Андерграунд кино уралдаанд 33 бүтээл өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2014.06.19-нд нийтлэгдсэн

Андерграунд кино уралдаанд 33 бүтээл өрсөлдөнө

Монголын “Алтан хальс” холбооноос 2013 онд зохион байгуулсан “Монголын андерграунд кино уралдаан”-ы үргэлжлэл болгон “Алтан хальс” олон улсын андерграунд кино наадмыг зохион байгуулахаар зэхжээ.

Тавдугаар сараас эхлэн уг уралдааны зохион байгуулагчид  Монгол уран бүтээлчдийн богино хэмжээний киног долоо хоногийн хугацаатай хүлээн авч дууссан байна. Наадамд 33 бүтээл ирүүлжээ. Энэхүү уралдааныг Бусаны кино наадмын “Шинэ давалгаа” төрлөөс Гранпри шагнал хүртсэн “Алсын удирдлага” киноны ерөнхий найруулагч С.Бямба болон найруулагч Ш.Ихбаяр, зураач Ё.Далх-Очир, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, “Гоодаль” сэтгүүлийн эрхлэгч А.Амармэнд нарын бүрэлдэхүүнтэй шүүгчид шүүн тунгаах аж.

“Алтан хальс олон улсын андерграунд кино наадам” гурван хэсгээс бүрдэнэ. “Албан ёсны толилуулт” хэсэгт  олон улсын шилдэг авангард, бэсрэг кинонуудыг урилгаар, албан ёсны эрхтэйгээр толилуулах бол “Уралдаант” хэсэгт Монголын уран бүтээлчдийн бүтээлүүдийг үзэгчдэд хүргэнэ, “Уралдаант бус” хэсэгт “Алтан хальс” холбооны шинэ залуу уран бүтээлчдийн бүтээлээс үзүүлэх ажээ. Шилдгээр шалгарсан нэг бүтээл “Алтан хальс Гран при” шагнал, нэг сая төгрөг хүртэх юм байна. Түүнчлэн “Шилдэг хүүрнэлт кино”, “Шилдэг хүүрнэлт бус кино”, “Шилдэг анимаци”, “Шилдэг видео клип” гэсэн төрлөөр шагнал гардуулах ажээ.

“Алтан хальс олон улсын андерграунд кино наадам”-ын нээлт 2014 оны зургадугаар сарын 21-нд буюу ирэх бямба гаригт  Соёл урлагийн их сургуулийн “Оюутан театр”-т 11.00 цагаас болно.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж