Элчин сайд Я.Ленарчич тэргүүтэй төлөөлөгчид айлчлав

Хуучирсан мэдээ: 2014.06.19-нд нийтлэгдсэн

Элчин сайд Я.Ленарчич тэргүүтэй төлөөлөгчид айлчлав

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан байгуулал, хүний эрхийн алба /АИХЭА/-ны  тэргүүн, Элчин сайд Янез Ленарчич тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 6 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийв.

Элчин сайд Янез Ленарчич тэргүүтэй төлөөлөгчид тус байгууллагын АИХЭА-ны  Сонгуулийн ажиглагчдын  баг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийг ажигласан  ажлын тайлан, цаашид авах арга хэмжээ, санал санаачилгын талаар уг тайланд дурдсан зөвлөмжтэй холбогдуулан манай улсын төр, засгийн газрын  зарим байгууллага, улс төрийн намууд, иргэний нийгмийн  болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт зохиов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажигласан ЕАБХАБ-ын Ажиглагчдын багийн ахлагч Элчин сайд Одри Гловер, тусгай зөвлөх Бостиян Сирник, Монголын асуудлыг хариуцсан ажилтан Александр Шлик нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид айлчлалын үеэр УИХ-ын дэд дарга М.Энхболдод бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс,  Үндсэн хуулийн цэц, Гадаад харилцааны яам,  Хууль зүйн яам, Улсын дээд шүүх, Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлага, албан  хүмүүстэй уулзаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг ажигласан тус байгууллагын АИХЭА-ны тайланг хүлээлгэн өгч, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. 

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажигласан АИХЭА-ын Сонгуулийн ажиглагчдын багийн ажлын тайлан, зөвлөмжүүдийг  Монгол Улсын улс төрийн намууд, иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулан хэлэлцүүлэг хийв. 

Уг тайлан илтгэлд Монгол Улсын сонгуулийн хууль, эрх зүйн орчинг улам боловсронгуй болгож сайжруулахыг дурдсанаас гадна түүнд тусгагдсан зөвлөмжүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд АИХЭА дэмжлэг туслалцаа үзүүлэх, сургалт, судалгааны ажлуудыг хамтран хэрэгжүүлэх, түүний дотор  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсан ажлын тухай ЕАБХАБ-ын Байнгын зөвлөлийн хуралдаанд мэдээлэх, Улаанбаатар хотноо энэ оны 10 дугаар сард олон улсын хурлыг  хамтран зохион байгуулах саналыг дэвшүүлэв. Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр АИХЭА-ны тэргүүн Элчин сайд Я.Ленарчич Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийг амжилттай зохион байгуулсан Монгол Улсын туршлага бүс нутгийн бусад улс оронд дуурайлал үзүүлсэн талаар дурдаж Монгол Улс тус байгууллагын өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж сонгуулийн ажиглагчийн багийн тайланд тусгагдсан заавар, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг тэмдэглэв.

Эх сурвалж: mfa.gov.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж