Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас 2014 оны тавдугаар сарын 6-наас эхлэн Хан-Уул дүүргийн 11 хороо буюу Зайсангийн амны барилга байгууламжуудад шалгалт хийснээ өнөөдөр /VI.20/ танилцууллаа. Шалгалтын дүнг танилцуулах ажлын үеэр НМХГ-ын дэд дарга М.Баасандорж дархан цаазат Богд хан уул эмгэнэлтэй байдалд хүрснийг онцоллоо. Богд хан уул нь Монголын анхны дархан цаазат газар төдийгүй дэлхийн шим мандлын сүлжээнд хамарсан учир Тусгай хамгаалалттай газар нутгын тухай хуулийн дагуу зөвшөөрөх үйл ажиллагаа нь хязгаарлагдмал байх ёстой. Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Богд хан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа тэргүүтэй төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас хотын нэг дүүрэг мэт суурьшлын бүс болон хувирчээ гэж НМХГ-аас дүгнэжээ.
НМХГ Зайсангийн аман дахь 31 байгууллагын 235 барилга байгууламжид шалгалт хийсэн байна. Шалгалтаар иргэн, аж ахуй нэгжүүд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, усны тухай хууль зөрчсөн, барилга байгууламж барих зөвшөөрөл аваагүй гэсэн нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.
Зайсангийн ам төрийн тусгай хамгаалалттай газар нутаг тул аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших зөвшөөрөл олгодог байна. Гэтэл аялал жуулчлалын зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүд зориулалтыг өөрчилж, орон сууцны барилга барьчихдаг тогтолцоо бий болсон байна. Мөн Зайсангийн ам орчим төвийн бохир, цэвэр усны шугам сүлжээнд холбогдоогүйгээс аж ахуй нэгж, иргэд нийтдээ 280 гаруй гүний худаг гарган, ашиглаж байна. Ингэж олон худгаар усыг соруулах нь Богд хан уулын байгаль орчин, амьтан, ургамалд сөргөөр нөлөөлөхийг Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар тогтоосон байна.
Өдгөө Зайсанд баригдаж буй барилгууд хоорондоо харилцан уялдаагүй, барилга хоорондын зай зөрчигдсөнөөс орц, гарц хаагдах, гадна тохижилт, ногоон байгууламж, зам, зогсоол хийх боломжгүй болжээ.
НМХГ шалгалтынхаа дараа зөрчил дутагдлыг арилгуулахаар зарим байгууллагуудын цахилгааныг тасалсан гэнэ.
Харин 13 аж ахуй нэгж шалгалтад орохоос зайлсхийж, Мэргэжлийн хяналтын байгууллагад баримт материалаа ирүүлэхээс татгалзсан байна. Үүнд:
- “Мон Ти ар” ХХК-ийн аялагчдын сууц
- “Сайн констракшн” ХХК-ийн орон сууцны барилга
- “Каркас” ХХК
- “Бат аян” ХХК
- “Оюуны зураг” ХХК-ийн орон сууцны барилга
- Иргэн Одсүрэнгийн амралт үйлчилгээний цогцолбор сууцны барилга
- “Эсү” ХХК
- “Рома” ХХК
- “Тэмүүлэнбаатар” ХХК
- “Оюуны ундраа” ХХК-ийн Зайсан аялал жуулчлалын цогцолбор
- Иргэн Одсүрэнгийн амины сууцны барилга
- “Одод групп” ХХК
- “Финанс энд Сервис” ХХК
Б.БИЛЭГ