ГХЯ-дын Консулын зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2014.06.20-нд нийтлэгдсэн

ГХЯ-дын Консулын зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улс, ОХУ-ын ГХЯ-дын консулын XIII зөвлөлдөх уулзалт 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдав.

Тус өдрийн үдээс өмнө хоёр тал “Иргэд харилцан зорчих нөхцлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн тохиролцсон бөгөөд монголын тал “Иргэдийг буцаан авах (реадмисс) тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Иргэдийг буцаан авах (реадмисс) тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх журмыг гүйцэтгэх протокол”-ын төслийг оросын талд хүлээлгэн өгөв.

Уг хэлэлцээг монголын талаас ГХЯ-ны Гэрээ эрх зүйн газрын захирал А.Төмөр, оросын талаас ГХЯ-ны Консулын департаментын орлогч захирал А.Л.Просвиркин нар тус тус тэргүүлэв.

Дээр дурьдсан өдрийн үдээс хойш хоёр тал өмнөх консулын зөвлөлдөх уулзалтын мөрөөр хэрэгжүүлсэн арга хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хоёр талын консулын харилцааг өргөжүүлэх, иргэдийн харилцан зорчих нөхцөлийг сайжруулах, тухайн улсад оршин суугаа болон гэмт хэрэгт холбогдсон иргэдийн талаар мэдээлэл харилцан солилцох, Монгол Улсад оршин суугаа орос иргэдийн даатгалын асуудлыг судлах, консулын төлөөллийг бэхжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцов.

Уг хэлэлцээг монголын талаас ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, оросын талаас ГХЯ-ны Консулын департаментын орлогч захирал А.Л.Просвиркин нар тус тус тэргүүлэв.

Энэ өдөр Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг ОХУ-ын Гадаад харилцааны яамны консулын департаментийн дэд захирал А.Л.Просвиркин  тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг  Монгол Улс, ОХУ-ын ГХЯ-дын консулын XIII зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид хоёр талын хооронд олон жил яригдаж байсан “Иргэд харилцан зорчих нөхцлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Иргэдийг буцаан авах (реадмисс) тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Иргэдийг буцаан авах (реадмисс) тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх журмыг гүйцэтгэх протокол”-ыг байгуулах, хоёр талын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон болно.

Эх сурвалж: mfa.gov.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж