт үзүүлж байгаа төрийн дэмжлэг дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд нөлөө үзүүлжээ. 2013 онд хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 3.3 тэрбум ам, долларын ашигтай, урсгал тэнцэл 3.2 тэрбум ам. долларын алдагдалтай гарч нийт тэнцэл 114.6 сая ам. долларын ашигтай гарсан байна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт уул уурхайн бүтээн байгуулалтын ажил, гол нэрийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх харьцангуй өндөр үнэ, цаг агаарын таатай нөхцөл байдал зэргээс хамаарч 2011 онд 17.5 хувь, 2012 оны эхний хагас жилийн байдлаар 13.1 хувьд хүрсэн өндөр үзүүлэлттэй байсан тул эдийн засгийн энэхүү өсөлтийг цаашид үргэлжлүүлэхээр тооцон 2013 онд 18.5 хувь байхаар төсөөлж, төсвийн орлогын төлөвлөгөөг боловсруулсан байв.

Монгол Улсын эдийн засаг 2013 онд төлөвлөсөн хэмжээнээс 6.8 хувиар буурч 11.7 хувьд хүрсэн нь төсөвт төвлөрүүлэх орлогын албан татвар, дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлого тасрахад гол нөлөө үзүүлжээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2013 оны гүйцэтгэлээр 5,940.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгөөний биелэлт 92.8 хувь буюу 459.5 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Харин 2013 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 2012 оны мөн үетэй харьцуулахад 1,076.9 тэрбум төгрөгөөр буюу 22.1 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй гарсан нь олон жилийн дундаж өсөлттэй ойролцоо байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2013 онд 6,164.7 тэрбум төгрөгт хүрч 90.8 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. Улсын төсвийн зарлагад 5,165.6 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс 4.683.0 тэрбум төгрөгийн зарлага гарч, 90.7 хувийн гүйцэтгэлтэй байна.

2013 онд нэгдсэн төсвийн нийт тэнцлийг -487.1 тэрбум төгрөгөөр төлөвлөж байсан ба эцсийн гүйцэтгэлээр -224.6 тэрбум төгрөг болж дотоодын нийт бүтээгдэхүүний 1.3 хувьтай тэнцэж байна. Хүний хөгжил сангийн төсвийн тэнцэл, орон нутгийн төсөв болон НДС-ийн төсөв нь ашигтай гарчээ.

Улсын төсөвт 2013 онд онцгой албан татварын орлогоор 198.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 209.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөг 105.5 хувиар биелүүлсэн байна.

Өнгөрсөн 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 1,124.3 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр хуульчлагдан батлагдсанаас нийт 787.8 сая төгрөгийн санхүүүжилт хийгдэж төлөвлөгөөний биелэллт 70.1 хувьтай гарсан байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн хэмжээнд авч үзвэл орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтад 370.5 тэрбум, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтад 5.2 тэрбум төгрөг, нийт 1,346.3 тэрбум төгрөгийг олгосон нь хамгийн их хөрөнгө оруулалтын санхүүжилт хийгдсэн он болсон байна.

Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулиар нийт Хүний хөгжил санд 397.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 393.5 тэрбум төгрөг төвлөрч үүнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 325.0 тэрбум төгрөг, ногдол ашгаар 68.3 тэрбум төгрөг төвлөрчээ. Харин Хүний хөгжил сангаас санхүүжүүлсэн нийт зардлын хэмжээ 278.3 тэрбум төгрөг буюу төлөвлөсөн хэмжээнээс 1.6 хувиар бага гарсан байна.

Нийгмийн даатгалын санд төлөвлөснөөс 46.9 тэрбум төгрөг илүү хуримтлуулж, орлогын төлөвлөгөөг 104.8 хувиар давуулан, зарлагыг батлагдсан төсөвт багтаан зарцуулжээ.

Орон нутгийн 2013 оны төсвийн гүйцэтгэлээр нийт орлого 1,901.7 тэрбум төгрөгт хүрч, орлогын бүрдүүлэлт 100.6 хувийн биелэлттэй, нийт зарлага 1,794.1 тэрбум төгрөгт хүрч, 87.2 хувийн гүйцэтгэлтэй гарч, урсгал тэнцэл 613.9 тэрбум төгрөгийн алдагдалтай, нийт тэнцэл 107.5 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Энэ мэт онцлог тоон үзүүлэлтүүд Улсын Их Хурлын гишүүдэд тараасан танилцуулгад дэлгэрэнгүй тусгагджээ.

Дээрх илтгэл, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт тавьж хариулт авав. Арилжааны банкуудад байршуулсан төсвийн байгууллагуудын дансан дахь мөнгөн дүн ямар байгаа, төсвөөс санхүүждэг байгууллагуудын тоо хэд байгаа, төрийн алба хаагчдын орон тоо хэдээр нэмэгдсэн, өмч хувьчлалаар хэр хэмжээний орлого орж ирсэн, 2013 оны төсвийн гүйцэтгэлийн дүнгээр нь албан тушаалтнуудтай хариуцлага тооцох эсэх, “Хүний хөгжил” сангийн хөрөнгөөр бүрдүүлсэн улаан буудай, шатахууны нөөцийн хадгалалт, гүйцэтгэлийн зардлын санхүүгийн тайланг баталгаажуулаагүй, зарим яамд авлагаа барагдуулаагүй, төсвийн зарим байгууллагууд Төрийн сангаас гадна арилжааны банкуудад данстай байдагийн учир шалтгаан юунд байгаа, зарим төслийн зардлын гүйцэтгэл ямар байгаа, иргэдийн банкны хадгаламж нэмэгдэж буйг Сангийн яам хэрхэн ойлгож байгаа, олон улсын байгууллагуудын дэмжлэг авах, тэдэнтэй бодлогоо яаж уялдуулах, төсвийн бодлогын өмнөх алдааг давтахгүй байж чадах эсэхийг тодруулж асуухын хамт валютын ханш тооцдог аргачлал, орон тоо болон валютын ханш, бараа, үйлчилгээний үнэ нэмэгдсэнтэй санал нийлэх, хариуцлага хүлээх зэрэгт Улсын Их Хурлын гишүүд голчлон анхаарч асуултаа тавив.

Улсын Их Хурлын зарим гишүүд аудитын байгууллага нь бие даасан, хараат бус байхын чухлыг тэмдэглэхийн сацуу дүгнэлтээ хамгаалж чадахгүй байгаад шүүмжлэлттэй хандлаа. Мөн гадаад арга хэмжээний зардлаа хэтрүүлсэн төсвийн ерөнхийлөн захирагч нартай хариуцлага тооцох, цаашид төсвийн гүйцэтгэлийн сахилга, хариуцлага, төсвийн төлөвлөлтөд анхаарахыг хүслээ.

Чуулганы үдээс хойшх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны гүйцэтгэлийн тайлантай холбоотой асуулт, хариултыг үргэлжлүүлнэ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж